ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНААС ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ИХ ГАРДАГ ХАР ЦЭГҮҮД ДЭЭР АНХААРАН АЖИЛЛАНА

A- A A+
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНААС ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ИХ ГАРДАГ ХАР ЦЭГҮҮД ДЭЭР АНХААРАН АЖИЛЛАНА
Өнөөдөр ЭМЯ, НЭМҮТ, ГССҮТ-ийн удирдлага, холбогдох албан хаагчид оролцон осол ихээр гардаг автозамын “Хар цэг”-т авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг ярилцлаа. Аялал, зугаалга, амралтын улирал эхэлж буйтай холбоотойгоор иргэд орон нутагт ихээр зорчдог нь зам тээврийн ослыг нэмэгдүүлдэг. Зам тээврийн осол нь үхлийн түвшин өндөр бөгөөд Эрүүл мэндийн статистик судалгаагаар Монгол Улсад зам тээврийн ослын 1000 осол тутамд ногдох үхлийн түвшин 27.4 тохиолдол байна. Өөрөөр хэлбэл 1000 осол тутамд 27.4 нь нас бардаг байна. Мөн Тээврийн цагдаагийн алба, Орон нутгийн хяналтын хэлтсийн 2018 оны судалгаагаар авто замын хар цэгүүдийг тодорхойлсон байна. Үүнд хамгийн их осол гардаг цэгээр Дорноговь аймгийн Айраг ба Даланжаргалан сумын зам, Говь-Сүмбэр  аймгийн Баянтал сумын зам, Дундговь аймгийн Луусын зам, Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Төв аймгийн Лүн ба Баянчандмань сумын зам, Завхан аймгийн Тосонцэнгэл, Дарханы зам, Хөвсгөл аймаг Их Уул сумын замууд ордог байна.
 

 
Эрүүл мэндийн яам болон Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн зүгээс ДЭМБ-ын дэмжлэгээр нийт 200 гаруй сумын эмч нарт цогц сургалт явуулж яаралтай тусламжийн  тоног төхөөрөмжөөр хангаад байна. 2022 онд USAID дэмжлэгээр осол, гэмтлийн тохиолдол ихээр бүртгэгддэг 10 суманд яаралтай тусламжийн чадавхийг сайжруулах төслийг хэрэгжүүлж байна. Мөн эмч болон зорилтот мэргэжлийн албан хаагчдыг ослын үед иргэдэд яаралтай тусламж үзүүлэх талаар чадавхжуулах сургалтыг тогтмол хийнэ. ЭМЯ-ны зүгээс осол ихээр гардаг Хар цэгүүд дээр иргэдэд чиглэсэн анхааруулсан тэмдэглэгээт самбар байрлуулах ба Тээврийн цагдаагийн албатай хамтран хар цэгийн мэдээллийг орон нутгийн зам дээр мэдээлж ажиллахаар төлөвлөж байна.
 

 
Зам тээврийн ослоос сэргийлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн сайдын албан даалгавар гарах бөгөөд аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллах  гэмтлийн эмч нарын тоог нэмэх, эмч дутагдалтай аймгуудад гэмтлийн резидентүүдийг дайчлан ажиллуулах, гэмтлийн тасгуудыг бие даасан тасаг болгон өөрчлөх зэрэг асуудлыг тусгах юм.