Ардын нам Засгийн эрх барьснаас хойш бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах төсөл нам зогсч, дундаж давхаргынхан ч ипотекийн зээлд хамрагдан байртай болох боломж хумигдсаар…
Үндэсний статистикийн хорооны мэдээгээр орон сууцны үнэ энэ оны дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 9.9 хувь, өмнөх сарынхаас 0.2 хувиар өсчээ.
Тодруулбал, Улаанбаатар хотын хэмжээнд шинэ орон сууцны 1 м2 талбайн дундаж үнэ 3.53 сая төгрөг байна. Байршлаар нь сонирхуулбал, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу шинэ орон сууцны 1м2 талбайн үнэ 3.84 сая төгрөгийн үнэтэй. Харин хуучин орон сууцны 1м2 талбайн дундаж үнэ 3.34 сая төгрөг бол Чингэлтэй дүүрэгт хамгийн их буюу 4.17 сая төгрөг байна. Энэ бол дундаж ханш. 1 м2 нь 6 -7 сая төгрөгийн үнэтэй орон сууцууд ч бий.
Харин иргэдийн хувьд 1м2 нь 3.5 сая төгрөгийн үнэтэй 50 м2 талбайтай орон сууцанд орохын тулд ипотекийн зээлд хамрагдая гэхэд урьдчилгаа 30 хувьд 58 сая төгрөг төлөх шаардлагатай болж буй. Ийм хэмжээний урьдчилгаа гарган, ипотекийн зээлд хамрагдах чадвартай дундаж давхарга ч багасчээ. Өөрөөр хэлбэл, цалингаараа байртай болох монголчуудын хүсэл мөрөөдөл болж хувирч байна гэж хэлж болно.
Уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тэргүүн болсныхоо дараа зорилтот бүлгийнхнийг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдэж байлаа. Ингэхдээ эхлээд “Залуус-1, 2, 3” орон сууцны хорооллыг барьж байгуулан, залуу гэр бүлийг дэмжинэ гэдгээ зарласан ч өнөөдөр нэг ч залуу гэр бүлд зориулсан орон сууц ашиглалтад орсонгүй.
Гэтэл муу нэр луу данстай Ардчилсан нам 2012-2016 онд Засгийн эрх барих үедээ Яармагийн дэнжид 1м2 нь 980 мянга, 1.2 сая төгрөгийн үнэтэй орон сууцыг барьж, орлого багатай иргэдээ хамруулж байв.
Орлого багатай иргэд гэдэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, тогтвор суурьшилтай ажилласан багш, эмч нарыг хямд үнэтэй орон сууцанд оруулах бодлого барьж ажилласнаар 5000 орчим иргэнийг хамруулж чадсан.
Ердөө дөрвөн жил Засгийн эрх барих хугацаанд зөвхөн “Буянт-Ухаа-1”, “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллууд сүндэрлэн босч, зорилтот бүлгийнхнээ хамруулсан юм. Ингэхдээ нэг хэсгийг ипотекийн зээлд хамруулж орон сууцжуулсан бол нөгөө хэсгийг түрээсэнд хамруулж байв. Зуун айлд ч мөн “Хангай” орон сууцны хорооллыг барьж байгуулан, зорилтот бүлгийнхнээ орон сууцжуулсан.
Гэтэл МАН 2016 оноос хойш Засгийн эрх барихад зорилтот бүлгийнхнийг орон сууцжуулах ажил нам зогсч, харин барилгын бизнестэй улстөрчид нь өндөр үнэтэй орон сууцыг хороолол хорооллоор нь барьж байгуулан, ашиглалтад оруулж, хэтэвчээ зузаалав. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нарын хамаарал бүхий компаниуд Улаанбаатар хотын аль ашигтай гэсэн газарт орон сууц сүндэрлүүлэн босгосоор… Зарим нэг барилга нь зөвшөөрөл авалгүйгээр баригдсан тухай хэл ам таталж буй ч удахгүй ашиглалтад орох биз.
Уг нь Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн гуравдугаар сард зөвшөөрөлгүй газарт барилга барьсан компанид хариуцлага тооцох болно” гэж мэдэгдсэн ч одоогоор сайд Б.Чойжилсүрэнгийн зөвшөөрөлгүй барилга баригдсаар л буй.
Гэр хорооллыг дахин төлөвлөх хүрээнд иргэд газраа байраар солих сонирхол байгаа ч мөн л энэ ажил далайцтай явсангүй.
Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар энэ талаар “Гэр хорооллыг дахин төлөвлөх хүрээнд дэд бүтцийн шугамд зориулж төрөөс 600 тэрбум төгрөг зарцуулсан ч түүнийгээ ашиглаж чадахгүй, амь оруулж чадахгүй байгаа” тухай халаглаж сууна. Ядаж гэр хорооллыг барилгажуулах ажил нь эрчимтэй явбал агаар, хөрсний бохирдлоо бууруулах боломж бий. Гэвч долоон жил болоход нийслэлийн гэр хороолол нь өнөөх л бахь байдгаараа өвөлдөө утаандаа, зундаа хөрсний бохирдолдоо “живсээр” өвчний ч үүр уурхай болцгоов.
Харин эрх баригчид бүрэн эрхийн хугацаа нь дуусахад ердөө нэг жил үлдэх үед сая нэг гэр хорооллын асуудалд анхаарахаар болов уу гэлтэй Гэр хорооллын сэргэлтийн Үндэсний хороог байгууллаа. Гэвч энэ хороо гэр хорооллыг агаар, хөрсний бохирдлоос нь бууруулах ажлыг хийхэд УИХ, Засгийн газар, нийслэлтэй хамтарч ажиллаж, бодлогоо зангидан ажиллаж чадах уу гэдэг нь эргэлзээ дагуулсаар…
Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнг энэ чиглэлээр ажил хийх нь үү гэтэл бас л хөдлөх шинжгүй нь. Сайд нь солигдож, дарга нар нь өөрчлөгдөхийн хэрээр зорилтот бүлгийнхнийг орон сууцжуулах бодлого хаягдаж, эцэстээ шинэ хот байгуулах тухай л ярьцгаадаг болов. Хаяандаа байгаа гэр хорооллын асуудлаа шийдэж чадаагүй улс шинэ хот байгуулж чадах уу. Саваагүй нохой саранд хуцна гээчийн үлгэр л болж байна даа.