Монгол улсын үндсэн хуульд “..иргэн нь эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан. Гэвч нийтийн эрх зөрчигдсөөр байна.
Хог хаягдлыг шинж чанараар нь аюултай, энгийн, ахуйн хог хаягдал гэж ангилдаг ба эдгээр төрлийн хог хаягдал хатуу, шингэн хийн төлөв байдлын аль ч хэлбэртэй байж болдог.
Улаанбаатар хот болон бусад хот, суурин, хүн ам ихээр төвлөрсөн суурин газруудад байгаль орчны тэнцэлийг алдагдуулахад хүргэдэг шатах, тэсрэх, хордуулах, түлэх, халдварлах, эрчимтэй урвалжих шинж чанар бүхий бодисуудыг агуулсан аюултай хог (АХ) хаягдал нь үйлдвэрлэл, үйлчилгээ, ахуйгаас өдөр тутам үүсч хэмжээ нь жилээс жилд хэмжээ нь нэмэгдсээр зарим нь энгийн болон ахуйн хог хаягдалтай хамт байгальд шууд хаягдаж, булагдаж байна.
“аюултай хог хаягдал” гэж тэсрэмтгий, шатамхай, идэмхий, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч, агаар болон устай харилцан үйлчилж хортой хий ялгаруулдаг, халдвартай, хүн амьтанд богино болон удаан хугацаанд хортой нөлөөлөл үзүүлдэг, байгаль орчинд хортой шинж чанартай, устгасны дараа ч аюултай шинж чанартай ялгарал үүсгэдэг хог хаягдлыг хэлдэг.
Монгол улс аюултай хог хаягдлын цэг болж хувирч байна. Баримт:
Авто тээврийн хэрэгсэлээс гарч буй хог хаягдал: 2018 оны байдлаар УБ хотод 501934 автомашин бүртгэлтэй байна. Жилд нэг удаа тос, шүүлтүүрээ, 2 жилд нэг удаа аккумулятороо сольдог гэж тооцвол зөвхөн УБ хотод ойролцоогоор 6000 тн тос, 500,0 мян гаруй фильтр, 300,0 мянга аккумулятор, 3000 гаруй тн хүхрийн хүчил хаягдаж байна. Дээр нь хурдны хайрцагны тос, хөлддөггүй шингэн, тормосны шингэнийг нэмж үзвэл энэ хорт хаягдал олон дахин нэмэгдэнэ. Түүнчилэн авто засварын газрууд, сэлбэг хэрэгсэл задалж зардаг ААН-үүдийн бүртгэлгүй хэдэн арван тн хогийг тооллогонд оруулж чадахгүй байна. 2018 онд гаалиар нийтдээ 64039 суудлын автомашин, орж ирсэн. Нийт тээврийн хэрэгслийн 78 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай хуучин машинууд бөгөөд Солонгос, Японоос дийлэнхийг нь импортолдог.
Тээврийн хэрэгсэлээс хаягдаж буй утаа. тортогт агуулагдах хорт бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс хэт их байсаар байгааг шатахуун импортлогчидийн нийлүүлж буй бүтээгдэхүүний чанартай шууд холбоотой гэж үздэг. Жишээ нь: ЖАЙКА ОУБ-аас өнгөрсөн жил бүтэн 10 сарын турш нийтийн тээврийн 24 ш автобусанд фильтр тавьж тортог цуглуулахад нийтдээ 560 кг хорт хог хаягдал цуглуулсан ба үүнд хүхрийн агууламж маш өндөр гарсан. Иймд хүхэрт нэгдэлд тэсвэртэй керамик шүүлтүүрээс өөр төрлийн шүүлтүүр тэсэхгүйг ч уг судалгаагаар тогтоосон.
Уул уурхайн компаниудын машин механизмуудаас: жилдээ хэдэн зуун тн тос, тосолгооны материал, янз бүрийн зориулалттай шингэн, фильтрүүд, жийргэвч, химийн бодис, түүний сав баглаа боодол гардаг бөгөөд устгаж өгөх хүсэлтийг байнга тавьдаг байна.
Е-хог хаягдал: Хөргөгч, ТВ, угаалгын машин, тоос сорогч, компьютер, хэвлэх хувилах төхөөрөмж гм хэрэгсэл бүх айл өрх, төр хувийн хэвшлийн байгууллагуудад бий. Улсын хэмжээнд цуглуулах, задлах, ангилах, дахин боловсруулах, устгах гм е-хог хаягдлын менежмент байхгүйгээс энгийн ахуйн хог хаягдалтай хамт хаягдаж, зарим нь агуулах саванд хадгалагдаж байна. Айл өрхөөс гарч буй мөнгөн ус агуулсан аюултай хог хаягдал тухайлбал, эм тариа, химийн бодис, будаг уусгагч бодис, гэрлийн шил ламп, батерей гм цуглуулдаг нэгдсэн менежментийн систем байхгүй.
