"Хотын 60 хувь нь ногоон байгууламж, 40 хувь нь барилга байгууламж байхаар хуульчлах ёстой"

A- A A+

Ногоон байгууламж нь хүртээмжтэй, иргэд байгальтайгаа ойр байх нь стрессийг багасгаж, хүний оюун санаа, бие бялдар гээд нийгэмд төрөл бүрийн ашиг тустай болохыг тогтоосон судалгаа олон бий. Энэ жишгээр Улаанбаатар хотод ногоон байгууламжийг нэмэгдүүлж, иргэдийн амарч зугаалах орчныг бий болгох ажлууд үргэлжилсээр байна.

Улаанбаатар хотын томоохон цэцэрлэгт хүрээлэнгүүд

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

-Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн

-Үндэсний соёл, амралтын хүрээлэн

-Мишээл цэцэрлэгт хүрээлэн

-Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн

-Монгол, Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн

-Гүнжийн нуур цэцэрлэгт хүрээлэн

-Чингэлтэй цэцэрлэгт хүрээлэн

-Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу уулын энгэрт барьж буй цэцэрлэгт хүрээлэн гэх мэтчилэн ногоон байгууламж бүхий  цэцэрлэгт хүрээлэнгийн хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдсээр байгаа юм. Тийм учраас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ жил 188 байршлын нийтийн эзэмшилд зөвшөөрөлгүй барьсан байгууламжуудыг буулгаж, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлсэн. Энэ ажил эрчимтэй өрнөж байна. Энэ талаар Хотын дарга хэлэхдээ:

-Дэлхийн томоохон хотуудад ногоон байгууламжийн эзлэх хувь өндөр байдаг. 50:50, 60:40 гэсэн харьцаатай ногоон байгууламжтай хотыг бий болгодог стандартыг тэд мөрддөг. Манай улсын хувьд 70:30 харьцаатай зохицуулалт үйлчилж байснаас болж өнөөдөр Улаанбаатар хотын ногоон байгууламжийн харьцаа, орон зайн төлөвлөлт, иргэдийн ая тух алдагдсаар ирсэн. Тэгэхээр бид хуулийн зохицуулалтаа бий болгох хэрэгтэй байна. Хотын бүтээн байгуулалтын 60 хувь нь ногоон байгууламж, 40 хувь нь барилга байгууламж байхаар хуульчилж, Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх ёстой. Түүнчлэн Үндэсний соёл амралтын хүрээлэн, Туул, Сэлбэ голын сав газруудыг ногоон байгууламж байдлаар нь ашиглах, иргэдэд аюулгүй байхад анхаарч байгаа.

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн тулд зүлэг тарьж ургуулах гэхчлэн ажлуудыг хот хийж байна. Швед Улсын туршлагаар зүлэг   суулган, тарьж ургуулж эхлээд байна. Зүлэг болоод ногоон байгууламжийг тарьж ургуулах нь нарийн мэргэжлийн ажил. Тиймээс мэргэжилтнүүдийн хүчээр модлог, бутлаг ургамал, зүлэг тарьж эхэлсэн. Байгалийн зүлэг нэлээд сийрэг, амархан халцарч мууддаг бол Швед үрээр тарьж буй зүлэг натурал бөгөөд хүний хөлд амархан талхлагддаггүй онцлогтой гэсэн юм.

Иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин бүрдүүлэхээр ажиллаж буй газрын нэг бол Богдхан уулын бэл дэх Дугуй цагаан орчмын бүс. Энэ газрыг “Creative 100” хотыг бүтээлчээр хөгжүүлэх залуусын хөдөлгөөнтэй хамтран тохижуулах юм. Тус хөдөлгөөний залуус долоо хоногийн турш иргэдээс судалгаа, санал авч, түүндээ үндэслэн зураг төслийг гаргажээ. Дархан цаазат газрын угтах хэсэгт харуулын байр, нийтийн ариун цэврийн өрөө, гудамжны хоолоор үйлчлэх боломжтой талбай гээд томоохон тохижилтыг хийх бөгөөд наймдугаар сардаа багтаан дуусгахаар ажиллаж байна.

Нийслэлд ногоон байгууламжийг хүртээмжтэй бий болгох асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.

-Амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж байгуулах ажилд иргэний нийгмийн байгууллагууд хамтарч ажиллах, залуучуудын оролцоо нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Нийслэл амарч, зугаалах орчин бүхий ногоон байгууламжийг бий болгоход иргэний нийгмийн байгууллагууд дэмжиж оролцож байна уу?

-Улаанбаатар хот залуучууд, иргэдийн оролцоог хангасан хот байх ёстой гэж бодож байна. Хотын бүтээн байгуулалтад иргэдийн саналыг авах, залуучууд, иргэдийн оролцоог хангах хүрээнд уралдаан зарлах, хотын гаргасан санаачилгыг иргэдийн саналтай нэгтгэх зэргээр нээлттэй ажиллаж байгаа. Залуучууд их идэвхтэй байна. Жишээлбэл, “Creative 100” гэх залуучуудын хөдөлгөөн Дугуй цагаан орчимд байгальд ээлтэй, байгалийн өөрийнх нь давуу талыг ашиглан, тогтоцтой нь уялдуулан тохижилт хийхээр ажиллаж байгаа юм. Иргэд, залуучууд Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад оролцоод, өөрсдийн хийсэн зүйлийг үзээд, бидний бүтээсэн хот гэж харна шүү дээ. Иймд тэдний оролцоог хангах нь их чухал.

-Энэ жил хашаа, хайс буулгах ажил эрчимтэй үргэлжилж байна. Хашаа, хайс буулгаснаар нийтийн эзэмшил талбай цэлийж, үнэхээр сайхан болж байна. Үзэгдэх орчин гэдэг ямар чухал байсан нь хүмүүсийн сэтгэгдлээс харагдсан. Энэ тал дээр та өөрөө ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Үзэгдэх орчин сайжирч, сайхан тохижуулсан ногоон байгууламж харж байвал хүний сэтгэл санаа ч уужирна. Амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой, олон улсын жишигт нийцсэн ногоон байгууламжтай хот байлгахын төлөө ажиллаж байна. Хотын соёлтой иргэн байх, хотын өнгө үзэмжийг сайжруулах тал дээр иргэд өөрсдөө ч мөн ихэд анхаарч байгаа юм. Явган хүний замыг өргөсгөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд явах боломжтой болгож, стандартад нийцүүлэн засах ажилд хувь нэмэр оруулахын дээр санаачилгаараа хашаа, хайсаа буулган, талбай чөлөөлж өгч байгаа ухамсартай иргэд, аж ахуй нэгж олон байна. Нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх санаачилгыг дэмжиж байгаа тэдгээр хүмүүст талархах ёстой.

Улаанбаатар хот өмнөх алдаагаа засах, цаашид хөгжих бүрэн боломжтой. Энэ боломжийг Улсын Их Хурал, Засгийн Газраас сайтар дэмжиж, эрх зүйн бие даасан байдлаар хангаж өгч байна. Улаанбаатар хот орлого, санхүүгээ төвлөрүүлэн, зарцуулах эрх албажсанаар иргэдийг бухимдуулж буй олон асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх хөрөнгийн эх үүсвэр баталгаажиж, иргэд үүний үр шимийг хүртэх боломжтой болсон. Энэ утгаараа Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль бол иргэдийн ая тухтай байдлыг хангах, бүтээн байгуулалтыг дэмжих тал дээр урьд өмнө нь байгаагүй түүхэн шийдвэр юм. Тиймээс хотын иргэд маань ч мөн бидний ажлыг цаашдаа үргэлжлүүлэн дэмжсээр байхыг хүсэж байна. Иргэдийн зүгээс тохижилт, ногоон байгууламжтай холбоотой олон хүсэлт, санал санаачилга гаргаж байгаа. Үүнийг нийслэлийн зүгээс бүх талаар дэмжинэ.

Жишээлбэл, Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд сүүлийн 63 жил их засвар хийгээгүй байгаа юм билээ. Баяр наадам гурван өдөр л болно, харин иргэд 40,50 жил тэр газарт амьдарна шүү дээ. Иймд зөвхөн Үндэсний их баяр наадамд бэлдэж бус, тэр орчмын иргэдийн ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд их засвар, тохижилт хийж байна гэсэн юм.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар