2023 оны Нобелийн энх тайвны шагналыг Иран улсад эмэгтэйчүүдийн эрхийг дарангуйлж буй дэглэмийн эсрэг тэмцсэн хүний эрхийн тэмцэгч Наргис Мохаммади хүртсэн.
Тэрбээр одоогоор Ираны шоронд хоригдож байгаа бөгөөд тус улсын засгийн газраас түүнд 31 жилийн хорих ял оноосон юм.
Тэгвэл ням гарагт болсон шагнал гардуулах ёслолын үеэр хүний эрхийн төлөө тэмцэгч бүсгүйн шагналыг хүүхдүүд нь өмнөөс нь гардан авчээ. Тэрбээр шоронгоос илгээсэн захидалдаа “Ираны ард түмэн тууштай байж аливаа хэлмэгдүүлэлт, дарангуйллыг заавал даван туулах болно" хэмээжээ.
Өдгөө 51 настай тэрбээр 2010 оноос хойш “суртал ухуулгыг олон нийтэд түгээсэн” гэх шалтгаанаар хоригдож байгаа юм. Мохаммади 1990-ээд онд их сургуулийн оюутан байхдаа анх хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж эхэлсэн байна.
Тэрбээр их сургуулиа төгсөөд инженерээр ажиллаж байхдаа Ираны зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хүний эрхийг хамгаалах сэдвээр нийтлэл бичдэг байв.
Осло хотын танхимд болсон шагнал гардуулах ёслолын үеэр Мохаммадигийн хүүхдүүд нэг сая ам.доллар бүхий шагналыг нь гардсан авсан. Хүүхдийнх нь дунд хоосон сандал байсан нь түүнд зориулсан суудал аж.
Эх сурвалж: ВВС