Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын сургалтад хамрагдлаа

A- A A+
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын сургалтад хамрагдлаа

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Бүгд найрамдах Тажикистан Улсын Хилийн менежментийн коллежийн хилийн менежмент, аюулгүй байдлыг хангах байгууллагуудын удирдах, дунд түвшний албан хаагчдад зориулсан сургалтад Гадаадын иргэн, харьяатын газрын Хойд бүс дэх газрын хяналтын улсын байцаагч П.Бороо хамрагдлаа.

Сургалтаар манлайлал ба удирдлага, хилийн аюулгүй байдлыг хангахад хүний эрх, эрх чөлөө, түүнийг хамгаалах асуудал, хил болон үндэстэн дамнасан аюул занал, эрсдэл, орчин үеийн шилжилт хөдөлгөөний хэлбэр, хилийн аюулгүй байдал зэрэг сэдвээр сургалтууд орсон байна. Мөн Бүгд найрамдах Тажикистан Улстай хил залгаа Бүгд найрамдах Афганистан, Бүгд найрамдах Узбекистан Улсын хилийн шалган нэвтрүүлэх боомтуудын үйл ажиллагаатай танилцаж, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хил дамнасан хууль бус наймаа, тээвэрлэлтийг хил дээр хэрхэн илрүүлэх, түүнтэй тэмцэж буй үзүүлэн таниулах сургалтуудыг зохион байгуулжээ.

Тус сургалтад 16 орны хил хамгаалах болон хилийн боомтод үйл ажиллагаа явуулдаг гааль, хилийн цагдаа, хилийн мэргэжлийн хяналтын буюу хорио цээрийн байгууллагын 30 орчим төлөөллүүд оролцсон бөгөөд хил дамнасан хууль бус наймаа, шилжилт хөдөлгөөн болон бусад өргөн хүрээний асуудлыг хөндсөн чухал ач холбогдолтой сургалт болж өндөрлөв.

Дашрамд сонирхуулахад, Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллага нь Хойд Америк, Европ, Азийн орнуудыг оролцуулсан нийт 57 улсыг багтаасан дэлхийн хамгийн том бүс нутгийн аюулгүй байдлын байгууллага юм. Тус байгууллага нь нэг тэрбум гаруй хүнтэй газар нутагт тогтвортой байдал, энх тайван, ардчиллын төлөө ажиллаж, улс төрийн яриа хэлцлийг эхлүүлж хөгжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг бий болгох, бэхжүүлэхэд чиглэсэн ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Эх сурвалж: ГИХГ