Б.Чинзориг, Б.Мишээлт нар өнөөдөр мөнгөн медалийн төлөө тулалдана

A- A A+
Б.Чинзориг, Б.Мишээлт нар өнөөдөр мөнгөн медалийн төлөө тулалдана

Cонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотноо болж байна. Тэмцээнд өнөөдөр Б.Чинзориг мөнгөн медалийн төлөө Тажикстаны боксчин, Ази тивийн аварга Б.Усмоновтой хүч үзэх бол Б.Мишээлт Узбекистаны тамирчин Асадхужа Муйдинхужаевтай өрсөлдөнө.

ДАШТ-ий 67 кг-ын жинд ОУХМ Б.Мишээлт Венесуэлийн тамирчин Палацио Кристианыг хожсноор хүрэл медалийн болзол хангасан юм. Тодруулбал, Б.Мишээлт эхний үед 5:0 харьцаатай хожигдсон ч хоёрдугаар үед илүүрхэж, Венесуэлийн тамирчны хөмсөг задарсан тул шүүгчид тулааныг зогсоож, ялалтыг манай тамирчинд өгсөн юм.

Харин 63.5 кг-д Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Б.Чинзориг Австралийн М.Маклериг 5:0, Камеруны М.Оумароуг 5:0, Конгогийн Ф.Мулумбаг 5:0-ээр ялж, оноо алдалгүй медалийн төлөөх тулаанд шалгаран үлдсэн. Шөвгийн наймд олимпын гурван хүрэл медальтай, дэлхийн гурван удаагийн аварга, Панамерикийн гурван удаагийн аварга тамирчин Кубын алдарт Ласаро Альварестай гар зөрүүлж, 4:1 харьцаатай буулгаж авсан билээ.

Сонирхуулахад, Монголын боксын эрэгтэй шигшээ баг 14 жилийн дараа дэлхийн хос медальтантай болж байна.