АНУ, БНСУ, Япон улсын дээд хэмжээний уулзалт болно

A- A A+
АНУ, БНСУ, Япон улсын дээд хэмжээний уулзалт болно

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль, Зүүн Өмнөд Азид болох уулзалтуудын хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио нартай гурван талын дээд хэмжээний уулзалт хийнэ гэдгээ өчигдөр мэдэгдснийг Ёнхап агентлаг уламжилсан байна.

Тухайлбал, Ерөнхийлөгч Юн Сок Ёль, Зүүн Өмнөд Азид болох дээд хэмжээний уулзалт болон “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад мөн оролцохоо мэдэгдсэн юм.

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль, өнгөрсөн сард тус улсын Итэвон дүүрэгт болсон хэрэг явдалтай холбогдуулан орон даяар эмгэнэн гашуудаж байгаа энэ хүнд цаг үед Зүүн Өмнөд Азид зохион байгуулагдах эдгээр дээд хэмжээний уулзалтад оролцох хэрэгтэй эсэх талаар сайтар тунгаан бодож шийдвэрээ гаргасан гэдгээ илэрхийлсэн байна.

Тодруулбал, дээд хэмжээний уулзалтууд нь тус улсын эдийн засагт чухал ач холбогдолтойг харгалзан үзэж БНСУ-ын хувьд, оролцох байр суурьтай байгаагаа онцлон тэмдэглэжээ. Камбож улсад болох Дээд хэмжээний уулзалтад Зүүн өмнөд Азийн орнуудын холбооны гишүүн орнуудаас гадна Япон, АНУ, Хятад, Орос болон Ази, Номхон далайн бусад улс орноос оролцож байна.

Энэ удаагийн Зүүн Өмнөд Азид болох дээд хэмжээний уулзалтын хүрээнд дэлхийн удирдагчид Умард Солонгос, болон Украины тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэх төлөвтэй байгааг NHK мэдээлжээ. Тус уулзалтын үеэр, дэлхийн удирдагч, төлөөлөгчид Умард Солонгос пуужингийн туршилтаа эрчимжүүлж байгаатай холбогдуулан энэ талаар сэдвийг хөндөхөөр төлөвлөжээ.
 

Нийтэлсэн: Moнголын мэдээ