Сүүлийн жилүүдэд Монгол Улсад цахим спорт үсрэнгүй хөгжиж, Алтан тэвшийн хөндийгөөс тив дэлхийд амжилт үзүүлж буй залуус олноор төрөн гарах болов. Ердөө хэдхэн жилийн өмнө нийгэм сөргөөр хүлээж авдаг байсан "PC" өдгөөр тэрбум, тэрбум ам.доллар эргэлдсэн спортын нэг төрөл болж хөгжжээ.
Парис хотноо 1.25 сая ам.долларын шагналын сантай "CS:GO"-ийн сүүлийн Мэйжор тэмцээн өнөөдөр/2023.05.08/ эхлэх бөгөөд үүнд Ази тивийг төлөөлөн Монголын "The Mongolz" баг өрсөлдөх гэж байна. Тэдний эхний учраа нь дэлхийн шилдэг "G2 Esports" баг. Дэлгэцээр л харж, бичлэгийг нь үзэж өссөн алдартай тамирчдынхаа эсрэг таван монгол залуу хүч үзнэ. Үүнээс л харахад Монголын цахим спортын тэр дундаа "CS:GO"-ийн хөгжил шар тивдээ цойлж, Европ, Америктай өрсөлдөхүйц хэмжээнд очжээ.
Тэгвэл "The Mongolz"-ийн амжилтыг давтах, ахиулах хүсэлтэй монгол багууд ганц нэгээр тогтохгүй ээлжээ хүлээж байна. Тэдний нэг нь "Clutch Gaming". Байгуулагдаад ердөө хоёр жил болсон ч хэдийнэ Азидаа нэрээ тахалсан тэдний ойрын зорилго нь Мэйжорт оролцох. Үүнийхээ төлөө ч шаргуу бэлдэж байна. Саяхан "IESF"-ийн Монголын хаалттай сонгон шалгаруулалтын финалд "The Mongolz"-д харамсалтай хожигдсон тэдний “Bootcamp” буюу бэлтгэлийн баазаар зочилсон юм.
Зочны том өрөөндөө таван компьютер зэрэгцүүлэн суурилуулж, мэргэжлийн тамирчдад хэрэгтэй бүхий л техник, эд материалаар хангажээ. Тэдний ардхан тус багийн дасгалжуулагч “PMK” буюу Ж.Тэмүүжиний компьютер байрлана. Тамирчид багийн бэлтгэлээс бусад цагт хувийн бэлтгэлээ хангаж, өмнөх тоглолтуудынхаа бичлэгийг ухраан үзэж, анализ хийх аж.
Ингэж багаараа хамтдаа байрласнаар тоглогчид хоорондын ойлголцол, итгэлцэл сайжирч, амжилт үзүүлэхэд нэг алхам ойртдог гэнэ.
Дасгалжуулагч, менежер Ж.Тэмүүжин буюу PMK багийнхаа талаар "Манай баг байгуулагдаад хоёр жил болж байна. Сүүлийн зургаан сарын хугацаанд эрчимтэй үйл ажиллагаа явуулж, бүрэлдэхүүнээ өөрчлөөд хоёр сар болжээ. Багаараа хамт амьдарна гэдэг үр дүнтэй. "Bootcamp"-д ороод нэг жилийн хугацаа өнгөрч байна. Гэхдээ дунд нь бүрэлдэхүүндээ өөрчлөлтүүдийг хийсэн. Яг одоогийн бүрэлдэхүүнээрээ хоёр сар л болж байна" гэж ярив.
"Монгол багуудын өрсөлдөөн чангарсан. Азийн өрсөлдөөн гэвэл Монголын л өрсөлдөөн болсон. Дотоодын багуудаа ялж байж л дэлхийн тавцан руу гарна"
Түүнээс багийнх нь зорилго, ирэх тэмцээний талаар асуухад "Тоглоом маань шинэчлэгдэж байгаа учир "CS:GO"-ийн тэмцээнүүд дуусч байна. "ESL Challenger"-ийн хэсгийн шатаа тэргүүлсэн. Дараагийн тоглолтуудаа хүлээж байна. Шинэ хувилбар гараад л дараагийн тэмцээнүүддээ бэлдэнэ дээ. Зорилго гэвэл бүх багуудын адил Мэйжорт оролцох, Мэйжорын аварга болох. Тэр зорилгынхоо төлөө л тууштай бэлдэж байна. "Counter Strike"-ийн шинэчлэл том тэсрэлт болох байх. Багуудын тактик, тамирчдын ур чадвар, харилцааг шаардсан шинэчлэл болно гэж харж байгаа" гэлээ.
"Clutch Gaming" багийн бүрэлдэхүүн:
- Ж.Тэмүүжин /PMK/ – Дасгалжуулагч, менежер
- Х.Мөнх-Ундрах /IZR/ – Rifler
- Б.Тэмүүлэн /MiQ/ – Entry fragger
- Ж.Гэрэлт-Од /Clouden/ – Rifler
- Б.Өсөхбаяр /910/ – Awper
- Н.Ууганбаяр /NEUZ/ – IGL
"Clutch Gaming" багийн анхны гишүүдийн нэг бол Х.Мөнх-Ундрах буюу IZR. Өдгөө 24 настай тэрбээр 2020 оны зун баг анх байгуулагдахаас өдийг хүртэл хүчин зүтгэж байна. Түүний хувьд "CS:GO" тоглоод долоон жил болж байгаа бөгөөд найзуудтайгаа тоглож эхлээд л үүнд татагдсан гэнэ. Энэ талаараа Х.Мөнх-Ундрах "Найзуудтайгаа тоглож эхлээд л хүмүүстэй өрсөлдөх нь гоё санагдсан. Анхны баг гэвэл 2017 онд "khARUM" гэдэг нэртэй багт орж байсан. Түүнээс хойш тасралтгүй тоглож байна" гэв.
