Хүнсний ногооны тариаланчдад 100 мянган төгрөгийн урамшуулал олгож байна

A- A A+
Хүнсний ногооны тариаланчдад 100 мянган төгрөгийн урамшуулал олгож байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ нар Сэлэнгэ аймгийн Шаамар, Ерөө, Жавхлант, Баянгол, Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллаж, тариаланчид, үйлдвэрлэгчидтэй уулзав.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын тариаланч С.Наранцогт хашаандаа 20 орчим жил жимс, жимсгэнэ тарьж байна.  Тэр 1 га орчим талбайд үхрийн нүд, интоор, чацаргана, мойл, нохойн хошуу, алим зэрэг 10 гаруй төрлийн жимс, жимсгэнэ тарьж, жилдээ 3 тонн ургац хураан авдаг. Үхрийн нүдний 8 төрлийн сорт тариалахаас гадна жимсний мод үржүүлж, борлуулдаг гээд аж ахуйгаа хөгжүүлэхэд их хөдөлмөр зарцуулжээ.

Жимсний мод тарьж, ургуулж, ургацаа борлуулахад ямар ч асуудал байхгүй, харин трактор зэрэг тоног төхөөрөмжийг зээл, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох дэмжлэг хэрэгтэй байгааг хэлэв.



Хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, тариаланчдаа дэмжих зорилгоор зах зээлд худалдан борлуулсан, стандартын шаардлага хангасан 10 нэр төрлийн хүнсний ногооны тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг энэ жилээс эхлэн олгохоор болсон.

Хүнсний ногооны тариалан эрхлэгч та бүхэн урамшуулалд хамрагдахын тулд:

Газрын мэдээллийн нэгдсэн системд (egazar.gov.mn) бүртгэлтэй байх

Тариалангийн үйлдвэрлэлийн нэгдсэн системийг (www.plant.mofa.gov.mn) тогтмол хөтөлж гарал үүслийн цахим гэрчилгээ авсан байх

Хүнсний ногооны борлуулалтыг и-баримт (e-barimt.mn) үүсгэн баталгаажуулсан байх хэрэгтэй. Мөн сар бүрийн 10-ны дотор цахим системээр дамжуулан урамшуулал авах хүсэлтээ илгээхийг анхаараарай.

Эх сурвалж: ХХААХҮЯ