Израилын арми Газын зурвасын өмнөд хэсэг буюу Хан Юнис хотоос цэргүүдээ татах шийдвэр гаргаж, палестинчууд гэртээ буцах боломжтой болсон.
Дайн эхлэхээс өмнө 400 мянга орчим иргэн амьдардаг байсан тус хотын нийт барилга байгууламжийн 55 хувь нь сүйджээ.
Сая гаруй палестин иргэн Газын зурвасын өмнөд хэсэгт орших Рафах хотод түр орогнож байгаа бөгөөд Хан Юнис хотоос Израилын цэргүүд гарсны дараа тус хотын оршин суугчид гэртээ харьсан.
Гэхдээ өдгөө тэдний байшин ямар ч амьдрах аргагүй болсон талаар палестинчууд ярьж байна. Зарим нь төрөлх гэр нь ямар байдалтай байгааг харах гэж л ирсэн гэсэн бол зарим нь амьдрах сууц үлдээгүй ч хотдоо үлдэхийг хүсэж буйгаа илэрхийлжээ.
Израилын арми Хамас зэвсэгт бүлэглэлийн удирдагчид Хан Юнис хот руу зугтаж, тэнд үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэж үзсэн тул өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас дайрч эхэлсэн юм.
Израилын Ерөнхий сайд Нетаньяху Хамас бүлэглэлийг бүрэн устгатал дайн дуусахгүй хэмээн мэдэгдсэн. "Үүний тулд Рафах хот руу нэвтэрч, тэнд байгаа террористуудыг устгах шаардлагатай" гэжээ.
Харин АНУ-аас "Энгийн иргэдийг хамгаалах найдвартай төлөвлөгөөгүйгээр Рафах хотод том хэмжээний довтолгоо хийхийг дэмжихгүй" гэдгээ мэдэгдсэн.
Эх сурвалж: ВВС