“Nio” борлуулалтаа хоёр дахин нэмэгдүүлнэ

A- A A+
“Nio” борлуулалтаа хоёр дахин нэмэгдүүлнэ

БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Nio” энэ онд борлуулалтаа хоёр дахин өсгөж, 250 мянган нэгж автомашин хүргэх зорилтдоо хүрнэ гэж итгэж байгаагаа тус компанийн Гүйцэтгэх захирал Стивен Фэн мэдээллээ.

Шинэ загваруудаа танилцуулж, цэнэглэх, цэнэг хураагуур солих сүлжээгээ өргөжүүлэн, автомат жолоодлогын технологийн хөгжүүлснээр зорилтдоо хүрэх боломжтойг тэрбээр онцолж байна.

2022 онд тус компани нийт 122 мянган нэгж автомашин нийлүүлсэн нь өмнөх оноос 34 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Хэдий тийм боловч БНХАУ-ын цар тахлын хязгаарлалтын улмаас өнгөрсөн онд борлуулалтын зорилтдоо хүрч чадаагүй аж.

“BYD”, “Volkswagen”, “Tesla” зэрэг компаниуд шинэ хэрэглэгчдийг татахаар цахилгаан автомашинуудынхаа үнийг бууруулж эхэлснээр БНХАУ-ын зах зээлд өрсөлдөөн ширүүссэн нь энэ онд “Nio” компанийн хувьд томоохон сорилт болохоор байна.

Компаниуд үнээ бууруулж байгаа нь БНХАУ-д хэтэрхий олон цахилгаан автомашин үйлдвэрлэгч бий болсны дохио гэж “Nio” компанийн Гүйцэтгэх захирал тайлбарлажээ. “Tesla” компанийн эхлүүлсэн үнийн дайнд БНХАУ-ын “Nio” болон “Xpeng” зэрэг жижиг үйлдвэрлэгчид нэгдээд зогсохгүй, “Volkswagen”, “Ford Motor” зэрэг олон улсад танигдсан брэндүүд ч даган орж байгаа юм.