Нэгдүгээр сургуулийн захирлыг чөлөөлнө гэдгээ илэрхийлжээ

A- A A+
Нэгдүгээр сургуулийн захирлыг чөлөөлнө гэдгээ илэрхийлжээ

Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр дунд сургуулийн багш нар захиралтайгаа хамтран ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлжээ. Гэтэл үүнийг нь захирал нь мушгин гуйвуулж "багш нар ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгсөн" гэж хэвлэлд мэдээлэл өгсөн гэнэ. Тиймээс өнөөдөр тус сургуулийн багш нарын төлөөлөл хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл тайлбар хийлээ. Нэгдүгээр сургуулийн багш нар болон удирдлагынх нь хооронд зөрчил үүссэн гол шалтаг нь өнгөрсөн есдүгээр сарын 30, аравдугаар сарын 1-ний өдрүүдэд сурагчдын үдийн цайнд гарал үүслийн баталгаагүй, чанаргүй хүнс нийлүүлснээс үүдсэн юм байна. Ийнхүү хүүхдүүдэд чанаргүй хүнс өгснөөс зарим сурагчийн бие эвгүйрхжээ. Үүнийг нь мэдэж  олон нийтэд мэдээлсэн багшийг захирал Д.Цогзолмаа ажлаас халжээ. Үүссэн нөхцөл байдлын талаар нэгдүгээр сургуулийн багш нарын тайлбарыг хүргэе. Багш Ч.Чагцал: -Манай сургууль дээр үүсээд байгаа маргаантай асуудал юунаас үүсэн бэ гэвэл есдүгээр сарын 30, аравдугаар сарын 1-ний өдрүүдэд хүүхдүүдийн үдийн цайнд ямар нэгэн хаягжилтгүй, шошгогүй, эрүүл мэндийн хяналтгүй хүнсний бүтээгдэхүүнийг тараасан. Энэ нь хүүхдийн аюулгүй байдал, эрүүл ахуйд нийцэхгүй, эрүүл мэндэд нь хор хохирол учруулахаар бүтээгдэхүүн байна гэж үзэж бага ангийн багш нар эсэргүүцэж, уг хүнсийг өгүүлэхгүй гэснээр маргааны эх суурь тавигдсан.

Өмнө нь манай сургуулийн хүүхдүүд долоо хоногийн гурваас дөрвөн өдөрт халуун хоол цайгаар үйлчлүүлдэг байтал гаднаас "Бенедакт", "ТТ фүүдс" гэдэг хоёр компани хүнс нийлүүлсэн. Эхний өдрөө эрүүл мэндийн шинжилгээний бичиггүй, хэзээ, хаана, хэн үйлдвэрлэсэн нь тодорхойгүй гадаад өнгө үзэмжгүй боорцог, жүүсийг дураараа өгөх ажлыг захирал, сургалтын менежер, эмч нар зохион байгуулсан. Үүнийг өгүүлэхгүй гэж багш нар мэргэжлийн хяналтын байгууллага дуудсанаар зөрчлийн хэрэг нээгдэн аравдугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ хэргийг зөрчил байна гэж тогтоогоод сургалтын менежер Мөнхзаяа, эмч Болормаа нарыг тус бүр 100 мянган төгрөгөөр, "Бенедакт", "ТТ фүүдс" компаниудыг тус бүр гурван сая төгрөгөөр торгосон тухай шийдвэрийг бидэнд амаар сонсгосон.