"2016 онд Азийн аварга болж байсан "The Mongolz"-ийн тамирчдыг л хүндэлж явдаг даа"
Багийнх нь нэг өдөр хэрхэн өнгөрдөг талаар асуухад тэрбээр "Бид 10.00-11.00 цагийн хооронд сэрээд 12.00 цагт компьютерийнхоо ард сууна. 12.00-15.00 цагийн хооронд цайгаа ууна. Тэгээд хувийн бэлтгэлээ хийн 15.00 цагт багийн бэлтгэлдээ ордог. 17.00-19.00 цагийн хооронд амарч, хоол иднэ. Эцэст нь 19.00-21.00 цагийн хооронд дараагийн багийн бэлтгэлээ хийж, дуусч байгаа" гэлээ.
Мэдээж тэдний хамгийн ойрын зорилго нь Мэйжорт орох.
Х.Мөнх-Ундрахын хувьд шантрах тохиолдол цөөнгүй байсан ч давж чаджээ. Түүний хэлснээр "Хожигдсоны дараа шантардаг. Түүнийг даван туулах нь чухал юм уу даа. Манай гэрийнхэн, аав, ээж, эмээ, дүү намайг маш их дэмждэг" гэнэ.
Харин олон тэмцээнд оролцож, хал үзэж, халуун чулуу атгаж явсан тамирчин гэвэл Н.Ууганбаяр буюу NEUZ-ийг нэрлэж болно. "The Mongolz", "2990 Esports", "AUGUST", "Mazaalai", "TIGER", "Team Renewal" зэрэг Монголын топ багуудад харьяалагдаж байсан тэрбээр энэ оны гуравдугаар сараас эхлэн "Clutch Gaming" багт элсчээ. Энэ жил 24 нас хүрэх түүний тухайд "CS:GO" тоглоод найман жил болж байгаа бөгөөд энэ хугацаандаа нийт 15,224 ам.долларыг тэмцээн уралдаанаас олсон гэж "Liquipedia" мэдээлжээ.
Н.Ууганбаяр цахим спорттой холбогдсон дурсамжаа ярихдаа "Багаасаа л компьютерт сонирхолтой байсан. Багадаа эмээгийндээ очиход ах маань зөөврийн компьютер авчихсан байсан. Тэр үед л "counter" тоглохыг нь хажууд нь харж, яаж тоглодгийг нь сурсан. Хамгийн анх "AZ Gaming" багтай долоо хоног болгон болдог байсан Монголдоо томоохон тэмцээнд оролцож байлаа. Өндөр амжилт үзүүлээгүй. Дөрөвдүгээр байрт орж байсан санагдаж байна. Харин хамгийн мартагдашгүй тэмцээн гэвэл Шанхайд болсон лангийн "eXTREMESLAND". Мөн "Intel Extreme Masters"-ийн "Showmatch"-д тоглож байсан юм. Бас Азийн "DreamHack"-д түрүүлж, Европд онлайнаар тэмцээнд орж байсан. Энэ хэд л мартагдашгүй тэмцээнүүд дээ" гэлээ.
"Цахим спорттой холбогдоогүй байсан бол ямар ч байсан компьютертой ойр байх байсан биз. График дизайнер ч юм уу, программист ч юм уу болох байлаа"
Бидний мэдэх "CS:GO"-ийн эрин үе удахгүй дуусгавар болно. Түүний халааг "CS2" залгамжлан дараагийн арван жил цахим спортын салбарт томоохон байр суурь эзэлнэ. Шинэ хувилбарын талаар Н.Ууганбаяр "Одоо бид нарын тоглодог тоглоомын дараагийн хувилбар гарч ирж байгаа учир тэмцээн уралдаан хомс байна. Тэгэхээр зорилго бол шинэ хувилбарынхаа дараагийн Мэйжорт л орох төлөвлөгөөтэй байна. Шинэ хувилбар илүү амьд болсон санагдсан. Хэн нь илүү сэргэлэн байсан нь давуу талтай. Дутагдаж байгаа гэвэл буудалтууд болон бууны чимээ өөрчлөгдсөн байсан. Суурь ухагдахуун нь байгаа ч гэсэн техник талаас нь шинээр сурах хэрэгтэй болчихлоо" гэсэн юм.
Түүнээс "CS:GO"-д сонирхолтой хүүхэд залуустаа юу гэж зөвлөгөө өгөх вэ гэхэд "Сайн анализ хийх хэрэгтэй. Хүн бүр тоглож байгаа. Өөрийнхөө юу сайн, юу мууг судалж, дүгнэлт хийх нь зөв байх. Тэгэхгүй бол бичлэг дуурайгаад байвал өөрийнхөө сул талыг олж харж чадахгүй биз" гэв.
Н.Ууганбаяр чухал тоглолтуудынхаа өмнө нойр сайн авч, сэтгэл зүйгээ тогтвортой, хэвийн байлгах гэж хичээдэг гэнэ. Мөн тоглолтын өмнө нэг аяга кофе уудаг ууж, чөлөөт гарвал аль болох гадуур алхах дуртай аж. Долоон хоногийн таван өдөр компьютерийн ард суудаг түүнд гадуур алхвал сонирхолтой, хэрэгтэй байдаг.
"Хааяа нэг ном шагайна, зураг дарна, дуу сонсоно"
"Clutch Gaming"-ийн дараагийн тоглолт маргааш Монголын "Eruption"-ийн эсрэг болно.