Дэлхийн Монгол туургатан хүүхдийн ардын урлагийн их наадам хоёр дахь удаагаа болно

A- A A+
Дэлхийн Монгол туургатан хүүхдийн ардын урлагийн их наадам хоёр дахь удаагаа болно

“Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд өнөөдөр Дэлхийн Монгол туургатан хүүхдийн ардын урлагийн их наадмын зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ. “Монгол туургатны урлагийн өв сан” ТББ-аас уг наадмыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн наадамд 200 гаруй бяцхан авьяастнууд оролцож, авьяас чадвараа сорьсон.

Энэ жилийн хувьд наадам илүү өргөжин 500 гаруй хүүхэд оролцох юм байна. Тухайлбал өнгөрсөн жил Өвөр Монголоос 70 гаруй хүүхэд оролцож байсан бол энэ жил 200 орчим авьяастан оролцохоор болоод байна. Түүнээс гадна Буриад, Халимаг, Тувагаас төлөөлөгчид оролцох төлөвтэй байна. Мөн ОХУ-ын Монгол дахь Элчин сайдын яамны зүгээс тэмцээнийг дэмжиж оролцохоо илэрхийлсэн гэж “Монгол туургатны урлагийн өв сан” ТББ-ын тэргүүн О.Лхагважав мэдээллээ.

Мөн өнгөрсөн жилийн наадамд Өвөр Монголын Одон телевизийн хүүхдийн нэвтрүүлгийн “Нахиа” студийнхэн дэмжиж оролцсон. Энэ жил ч мөн хамтран ажиллах юм байна.

Хэвлэлийн бага хуралд “Монгол туургатны урлагийн өв сан” ТББ-ын ТУЗ гишүүн П.Сүхдамба, ӨМӨЗО-ын дуучин, Монгол улсын СУИС-ын урлаг судлалын докторант Б.Анар, БСШУСЯ-ны Соёл Урлагийн Газрын Тайз, циркийн урлагийн бодлого хариуцсан мэргэжилтан Д.Мөнхцэцэг, ӨМӨЗО-ын Улаанцав аймгийн Олон улсын Морин хуурын боловсролын сургуулийн захирал Өргөн /Wurigen/, “Соёмбо” уран бүтээлийн нэгдлийн гүйцэтгэх захирал, “Түмэн эх” чуулгын дуучин С.Нэргүй нар оролцлоо.

Дуучин Б.Анарын хувьд Монгол Улсын СУҮИС-д магистрын зэрэг хамгаалсан, одоо доктарантаар суралцаж буй. Өмнө нь Өвөр Монголдоо Цэргийн чуулгын гоцлол дуучнаар ажиллаж, мөн ардын урлаг, уртын дууны чиглэлээр хүүхдүүдэд зааж сургадаг.

Тийм учраас шавь нараа илүү сурган хөгжүүлэхээр Монголчуудтайгаа хамтран ийм наадам зохион байгуулах болсон гэнэ. Олон улсын Морин хуурын боловсролын сургуулийн захирал Өргөн /Wurigen/ мөн ардын урлагийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ийнхүү олон улсын наадам зохион байгуулж буйд талархан дэмжин оролцож байгаагаа илэрхийллээ.

 Наадам 2019 оны 7-р сарын 22, 23-нд “Улаанбаатар чуулга”-ын байранд болно.

Наадмыг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “ОДОН” телевиз, Уран бүтээлийн “СОЁМБО” нэгдэл зэрэг байгууллагууд дэмжин, хамтран зохион байгуулж байгаа аж.