УИХ-ын гишүүн П.Анужин Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчдийн цалингаа нэмүүлэх шаардлагыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Соёлын салбарынхныг нилээд сайн гадарлана аа. Хамт ажиллаж байлаа, зохиолчдын галд өслөө, соёлынхонтой ер нь ойр л доо. Тэд урлагийн өгөгдөлтэйдээ, урлагт зориулагдсандаа энэ салбартаа их үнэнч байдаг. Мэргэжлийн уран бүтээлчид бүтээлээрээ өвчилж, ахуй амжиргаагаа ч хаячихдаг улс. Их гэгээтэй хүмүүс шүү дээ.
Улс орон гэгээрэл, соёлгүй бол мөхнө. Нийгмийн эв нэгдэл, соён гэгээрэл, яруу тансагийг нуруундаа үүрдэг Соёлын салбарынхнаа дэмжиж байна” гэж нүүр номын хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид цалингаа нэмүүлэх шаардлага тавин өнөөдөр /2023.05.17/ Соёлын яамны гадаа жагсч буй.
Уран бүтээлчдийн зүгээс “Тайзны арын албаныхан буюу машинист, гэрэлтүүлэгч нар 366 мянган төгрөгийн цалин л гар дээрээ авдаг. Маш хүнд хөдөлмөр. Энэ мөнгөө банкинд тушаачихсан. Бид их зүйл хүсээгүй, цалингаа дундаж цалинд хүргэхийг хүсч байна. Уран бүтээлчдийн олонх нь 568 мянган төгрөгийн цалин авдаг. Хөгжим бүжгийн коллежид 7 настайгаасаа эхлэн суралцсаар 16, 17 жил шатлан суралцаад урлагийн байгууллагын босгоор алхаад ороод ирэхэд 766 мянган төгрөгийн цалин угтдаг болохоор залуучууд ирэхгүй байна. Бүх театр чуулгууд хөг дутуу л дуугарч байгаа” гэсэн юм.