Ээжүүдийн төлөөлөл хүүхдийн мөнгийг ялгаварлахгүй олгохыг шаардаж ХНХ-ын сайд Х.Булгантуяад шаардлага хүргүүлж буй талаар мэдээлэл /2023.05.18/ хийж байна.
Иргэн Я.Отгонцэцэг “Би зохих журмын дагуу хороон дээр очиж тодруулж асуусан. Би 11-11 төв рүү байнга ханддаг. Би ипотекийн зээлтэй. Энэ зээлд үндэслэж намайг зээлээс хассан. Өнөөдрийг хүртэл хөөцөлдөхөд ямар ч хариу өгөөгүй байна. Би яам руу орж үзээгүй. Би охинтой хоёулаа амьдардаг. Ядахдаа сургалтын төлбөрт нэмэртэй” гэлээ.
"Ээжүүдийн төлөөлөл" фэйсбүүк группийг админ А.Дөлгөөн:
-Би зургаа дахь удаагаа яаман дээр ирж байна. Бүх яамны төлөөлөлтэй уулзсан. Хариуд нь “Бид УИХ-д өргөн барина” гэдэг. Би Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан ч хурал нь шинэ гишүүн томилогдсонтой холбоотой тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Эгэл жирийн ажил хийдэг залуусын хүүхдийн мөнгийг хассан байна. Зөвхөн хөрөнгө орлогыг үндэслээд хассан. Тиймээс нийт хүүхдийн мөнгийг олгож өгөх, олгохдоо нөхөж олгох асуудлыг шийдэж өгөөч ээ. Үлдэгдэл 91 хувьд нь ямар хүмүүст өгч байна вэ гэдгийг мэдмээр байна. Ажлын тайланг нь хармаар байна. Өнөөдөр энэ сарын мөнгө орохгүй бол жагсаал цуглаан хийх хүсэлт гаргана. Шаардлагынхаа хариуг заавал авч байж эндээс явна” гэлээ.
Хүүхдийн мөнгөө авч чадаагүй ээжүүдийн төлөөлөл өмнө нь бас /2023.02.09/ мэдээлэл хийж байсан. Тухайн үед иргэн А.Дөлгөөн "Би ээж, хоёр настай охинтойгоо амьдардаг. Хүүхдийн мөнгөн тэтгэмжээс хасагдсан есөн хувьд багтсан ээж байна. Энэ шударга бус асуудалтай санал нийлэхгүй байсан учраас өөртэйгөө ижил асуудал үүссэн ээжүүдтэй нэгдэж, мянгуулаа болсон. "Бид ориловч, төр дүлий" гэдэг үгийг онцолж байна. Монгол Улсын нийт хүн амын 30 гаруй хувийг нь хүүхдүүд эзэлдэг. Эдгээр хүүхдүүдийн асран хамгаалагч, эцэг эхчүүдийн тоог нэмэхээр энэ тоо 50-иас дээш хувийг хол давна. Энэ олон хүнийг төлөөлж, үгээ хэлэхийг хичээж байна. Бид олон нийтийн сүлжээ, хэвлэлээр дамжуулан байр сууриа илэрхийлсэн боловч төрөөс ямар ч арга хэмжээ авахгүй байна. Бид 5000 төгрөг цуглуулж, өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж байна" гэдгийг хэлж байв.