УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд уламжлалт ёсоороо мод тарилаа

УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд уламжлалт ёсоороо мод тарилаа

“Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан. Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлдэг уламжлалтай.  

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орлогч дарга Б.Дэмбэрэл нар өнөөдөр /2019.10.12/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Бүх нийтээр мод тарих өдрийн арга хэмжээнд оролцож, мод тарилаа.

 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн нээлтэд хэлсэн үгэндээ, “Зөвхөн Монголчууд төдийгүй дэлхий даяараа мод тарихыг буянтай ажил гэж үздэг. Мод бол амьдрал гэж үздэг юм байна. Хамгийн чухал нь тарьсан модоо эргэж тойрч, арчлахаа мартахгүй байх хэрэгтэй байна. Энэ бол таны ургуулж байгаа бас нэг “амьдрал”. Тарьсан модны 97 хувь нь ургаж байгаа гэж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн мэргэжилтнүүд хэлж байна. Яг өнөөдөр өөрсдийн модоо шалгаж үзээрэй. Мод тарих үйлсдээ бүгдээрээ нэгдэцгээе. Жилд нэг ирдэг биш өдөр бүр ирж модоо арчилдаг байгаасай хэмээн уриалж байна” гэлээ.

“Хүн бүхэнд цэвэр агаар, мод бүхэнд ус” уриатай энэ удаагийн мод тарих үндэсний өдөрт УИХ-ын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Фантастик” продакшн, “Эрдэнэс-Таван Толгой” компани зэрэг 30 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллага оролцож, 9 зүйлийн 1500 орчим мод, сөөг тарилаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.