Латин Америкаас зэр зэвсэг, хар тамхи оруулж ирдэг Италийн Ндрагета мафийн гишүүдийг баривчлах ажиллагаа өчигдөр Европ даяар зохион байгуулагджээ.
“Өнөөдрийн арга хэмжээ нь Италийн зохион байгуулалттай гэмт хэргийн бүлгийн эсрэг явуулсан манай томоохон ажиллагаануудын нэг байлаа. Үүний үр дүнд Ндрагета бүлэг ноцтой хохирол амссан гэж үзэж байна” гэж Германы дотоод хэргийн сайд Нэнси Файзер мэдэгдсэн байна.
Ажиллагаанд Германаас гадна Итали, Бельги, Португал, Испани, Словени, Румын, Бразил, Панамын хууль хүчний байгууллагууд оролцсоныг Европол агентлаг мэдээлжээ.
Илрүүлсэн мафийн сүлжээ нь Өмнөд Америкийн орнуудаас Европ болон Австралид хууль бус бараа нэвтрүүлдэг байсан гэнэ.
Тэд төлбөр тооцоогоо хийхдээ Итали болон Колумб дахь Хятадын мөнгө гуйвуулгын сүлжээг ашигладаг байжээ.
Мафийнхан энэ наймаанаас олсон орлогоо ресторан, зайрмагийн дэлгүүр, автомашин угаалгын газар зэрэг үйлчилгээний байгууллагуудаар дамжуулан “угаадаг” байсан байна.
“Ндрагета бүлгийнхэн бас Пакистанаас Өмнөд Америк руу зэвсэг тээвэрлэж, Бразилын PCC (Primeiro Comando da Capital) гэмт хэргийн бүлэгтэй кокаинаар солилцдог байжээ” гэж Европолын мэдэгдэлд өгүүлжээ.
Италийн өмнөд бүсийн Калабриа мужаас гаралтай Ндрагета сүүлийн жилүүдэд Коза Ностраг гүйцэж, тус улсын хамгийн том мафийн байгууллага болоод байгаа.
Мөн дэлхийн хамгийн том гэмт хэргийн бүлгүүдийн нэгд тооцогддог болсон юм.
2019 онд эхлүүлсэн “Operation Eureka” мөрдөх ажиллагааны үр дүнд Итали, Герман, Португал, Францаас нийт 25 сая еврогийн үнэ бүхий мафийн хөрөнгийг хураажээ.
Өчигдрийн ажиллагааны үеэр Итали болон Европын бусад орнуудаас нийтдээ 108 хүнийг баривчилсан тухай Италийн Калабриа мужийн цагдаагийн газар мэдээлсэн байна. Тухайлбал Италиас 53, Германаас 24, Бельгиэс 13 хүнийг тус тус баривчилжээ.
Эх сурвалж: Reuters