Нийгмийн даатгалын сангийн орлого 18.4 хувиар өслөө

Нийгмийн даатгалын сангийн орлого 18.4 хувиар өслөө

Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны эхний 10 сард 2.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 353.4 (18.4хувь) тэрбум төгрөг, зарлага 2.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 343.9 (19.7хувь) тэрбум төгрөгөөр тус тус өслөө.

Нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны эхний 10 сард өмнөх оны мөн үеэс 353.4 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэвэрийн даатгалын сангийн орлого 282.7 (20.5хувь) тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 34.3 (14.0хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Энэ оны 10 дугаар сард нийгмийн даатгалын сангийн орлого 239.1 тэрбум, зарлага 204.0 тэрбум болж, өмнөх сараас орлого 11.7 (5.2хувь) тэрбум төгрөгөөр, зарлага 4.9 (2.4хувь) тэрбум төгрөгөөр өсжээ.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2019 оны эхний 10 сард 437.9 мянган хүнд 246.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 234.4 (2.2 дахин) мянгаар өсөж, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 125.8 (2.0 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авсан хүн болон олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ өсөхөд “0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж болон жирэмсэн эхийн тэтгэмж” авсан хүний тоо 3.2 дахин, олгосон тэтгэмжийн хэмжээ 8.0 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.