Их дээд сургууль ЭШБ, лабораториуд, ЕБС-уудад хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангахаа больсон их хэмжээний химийн бодис хуримтлагддаг.
2014 онд хийсэн устгах шаардлагатай химийн бодисын тооллогоор:. 21 аймгийн 137 сум, 228 ААН, байгууллагуудад 250,7 тн, 50,2 мян литр, УБ хотод 118 тн, 18,0 мянган литр бодис устгах шаардлагатайг тогтоосон. Устгах шаардлагатай химийн хорт болон аюултай бодис хадгалж байгаа байгууллагын 14,6 хувь нь зориулалтын агуулахтай, 55 хувь нь ажлын байрандаа, 24,5 хувь нь зориулалтын бус агуулахад, 2,6 хувь нь ил задгай, 1,7 хувь нь ажлын байрныхаа подвальд хадгалж байгаа ба хамгийн эрсдэлтэй нь ЕБС байна гэсэн судлагааны дүгнэлт гарсан байдаг.
Хог гэдэг бол шинжлэх ухааны үүднээс ойлгож шийдвэрлэдэг асуудал болохоос холхон аваачиж нүднээс далд булж хаядаг зүйл биш ээ.
Энд тэндгүй хог нь дүүрч амаараа асгарсан, нус цэрэнд халтартсан, хэзээ хэн хогийг нь цэвэрлэж авах нь тодорхой бус хогны сав төлөвлөж энд тэндгүй тавихыг хотын хогны менежмент гэж хэлдэггүй. Өдий хүртэл Дэд бүтцийг нь шийдсэн, үйлдвэр парк нэгийг ч төслүүд шийдсэнгүй. Монголын хогийг Монголчууд өөрсдөө л шийдвэрлэхээс гадаадын өндөр үнэтэй зөвлөхүүд, Компани, ТББ-ууд шийдвэрлэхгүйг шийдвэр гаргагчид, тендерийн олон хороод ойлгосон ч үндэсний үйлдвэрлэгчидээ ижил төрлийн ажил хийж байгаагүй, туршлагагүй гэдэг үндэслэлээр итгэл өгдөггүй муу практик байсаар байна.
Дараах асуудлыг Засгийн газрын болон олон нийт анхааралдаа авч, хамтдаа шийдвэрлэхийг уриалж байна. Үүнд:
- Аюултай хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах, зөв нэгдсэн менежмент, тээвэр ложистикийн паркууд бий болгох, байгаль орчинд хал багатай дэвшилтэт технологийн аргаар устгах зориулалтын байгууламжуудыг бүсчилэн барих, газрыг нь тусгай хэрэгцээнд өгөх ажлыг нийслэл, орон нутгийн шийдвэр гаргагчид шуурхай шийдвэрлэх
- Е-бараа бүтээгдэхүүн импортлогчид, хуучин машин импортлогчид, уул уурхай, хүнд хөнгөн үйлдвэрлэл эрхлэгч Үйлдвэр ААН, боловсрол, ХАА, МАА, ЭШБ-ууд нийгмийн хариуцлагын хүрээндээ бохирдуулагч нь төлөгч байх хуулийн хэрэгжилтийг хангаж, аливаа бараа бүтээгдэхүүн импортлохдоо бэлтгэн нийлүүлэгчидтэйгээ “хог хаягдлаа эгүүлэн татдаг механизмыг” худалдааны гэрээндээ хатуу тусган хэрэгжүүлдэг байх нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхийг шаардаж байна.
- Монголын иргэдийн эрүүл аюулгүй амьдрах нийтийн эрхийн төлөө, эрүүл аюулгүй байгаль орчны төлөө хуучин дугуй, тавилга, эд хэрэгсэл, хувцас хунар импортлохоо зогсоохыг уриалж байна.
- Хог хаягдлаас үүдэлтэй эрүүл аюулгүй амьдрах байгаль орчны сөрөг нөлөөллийг арилгах, бууруулах арга хэмжээг төрийн бодлогоор яаралтай авч хэрэгжүүлэх, хог хаягдлыг устгах үйлдвэр байгуулах, газрыг нь хуулийн дагуу тусгай хэрэгцээнд авах асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц түвшинд хүрээд байгааг Засгийн газар анхааралдаа авч яаралтай шийдвэрлэхийг шаардаж байна.
Монгол улс бусад улс орны хуучин хог хаягдлыг импортолдог, аюултай хог хаягдлын цэг биш ээ.