Японд пудель нохойд зориулсан кафе нээгджээ

A- A A+
Японд пудель нохойд зориулсан кафе нээгджээ

Нохойд хайртай хүмүүст зориулсан кафе Японд хэд хэд байдаг. Эдгээр кафед та өөрөө нохойгүй байсан ч очиж бусдын нохойтой тоглож, цагийг өнгөрөөж болно. Харин өнгөрсөн оны аравдугаар сард зөвхөн пудель нохой тэжээгчдэд зориулсан "The ​​Y’s Café" нэртэй кафе нээгджээ. Нохойтой болоод удаагүй шинэхэн эзэд тэнд очиж туршлагатай эздээс зөвлөгөө авах боломжтой.

Айчи мужийн Нагояа хотод байдаг тус кафед нохой эзэн хоёрын амрах, тоглох бүх орон зайг бүрдүүлж өгчээ. Мөн танихгүй хүмүүс хоорондоо яриа өрнүүлж, бие биеэсээ суралцахад тохиромжтой орчинг ч бүрдүүлсэн байна. Мэдээж хайртай нохойтойгоо зураг авхуулах тусгай булан ч бий.

Энэхүү кафе нээгдсэнээр тэжээвэр амьтдыг устгах эс бол тэднийг асрамжийн газарт хүлээлгэн өгдөг байсан асуудал шийдэгдэх юм. Ажил, гэр нь хол байдаг албан хаагчид нохойгоо бүтэн цагаар асарч чаддаггүй тул амьтнаа асрамжийн газарт өгөх, бусдад үрчлүүлэх явдал их байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд цар тахалтай холбоотойгоор албан хаагчид алсын зайнаас ажиллах болсноор нохой тэжээх хүний тоо огцом өсчээ. Энэ хэрээр жижиг пудель нохой ч Японд алдартай болсон байна.

Нохойд зориулсан амттай хоолнууд ч энэ кафед бий. Зарим хоолноос танилцуулбал, ногоотой карри 1050 иен, бин 1300 иен, гамбургер 1320 иен зэрэг үнэтэй байна.