Казах түмний "Наурызын баяр"-т зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан боллоо. Энэхүү барилдаанд Баян-Өлгий аймгийн бөхчүүд зодоглоогүй нь анхаарал татав. Учрыг тодруулбал, тус аймгийн бөхчүүд "Өлгийн хүчтэн" дэвжээний тэргүүн, УИХ-ын гишүүн Т.Аубакирыг тэргүүнийхээ ажлыг тааруу хийж байна гэж сэтгэл дундуур байгаа учир бойкот хийсэн нь энэ аж.
Ийнхүү 128 бөх уран мэх, эр бярыг уралдуулсанаас Увс аймгийн Давст сумын харьяат, улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, улсын харцага Ц.Бямба-Отгон үзүүрлэв.
Их шөвөгт Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын начин О.Түмэн нар шалгарлаа. Харин наймд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын харцага Н.Золбоо, улсын начин Б.Сангисүрэн, Д.Хүдэрбулга нар үлдэв.