Жагсаалд наалдсан “нус”-нууд

A- A A+
Жагсаалд наалдсан “нус”-нууд

Боловсролын зээлийн сан руу эрхтэн дархтнууд гар дүрж, хөнгөлөлт чөлөөлөлт эдэлснийг эсэргүүцсэн иргэд Даваа гаригт /2023.05.22/ Сүхбаатарын талбайд цуглан, үзэл бодлоо илэрхийлж эхэлтэл “Босоо хөх Монгол”-ын П.Шижээравдан, “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Ардчилсан намын гишүүн Б.Цэгмэд нарын “нус”-нууд цовхроод оччихов.  Тэднийг ийн давхиад очихоор үзэл бодлоороо нэгдэн, жагсч байсан жирийн иргэд үргээд явчихаж буй юм. Яагаад гэвэл тэд ашиг хонжоо хараагүй, хүүхэд багачуудаа шударга нийгэмд амьдруулахыг хүсч, эрх баригчдад дуу хоолойгоо хүргэхээр жагссан.

Харамсалтай нь, ард түмнийг төв талбайд цугларангуут ямар нэгэн юмнаас хоцрох нь гэсэн аятай сүгсэлзэж очоод цээжээ дэлддэг жишгээрээ тэд эх орончийн дүрд тоглоцгоов.

Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Сүхбаатарын талбайд хэвтчихсэн ч байх шиг. Бас болоогүй ээ, “Зээлээ төлөөгүй өндөр албан тушаалтнууд, дарга нарт 300 жилийн ял оноох хэрэгтэй” гэхчлэн улс төр хийх. Эрүүл мэндийн сайд байхдаа төсвийн хөрөнгөөр гараа угаасан хэргээр хуулийн байгууллагад шалгуулж явсныг ард түмэн мартаагүй. Гэтэл өөр шиг нь нэр цэвэр улстөрч байхгүй ухааны юм ярих. Хэн итгэх вэ дээ. Ирэх 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших зорилгоор олны анхааралд өртөх, дээр нь шантааж хийж байгаад ямар нэг эрх ашигтай асуудлаа шийдүүлж авах л арга заль л эрэлхийлж яваа шүү дээ. Зайсанд хууль зөрчин барилга барьсан улстөрчийн нэг бол Л.Гүндалай. Гэвч энэ асуудлаар эрх баригч нам түүнд хариуцлага хүлээлгэсэн удаагүй.

Б.Цэгмэдийн хувьд "Арева" компани ундны усанд нэг сая тонн хүхрийн хүчил хийхээр санаархаж байна, Улаанбадрах сумын хүн, мал мутацид орлоо гэхчлэн худал сенсаци дэгдээж, "хоолоо" залгуулж ирсэн нэгэн бол П.Шижээравдан "Босоо хөх Монгол" төрийн бус байгууллагаар дамжуулж, уул уурхайн компаниудыг шантаажилж ирсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Миний хувьд тэмцэгчдийн алинд ч итгэхээ больсон. Улстөрчид эх орончийн дүр эсгэж том төслийг гацаадаг. Тэдгээрээс санхүүждэг бүлэг ч байна. Мэдлэг мэдээлэл дутуу, түүндээ төөрөгддөг хэсэг байна. Бас гаднын байгууллагын санхүүжилттэй хүмүүс бий" гэж мэдэгдэж байв. Үнэндээ бол Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар ч мөн ирэх оны сонгууль бодсон улс төрөө яажшуухан хийх вэ гэдэг арга хайж яваа дүр эсгэсэн эх оронч шүү дээ. Жагсаал, цуглааны сургаар л гараад ирдэг. Ер нь дүр эсгэсэн эх орончдын хувьд төрийн бус байгууллагаар мөнгө олох "шаанс" багасахаар жагсаал цуглаанаар дамжуулж, ашиг хонжоо хайдаг болсон гэх олны үг оргүй биш л болов уу.

Хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин "Мөнгөн дүн дээрээ тохирбол ахыгаа ч худалдаж мэдэх хүн шүү дээ" гэж Ж.Батзанданг хэлж байсан удаатай. Түүн шиг "жагсаалаар мэргэшиж байна" гэхчлэн цээжээ дэлдэх тэдэнд хөлс мөнгө  төлбөл эх орончдийн дүрд сайн тоглох жүжигчид юм.

УИХ-аар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, парламентыг 126 гишүүнтэй болгон өргөжүүлэх асуудал хэлэлцэгдэж эхэлсэн. Хэрэв УИХ энэ асуудлыг хуульчлан баталгаажуулбал 126 гишүүний 76 нь тойргоос, 50 нь намын нэрсийн жагсаалтаар сонгогдоно.

Улстөрчид болоод судлаачдын зүгээс парламентыг өргөжүүлснээр олон намын төлөөлөл УИХ-д орж ирж, Засгийн газарт хяналт тавихаас эхлээд хууль боловсруулах үйл ажиллагаанд ахиц гарч, парламент илүү чадавхитай болно гэдэг асуудлыг тавьж буй. Гэхдээ нөгөө талд Сүхбаатарын талбайд хамгийн их сүгсэлзэж, эх орончийн дүрд тоглосон дэвээ шаваачид сонгогдох вий гэсэн болгоомжлол бий. Тиймээс иргэд сонголтоо хийхдээ хэрсүү хандаж, хуурамч эх орончдыг байранд нь тавих сонголт хийхгүй л бол тусгай сангууд руу тэд ч гараа дүрэхдээ сийхгүй гэдгийг санахад илүүдэхгүй биз.

Тэдэнд мөнгө чухал болохоос эх орон, ард иргэд эх орондоо сайхан амьдрахын тухай асуудал хэдэн зуу дахь асуудал нь шүү дээ.

Жагсаал болгон дээр очиж, эх орончийн дүрд тоглодог “нус”-нуудад хандаж хэлэхэд иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд нь бүүл халд. Органик жагсаал руу орж, олон нийтийн тэмцлийг үнэ хүндгүй болгох алхмыг бүү хийцгээ. Та нартай наргүй нүүрсний хулгайч нартаа хариуцлага тооцуулчихна, Засгийн газрын тусгай сангуудад хяналтаа тавчихна.