"Twitter"-ийн Гүйцэтгэх захирлаар шинээр томилогдоод буй Линда Яккарино Илон Маскийн алсын хараанд хүрэхээр платформд шинэчлэлд хийхдээ баяртай байгаагаа мэдээллээ.
Ажлаа хүлээн авснаасаа хойших анхны жиргээндээ тэрбээр олон нийтийн сүлжээний компанийг хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргахаа илэрхийлсэн байна. Мөн хэрэглэгчдийн санал сэтгэгдэл платформын ирээдүйд чухал үүрэгтэйг дурджээ.
Линда Яккарино “Twitter”-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдохоос өмнө “NBCUniversal” компанийн дэлхий даяарх зар сурталчилгааг хариуцсан захирлаар ажиллаж байсан аж. Тэрбээр “Twitter”-ийн Технологи хариуцсан захирал болон ТУЗ-ийн даргын албан тушаалыг хашихаар болсон Илон Масктай ойр ажиллах юм байна.
Илон Маск аравдугаар сард “Twitter”-ийг худалдан авснаас хойш нийт ажилтнуудын 75 хувь нь халагдаж эсвэл сайн дураараа ажлаа өгчээ. Ялангуяа зар сурталчилгаа, хамтын ажиллагааны чиглэлийн мэргэжилтнүүдийн дийлэнх нь “Twitter”-ийг орхисон учир Линда Яккарино энэ чиглэлийн ажиллах хүчнийг сэргээх шаардлагатай болж байгаа аж.
Мөн Илон Маскийн контентыг хянах арга хэмжээ болон улс төрийн үзэл баримтлалын улмаас олон компаниуд зар сурталчилгааны гэрээгээ цуцалсан байна. Линда Яккарино “Twitter” платформоос гадна Илон Маскийн шинээр байгуулсан "X" корпорацын Гүйцэтгэх захирлаар ажиллах ажээ.