Америкийн алдарт рок хамтлаг Нирванагийн гоцлол дуучин, үүсгэн байгуулагч Курт Кобейны эвдсэн гитарыг өнгөрсөн амралтын өдрүүдэд Нью-Йоркийн Хард Рок кафед дуудлагаар худалджээ. Дуудлага худалдааг зохион байгуулагчид Fender Stratocasters брэндийн гитарыг тооцоолж байснаасаа 10 дахин их үнээр буюу 600,000 ам.доллараар зарж чадсан байна.
Курт Кобейн өвөрмөц дүр төрх, тоглолтоороо олон сая шүтэн бишрэгчдийг дагуулж байсан ч 1994 онд амиа егүүтгэсэн юм. Тэрээр уг гитарыг 1990-ээд оны эхээр алдарт Nevermind цомгоо бичүүлж байхдаа эвдсэн байна. Гитарыг засварласан ч удалгүй дахин эвдэрч, тоглох боломжгүй болжээ. Уг гитар дээр хамтлагийн гурван гишүүн мөнгөн үзгээр гарын үсгээ үлдээсэн байна. Кобейн карьерынхаа туршид хэд хэдэн Fender Stratocasters брэндийн гитар эвдсэн байдаг ажээ.
Дуудлагаар худалдсан хар өнгийн гитарыг өмнө нь Тони Палмер гэгч эзэмшиж байсан бол шинэ эзэн нь нэрээ нууцалсан байна. Кобейны 1993 онд MTV амьд хөгжмийн тоглолт дээр ашигласан акустик гитар хоёр жилийн өмнө 6 сая ам.доллараар зарагдсан билээ.