Аутизмыг таниулах дэлхийн өдөр нь Аутизмтай иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах болон олон нийтэд Аутизмыг таниулах зорилготой өдөр бөгөөд жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-нд болдог.
Аутизм гэдэг нь нийгмийн харилцаа болон бусадтай харилцах чадвар, алив өөрчлөлтөд дасан зохицох чадвар сул, давтагдмал зан үйл болон хэт явцуу сонирхлоор илэрдэг насан туршийн эмгэг юм.
Дэлхийн Аутизмыг таниулах өдөр нь анх 2007 онд НҮБ-аас Аутизмтай хүмүүсийг гадуурхах явдлыг зогсоох, тэднийг хүлээн зөвшөөрүүлэх зорилготойгоор санаачлан зохион байгуулагдаж байсан түүхтэй. Дэлхийн Аутизмыг таниулах өдөр нь жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулагддаг ба дэлхийн 45-н улсын 600 гаруй хот, 3000 гаруй олон нийтийн барилга байгууламж, сургууль зэрэг байгууллагууд аутизмтай хүмүүст болон тэдний гэр бүлд хүндэтгэл үзүүлэн барилга байгууламжаа цэнхэр өнгөөр гэрэлтүүлдэг байна.
Мөн Аутизмыг ойлгуулах, хүлээн зөвшөөрүүлэх зорилготой сургалтын болон бусад төрлийн үйл ажиллагаанууд (хандив цуглуулах, алхалт, Light it up Blue гэх мэт) дэлхий даяар сарын турш зохион байгуулагддаг.
Манай улсын хувьд Төрийн ордон, дуурийн театр, драмын театр, СТӨ гэх зэрэг газруудын байгууламжийн гаднах орчинг цэнхэр өнгөөр гэрэлтүүлдэг билээ.
Эх сурвалж: Монголын Аутизмын холбоо, Аутизм Монгол ТББ