Тесла компани шинэ загварын автомашинаа танилцууллаа

A- A A+
Тесла компани шинэ загварын автомашинаа танилцууллаа

Пүрэв гарагийн орой Тесла компани SUV ангиллын Model Y загварын шинэ автомашинаа Лос Анжелесын ойролцоо орших дизайны төв дээрээ танилцууллаа. Энэ нь Тесла команиас зах зээлд гаргаж байгаа тав дахь цахилгаан хөдөлгүүрт автомашин юм. Стандарт хувилбар нь нэг цэнэглэлтээр 480 км зам туулах бөгөөд $47,000-аас эхлэх үнээр 2020 оны сүүлээр худалдаанд гарах гэнэ.

Теслагийн гүйцэтгэх захирал Илон Маск Model Y загварыг “Энэ бол бүх үзүүлэлт нь SUV ангиллынх боловч спорт автомашин шиг хурдлах чадвартай” гэж онцолжээ.

Стандарт хувилбараас гадна All-Wheel-Drive хос хөдөлгүүртэй хувилбар $51,000-аар, өндөр хүчин чадалтай “performance” хувилбар $60,000-аар тус тус 2020 оны намар худалдаанд гарах гэнэ.

Харин 2021 онд нэг цэнэглэлтээр 370 км зам туулах багтаамжтай хямд хувилбар $39,000-аас эхлэх үнэтэй худалдаанд гарна хэмээн Маск амлажээ. Model Y загвар нь долоон хүний суудалтай, дунд оврын SUV автомашин юм. Model Y загварын шинэ автомашиныг танилцуулах ажиллагааны товчилсон видео бичлэгийг хүлээн авч үзнэ үү.