Гэтэл үдийн цайг нийслэлийн Боловсролын газраас санал болгосноор гэж тайлбарлаж, эрх мэдлийнхээ хүрээнд тараалгасан эрх бүхий албан тушаалтан болох захиралд өнөөг болтол ямар нэгэн Зөрчлийн хуулийн дагуу болоод засаг захиргааны арга хэмжээ авагдаагүй, ямар нэгэн хариуцлагыг Мэргэжлийн хяналтын байгууллага болон нийслэлийн Боловсролын газраас тооцоогүй явж байгаа. Тэр байтугай өчигдөр NTV телевизэд ярилцлага өгч "Боов ундаахны асуудлаас болоод багш нар авлига авдаг асуудлыг нь илчилсний төлөө миний нэр хүндэд халдаж байна" гэж ярьсан. Хүн харахад боов, ундаахны хэрэг мэт харагдаж байгаа мэт боловч энэ бол хүүхдийн аюулгүй хүнс хэрэглэх эрхийн тухай асуудал. Ноцтой хохирол учруулж болохуйц зүйл. Гарал үүсэл нь тодорхойгүй, ямар нэгэн шошгогүй байна гэдэг нь, эрсдэл дагуулсан байна гэдэг нь гаднаас нь харахад ойлгомжтой байсан. Тэр байтугай зориулалтын бус тамхины хайрцгаар хүүхдүүдэд хүнс зөөж байсан. Үүнийгээ өнөөдрийг болтол ойлгохгүй миний энэ ажиллагаа буруутай үйлдэл биш. Намайг буруутгах гэсэн шалтаг юм гээд сууж байгаа нь тэр хүн өөрөө ямар үйлдэл хийснээ ойлгоогүй байгаагийн илрэл гэж бодож байна. Түүгээр зогсохгүй багш нарын нэр хүндэд, сургуулийн нэр хүндэд халдаж байгаад маш их эмзэглэж байна. -Хэд хэдэн хүүхдэд хордлогын шинж тэмдэг илэрсэн гэл үү? -Тэрийг тухайн үед манай багш нар мэдээлсэн. Эцэг эхчүүд өөрсдөө багшид нь хүүхэд маань хордлогын шинж чанартай өвдлөө гэдэг мэдээлэл өгсөн. Багш бол эмч биш. Эцэг эхийн мэдээлсний дагуу л манай ангиас хүүхэд хордлогын шинж чанартайгаар өвдсөн гэдэг мэдээллийг хийсэн. Гэтэл тэр багш өнөөдөр буруутан болоод Ёс зүйн хороогоор хэлэлцэгдээд, ажлаас халагдчихсан байгаа. -Энэ мэдээллийг нийтэд дэлгэсэн Энхнасан багш болон Болормаа эмчийг ажлаас халсан юм байна, тийм үү? -Тушаал гаргасан. Ингэж тушаал гаргахдаа Ёс зүйн хороогоор хэлэлцүүлсэн. Аравдугаар сарын 21-ний өдөр захирал өөрийн тушаалаар сургууль дээр Ёс зүйн хороо гэж байгууллага томилж байгуулаад, тэрний эхний гомдол гаргагч нь өөрөө болсон. Нэгдүгээр сургуулийн захирлыг чөлөөлнө гэдгээ илэрхийлжээ Багш Ц.Цэрмаа: -Би энэ сургуулийн ахмад багш нарын нэг. Манай сургуулийн сургалтын ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэж үзэж байгаа. Яагаад гэвэл энэ нь манай багш нартай шууд холбоотой. Манай сургууль 100 жилийн арвин туршлагатай сургууль. Багш нар маань үйл ажиллагаагаа хэвийн авч яваа. Үүнийг батлах зүйл бол манай эцэг эхчүүд, сурагчид сургуульдаа сэтгэл ханамжтай байдаг. Бидний 70 гаруй багш нэгдэж "сайн, чанартай удирдлагаар хангаж өгөөч ээ" гэсэн санал тавьсан. Энэ саналын маань хариу мэдээлэл нь болгож захирал маань өчигдөр шал өөрөөр мэдээллийн хэрэгслээр ярьсан. Энэ нь бидний сэтгэлийг эмзэглүүлж байна. Бид хэвийн хэмжээнд сургуулийнхаа үйл ажиллагааг авч явахын тулд энэ маргаантай асуудлыг хурдан шийдэж цэгцлэхийг хүсч байна. Манай сургууль эртнээс бусад сургуулиудын удирдлагыг бэлтгэж хангадаг ийм сургууль төдийгүй багш нар маань дандаа манлайлагч, тэргүүний багш нар байж ирсэн. Гэтэл өчигдөр бидний нэр хүндэд халдаж эсрэгээр ярьсан. Бид юу гэж хэлэх гээд байна гэхээр нэгдүгээр сургууль бол ууган сургууль, маш их туршлага хуримтлуулсан манлайлагч багш нараар дүүрэн сургууль шүү гэж хэлмээр байна. -Өмнөх жилүүдэд нэгдүгээр ангид зургаан ангийн  хүүхэд элсүүлдэг байсан бол энэ захирал ирээд 2019-2020 оны хичээлийн жилд дөрвөн анги болгосон. Энэ нь хээл хахууль авдаг багш нарын эсэргүүцэлтэй тулгарлаа гэж байгаа юм билээ. Элсэлтийн талаар тайлбар өгөөч?

-Манай багш нар сургалтын үйл ажиллагаагаа л хариуцаж явдаг. Бидэнд сургуульд ямар нэг хүүхэд оруулах эрх мэдэл байдаггүй. Багш нарын дотор ийм байдал байхгүй. Нэгдүгээр ангийн элсэлт цөөрсөн гэдэг бол тухайн жилийнх нь элсэлт олон байх эсвэл, зарим жилүүдэд цөөн байх тохиолдол байна. Үүнийг багш нартай холбож болохгүй.

-Та нар Д.Цогзолмаа захиралтай ганцхан үдийн цайтай  холбоотой асуудлаас гадна өөр бас бус асуудлаар зөрчилтэй байгаа юм уу? -Манай багш нар сая 70 гаруй хүн энэ захиралтай хамтарч ажиллах боломжгүй гэж гарын үсэг зурахдаа чанартай удирдлагаар л хангуулахыг хүссэн. Тэгэхээр энэ бол ойлгомжтой. Үдийн цайнаас гадна багш нартайгаа харилцах асуудал бий. Өнөөдөр ийм манлайлагч багш нарын өмнө манлайлагч захирал байх ёстой. Манлайллаас гадна удирдах чадвар заавал байх ёстой. Ийм чадварлаг бөгөөд ёс зүйтэй удирдагчийг бид шаардаж байгаа.   Нэгдүгээр сургуулийн багш нарын хийсэн тайлбар, мэдээллээс тоймлоход нэгт, Д.Цогзолмаа захирлын хэлж байгаа шиг жирийн багш нар нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх эрх мэдэл огт байдаггүй, тусгай комисс хүүхэд бүрээр хэлэлцэж элсүүлдэг, хоёрт, захирлын хэлж байгаа шиг энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэгчдийн тоо буурсан юм биш,  энэ жилийн нэгдүгээр ангийнхан дотор ч өмнөх жилүүдийн адил хамран сургах тойргийн бус хүүхдүүд  олон байгаа гэнэ. Ийм байхад тоо баримтын болоод учир зүйн алдаатай, худал ташаа мэдээлэл түгээж байгаад нь нэгдүгээр сургуулийн багш нар эмзэглэж байгаагаа илэрхийлэв. Тус сургууль 107 багштай бөгөөд тэдний 70 гаруй нь захиралтайгаа хамтарч ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлжээ. Багш нарын төлөөлөл энэ асуудлаар нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нартай уулзсан юм байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн хувьд нэгдүгээр сургуулийн захирал Д.Цогзолмааг ажлаас нь чөлөөлнө гэдэг аман шийдвэрийг өгсөн  гэдгийг багш нар онцоллоо.