Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзав

A- A A+
Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзав

 

ҮСХ-ны дарга А.Ариунзаяа болон бусад албаныхан “Ухаалаг засаг” төслийн шинээр томилогдсон багийн ахлагч Сиоү Чев Күэкээр ахлуулсан Дэлхийн банкны төлөөлөл, төсөл хэрэгжүүлэх нэгжийнхэнтэй уулзаж, төслийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг” төслийн баг энэ сарын 7-11-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байна. Уулзалтын эхэнд төслийн үлдсэн хугацаанд хэрхэн амжилттай ажиллах талаар болон  дэлхийн банкны зүгээс үзүүлж болох дэмжлэгийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Уг төслийн хүрээнд ҮСХ-нд хэрэгжих гол ажил нь Статистикийн мэдээлэл боловсруулах систем бий болгох бөгөөд энэ нь Статистикийн үйл ажиллагааны ерөнхий загвар (GSBPM)-ын дагуу олон улсын стандартад нийцсэн цогц систем гэдгээрээ онцлог юм.

Түүнчлэн төслийн нэг хэсэг болох Статистикийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх ажлын хүрээнд 2019 оны 7 дугаар сард хийсэн Дэлхийн банкны айлчлалаас хойш орон нутгийн статистикийн асуудал хариуцсан албан хаагчдын мэдээллийн чанар шуурхай байдлыг сайжруулах, төрийн байгууллагуудын статистикийн мэдээллийн сангийн уялдааг хангаж, албан ёсны статистикийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх сургалт, Статистикийн газар, хэлтсийн мэдээллийн технологи хариуцсан албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэдээллийн технологийн хэрэглээ, ашиглалтыг сайжруулах зэргийг тус тус амжилттай зохион байгуулсан. Түүнчлэн Олон улсын статистикийн институтээс Малайз улсын Куала Лумпур хотноо зохион байгуулсан Дэлхийн Статистикийн 62 дугаар хуралд ҮСХ-ны төлөөлөгчид амжилтттай оролцож олон улсын статистикийн салбарын хэмжээнд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн билээ. Уулзалтын төгсгөлд хоёр тал үлдсэн хугацаандаа идэвх чармайлт гарган төсөл хэрэгжилтэнд анхаарлаа хандуулж ажиллах тухай ярилцан санал солилцов. 

Эх сурвалж: ҮСХ