Г.Нэргүй: Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй

A- A A+
Г.Нэргүй: Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн, НМХГ-ын Байгаль орчны хяналтын ахлах байцаагч Н.Нарангэрэл,  Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар болон гадаад улс руу илгээсэн шинжилгээний хариуны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд 15 өрхийн 33 иргэн хандаж угаарын хийнд хүнд болон хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага өгч эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө зөвлөмж авсан. Энэ бол Яаралтай түргэн тусламжийн төвд иргэдээс ирүүлсэн дуудлагын бүртгэл. Яг газар дээр нь мэргэжлийн байгууллагын үзлэгээр авч үзвэл угаарын хийн хордлогын дуудлага харьцангуй буурсан. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй” гэв.

Мөн нийслэлийн төвийн зургаан дүүргийн гэр хорооллын айр өрхүүдэд сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин, зуух, яндангийн аюулгүй байдлын талаар зөвлөмж сэрэмжлүүлгийг энэ сарын 01-03-ны өдрүүдэд нийт 164.372 айл өрхүүдэд хоёр дахь удаагаа тарааж, 98 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байгаа талаар албаныхан онцоллоо.

НМХГ-ын Байгаль орчны хяналтын ахлах байцаагч Н.Нарангэрэл “Сайжруулсан шахмал түлшнээс элемент болон техникийн  шинжилгээ, химийн найрлага, хаягдал утааны найрлага, чөлөөт хөөлт зэрэг үзүүлэлтүүдийг Геологийн төв лаборатори, Ашигт малтмалын ерөнхий газрын Уул уурхай газрын тосны төв лаборатори, Хими, химийн төв хүрээлэн, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон БНХАУ, БНСУ, ОХУ руу илгээж шинжлүүлсэн. Дээрх лабораториудын шинжилгээний дүнгээр одоо манайд үйлдвэрлэж, хэрэглэж байгаа шахмал түлшийг 5679:2019 стандартын техникийн шаардлага хангасан байна гэж гарсан” хэмээлээ. Түүнчлэн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 154 улсын байцаагч Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хороо, дүүрэг бүрт түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажиллаж байгаа талаар дурдав. Мөн тус газраас өнгөрсөн сарын 23-наас хойш өнөөдрийг хүртэл нийт 19 зөрчил илрүүлж 14.5 тонн түүхий нүүрсийг битүүмжлэн хурааж, 9 сая 500 мянган төгрөгийн торгууль ноогдуулжээ.

Цагдаагийн байгууллагаас түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих чиглэлээр Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд 36 өндөрлөг цэгүүдээс  хяналт тавьж ажиллаж байгаа талаар нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн мэдээллээ.Тэрбээр “Аравдугаар сарын 04-ний өдрөөс хойш түүхий нүүрстэй холбоотой 188 зөрчил илрүүлж 503,9 тонн нүүрсийг холбогдох байгууллагуудад шилжүүлж ажилласан” гэв. Агаарын чанарын мэдээллийн хувьд өнгөрсөн долоо хоногийн байдлаар PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн жилийнхтэй ижил хэмжээнд байгаа аж. Харин PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оныхоос 1.3 дахин бага илэрсэн талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр   мэдээллээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс