ХБНГУ-ын экстрим спортын тамирчин Гиидо Кунзе нь Гиннесийн дээд амжилтыг шинээр тогтоох зорилгоор Монгол орны баруун хязгаараас зүүн хил хүртэл 2600 км замд дугуйн аялал хийхээр төлөвлөсөн билээ. Тэгвэл тэрбээр уг аяллынхаа зургаа дахь өдөртэй золгож буй бөгөөд өдөрт 350-400 км замыг туулсаар өнөөдөр Улаанбаатар хотод ирээд байна.
Экстрим спортын тамирчин Гиидо Кунзе “Том газар нутагтай, цөөн хүн амтай Монгол Улсад анх удаа ирлээ. Монголчууд найрсаг хүмүүс байна. Монгол, Герман хоёр улсын хооронд олон ялгаа бий ч аяллынхаа үеэр хоёр улс юун дээр хамтарч ажиллаж болох талаар их зүйл анзаарч харлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Гиидо Кунзе нь 1965 онд төрсөн бөгөөд 2005 онд автомашины бизнесээ орхин дугуйн экстрим спортоор дэлхийн дээд амжилтыг эвдэхээр шийджээ. Тэрбээр дэлхийн хэд хэдэн дээд амжилтыг эзэмшдэг байна. Тухайлбал,
Австралийн баруун хязгаараас зүүн хязгаар хүртэлх 4200 км замыг хамгийн богино хугацаанд туулсан.
Дэлхийн хамгийн өндөр галт уул болох Чилийн Атакама цөл дэх Ожо де Саладо галт уул хүртэл 6233 метрийн өндөрт дугуйгаар гарсан.
Альпийн нурууг 100 мянган босоо метрийг 14 хоногийн дотор туулсан.
Хятадын Цагаан хэрэм дээр дугуйгаар хамгийн хол зайд явсан зэрэг амжилтын эзэн.