“Эрчим хүчний салбарт либералчлал хийснээр үйлдвэржих боломж бүрдэнэ”

A- A A+
“Эрчим хүчний салбарт либералчлал хийснээр үйлдвэржих боломж бүрдэнэ”

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд “Төрийн өмчит компаниудын сэргэлт” чуулган болж байна. Энэ үеэр эрчим хүчний тулгуур уурхай гэгддэг Багануур ХК-ийн  Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргалаас эрчим хүчний тулгамдсан асуудал ирэх онд гал алдахгүй гэх баталгаа бий эсэх талаар тодрууллаа.

-Эрчим хүчний тарифыг төрөөс хүчээр барьдаг. Иймээс ч байнга алдагдалтай ажиллаж байгаа.  Төрөөс үнэ барьж байгаагаас гадна өөр асуудал нөлөөлж байна уу?

-Өнөөдөр аж үйлдвэржилтийн чуулга уулзалт болж, ковидын дараах Монгол Улсын аж үйлдвэржилтийн сэргэлтийн асуудлаар санал солилцож байна.  Түлш эрчим хүчний салбар түрүүлж алхаж, хөгжиж байж үйлдвэржилт хөгжих боломж бий болно. Эрчим хүчний салбарт либералчлалыг шат дараатай ойрын хугацаанд хийх нь чухал байна. Либералчлалыг хийх зөвхөн  нүүрсний уурхайнуудын асуудал биш. Бусад аж үйлдвэр хөгжих үндэс болох юм. Үйлдвэржилтийн гол үндэс нь эрчим хүч. Тиймээс энэ асуудлыг шийдэлгүйгээр цаашаа явахгүй.  Бидний явж ирсэн бодит байдал гэвэл эрчим хүчний тулгуур уурхай эрчим хүчний үнэ,  эрчим хүчний нүүрсний үнийг барьснаар зөвхөн эрчим хүч биш түүний эх үүсвэр болсон уурхайнуудаа дагуулж унагахад хүргэж, хүнд байдалд удаан хугацаанд амьтай төдий явж ирсэн.

Багануурын уурхайн хувьд газар зүйн байрлал, дэд бүтэц, байгаль, нөөцийн олон давуу талтай уурхай. Тиймээс ч эрчим хүчний салбараар дамжуулан эх орондоо 100 хувь эцсийн бүтээгдэхүүн болгон иргэддээ  тэгш хүргэдэг гэдгээрээ онцлог уурхай. Гэтэл өнөөдөр хүний нөөцийн дутагдалд орох бодит эрсдэл бий болсон. Манай компанийн ажилчдын 63 хувь нь 45 хүртэлх насны залуучууд. Түүн дотроо 30 хүртэлх насны 350 уурхайчид байна. Ажилласан жилээр нь харвал 0-10 жил ажилласан уурхайчид 50 хувийг дангаараа бүрдүүлж байгаа нь хүний нөөц, цалин урамшуулал, нийгмийн асуудлыг нь тодорхой хэмжээгээр шийдэж явахгүй бол чадварлаг мэргэжилтэн, уурхайчдаа алдаад дуусах нь.

-Асар их эрчим хүчний нүүрстэй хэр нь бид гадагшаа зөөгөөд л байна.  Загасчны морь усгүй гэдэг шиг л болоод байна уу?

– Уул уурхайн бүтээгдэхүүний 90 орчим хувийг түүхийгээр экспортолдог бол Багануур ХК-ийн нүүрс эрчим хүчний салбараар дамжин дотоодоо 100 хувь эцсийн бүтээгдэхүүн буюу цахилгаан, дулаан, ус болон очдог гэдгээрээ онцлогтой.

-Хэдий тийм ч байнга гаднаас хараат байсаар ирлээ. Энэ хараат байдлаас гарахын тулд юуг нэн түрүүнд хийх шаардлагатай байна?

-Цаашид хүрэн нүүрсний цэвэршүүлсэн технологи нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл үйл ажиллагааг явуулж орчин үеийн дэвшилтэт техникээр хөрөнгө оруулалтаа хийж эдийн засгийн үр өгөөжөө нэмэгдүүлэхийн тулд бид ч ашигт ажиллагаагаа жил ирэх тусам дээшлүүлж ажиллах зорилготой байна

 -Багануурын асуудлыг ярьснаар өвлийг бэлтгэл ажлыг асуухгүй өнгөрч болохгүй нь ирэх өвлийн бэлтгэл ажил ямар төвшинд явна?

-Нийгмийн дийлэнх хэсэг өвлийн бэлтгэлийг намар хангадаг гэж ойлгодог. Манай компанийн хувьд өвлийн оргил ачааллын үеийг давах, өвлийн их ачаалалд бэлтгэх гэсэн үндсэн агуулгатай байдаг. Манай компани 2023-2024 оны өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөгөө өнгөрсөн гуравдугаар сард боловсруулан батлан гаргаж мөрдөж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар өвлийн бэлтгэл ажил 20,8 хувьтай байна.