ЦЕГ: Гацуур шатаасан, цонх хагалсан хоёр иргэнээс мэдүүлэг авсан, саатуулаагүй

A- A A+
ЦЕГ: Гацуур шатаасан, цонх хагалсан хоёр иргэнээс мэдүүлэг авсан, саатуулаагүй

Сүхбаатарын талбайд хоёр өдрийн турш жагсаал, цуглаан боллоо.

Жагсаалын нөхцөл байдал хүндэрсэн тул албадан тараах захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргасан ч хүчингүй болгож хуулийн байгууллага хүч хэрэглэлгүй, иргэд тайван замаар жагсаалаас тарсан.

"Жагсаалаар үзэл бодлоо илэрхийлсний төлөө саатуулсан, баривчилсан нэг ч ажиллагаа явагдаагүй. Харин талбайн гацуур мод шатаасан 1, талбайн цагдаагийн постын цонх хагалсан 1, нийт 2 иргэнээс холбогдох тайлбар, мэдүүлгийг авсан" гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн даргын үүргийг гүйцэтгэгч, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр мэдэгдлээ.

Хүний эрхийн үндэсний комисс, Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран жагсаал, цуглаанд оролцогч нарт өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгч ажиллажээ. Тухайлбал СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст очиж мэдүүлэг өгсөн хоёр иргэнд хуулийн зөвлөгөө өгч, мэдүүлэг өгөх ажиллагаанд оролцож, эд зүйл болон бичиг баримтын хамт гэр бүлийн хүмүүст нь хүлээлгэн өгчээ.