“Apple” компани 2023 оны эцсээр “iOS17” үйлдлийн системийн шинэчлэлээ хэрэглэгчдэд хүргэнэ
“Apple” компани хуанлийн төлөвлөгөө, цаг агаар, сануулга зэрэг өдөр тутмын мэдээллүүдийг харуулах “iPhone” гар утасныхаа шинэ интерфейсийг танилцуулахаар төлөвлөж байна. “iPhone”-ийг цоожилсон ч хөндлөн хэвтүүлсэн ч “Google”, “Amazon”-ийн гар утаснуудын дэлгэцийн адилаар мэдээллүүд харагдсаар байна гэдгийг ойрын эх сурвалж мэдээллээ. Энэ нь “iPhone” гар утсыг хэрэглээнд илүү ойртуулах зорилготой аж. Тухайлбал: тавиур дээр тавьсан гар утаснаасаа хэрэглэгч олон үйлдэл хийхгүйгээр мэдээллээ харах боломжтой болж байна.
“Apple” компани 2023 оны эцсээр “iOS17” үйлдлийн системийн шинэчлэлээ хэрэглэгчдэд хүргэнэ. Үүнд хэд хэдэн өөрчлөлт орж байгаагийн нэг нь энэхүү ухаалаг дэлгэц аж. Харин зургаадугаар сарын таванд болох Дэлхийн хөгжүүлэгчдийн чуулга уулзалтаар “Apple” энэхүү интерфейсээ виртуал болон өргөтгөсөн бодит байдлын элементүүдийг хослуулсан (VR, AR) төхөөрөмжийнхөө хамтаар танилцуулахаар төлөвлөжээ.
Тус компани мөн бусад төхөөрөмжөө ч ухаалаг гар утасны интерфейстэй болгох арга замыг судалж байна. Тухайлбал: хананд соронзоор тогтоох боломжтой, хямд үнэтэй таблетыг “Apple” хөгжүүлж байгаа юм. Ингэснээр “Apple”-ийн бүтээгдэхүүнүүд албан ёсоор ухаалаг-дэлгэцийн интерфейс рүү шилжиж эхлэхээр байгаа аж. Тэрхүү таблет нь тасалгааны температур, өрөөний гэрлийг удирдаж, мөн видео тоглуулах, “FaceTime”-ийн чат ажиллуулах үйлдлүүдийг хийхээр загварчлагджээ.