Баянзүрх дүүрэгт болсон дахин сонгуулийн үр дүнг мэдээллээ

A- A A+
Баянзүрх дүүрэгт болсон дахин сонгуулийн үр дүнг мэдээллээ

Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт өнгөрсөн бямба гараг буюу 3 дугаар сарын 23-ны өдөр дахин сонгууль болсон. Сонгуулийн санал хураалт ирцийн талаар нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга И.Баттөгс нар мэдээлэл хийлээ.

Баянзүрх дүүрэгт болсон дахин сонгууль хуулийн дагуу явагдаж дууссан. Тойргуудад ирц 50 хувиас дээш, хүчин төгөлдөр явагдсан байна.  

Баянзүрх дүүргийн 10 дугаар тойрогт нэрсийн жагсаалтад 4657 сонгогч бүртгэлтэй. Үүнээс 2647 сонгогч саналаа өгч ирц 56,8 хувиар бүрджээ. МАН-аас нэр дэвшигч Г.Доржпалам 1460 сонгогч саналаа өгч 55.2 хувь, Монголын консорватив намаас нэр дэвшигч О.Мөнхтуяа 19 хүний санал буюу 0.72 хувь, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч н.Мягмардорж 24 хүний санал 0.91 хувь, Монголын Ногоон намаас нэр дэвшигч н.Мөнхцэцэг 20 хүний санал буюу  0.76 хувь, бие даагч М.Алтанзаяа 989 хүний санал буюу 37.4 хувь, бие даагч н.Жаргал 114 хүний санал буюу 4.31 хувийн санал авчээ.

Баянзүрх дүүргийн 19 дүгээр тойрогт нийт 7154 сонгогч бүртгэлтэйгээс 3850 хүн буюу 53.82 хувиар ирц бүрдсэн. МАН-аас нэр дэвшигч Б.Галхүү 2029 хүн буюу 52.7 хувь, Консорватив намаас нэр дэвшигч н.Долгормаад 15 хүн буюу 0.35 хувь, Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч н.Орхон 30 хүн буюу 0.64 хувь, Ногоон намаас нэр дэвшигч н.Мөнхзаяа 47 хүний санал буюу 0.21 хувь, бие даагч н.Уламбаяр 412 хүний санал 11.25 хувь, бие даагч Т.Туул 1277 буюу 35.94 хувийн санал тус тус авчээ.

Дээрх хоёр тойрогт 11772 сонгогч бүртгэлтэй. Үүнээс нийт дүнгээр 55 хувиар ирц бүрдсэн. Сонгуулийн тухай хуулийн 161.1, 161.3, 161.4-т заасны дагуу хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож түр үнэмлэх гардуулдаг. Үүний дагуу Г.Доржпалам, Б.Галхүү нарт түр үнэмлэх олгосон байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.