“Зүүдний өр”

A- A A+
“Зүүдний өр”

Эмнэлэг дамжиж яваад охиноосоо тусдаа байсаар удсан юм би. Одоо ч эмнэлэгт. Өвдөх минь тэсэхийн аргагүй ч охиноо санаж бэтгэрэх минь үүнтэй зүйрлэлтгүй юм билээ. Нэг удаа охиноо санаад тэр юмуу зүүдэлж хоносон. Зүүдэнд охин маань: Би өөрөө ч танимгүй өндөр царайлаг бүсгүй амандаа дуу аялаад над руу харснаа – “Ээжээ би хуриман дээрээ таниар энэ дууг дуулуулж болохуу” гэнэ. Ээж нь заавал дуулж өгнөө миний охин гээд … цааш санадаггүй ээ. Ямартаа ч охин минь сайхан бүсгүй болж хуримаа хийгээд хуриман дээр нь би лавтайяаа дуу дуулж өгөх “өртэй” болж байгаа юм байна. Охиноо зүүдэлсэн зүүдэндээ өртэй болчихоод би энэ муу өвчинтэй чадлаараа тэмцэж байна. Ганцхан л хүсэл.. Охин минь байгаа болохоор намайг үхэж болохгүйг, намайг тэнхэрч босохыг, намайг эргээд амьдрахыг шаардаж байна. Миний охин надаас болж “өнчин” үлдэх шийтгэлийг би үзүүлэхийг хүсэхгүй. Би өөрөө ээжийгээ алдаад энэ шаналалыг туулж явна. Тиймээс би амьдарна! Амьдарсан шиг амьдарна!
Солонгоо ингэж бичив. Түүнд юу тохиолдов. Л.Солонго 29 настай. Монголын бодибилдинг сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний 2 удаагийн аварга, эрч хүчтэй чадварлаг гал шиг ноцож явсан бүсгүй.
2019 оны зун бие нь тавгүйрхэж эмнэлэгт хандсанаар ховор төрлийн “системийн өвчин” гэдэг онош дуулав. Монгол дахь бүхий л сайн эмнэлгүүдээр ээлжлэн хэвтэж, эмчлүүлж, улам дордсоор өнгөрсөн 10-р сард Хөх хотод очиж нэлээд сайн эмчлүүлэн өвчний хорын тархалтыг арилгуулж дээрдсэн авч Монголд ирээд удалгүй дахиж дордов. Учир нь хамгийн голлох эрхтэн бөөрөнд хүндрэл өгч улмаар тархи, хэвлий бүхий л эрхтэн систем устаж муудаж эхлэв. Усан хаван гүйж, энэ өвчний гол шинж тэмдэг дархлалын системийг дарангуйлж бүх эрхтэнд нөлөөлсөн. Иймээс өнөөдөр түүний байдал өөрийн болон гэр бүлийн тусламж хайраас илүү гарч сайхан сэтгэлтэй бусад хүмүүсээс тусламж гуйхыг хүслээ. Өвчний өмнө, хагацахуйн ирмэг дээр ЭХ ХҮН ҮРИЙНХЭЭ ТӨЛӨӨ, хэнээс ч юунаас ч айх эмээх бардам сэтгэл алга болдог. Бүгд л тийм, ЭЭЖ болохоор. Ийм учраас бид Солонгоод туслах ёстой санагдлаа. Түүнийг хайртай хүмүүстэйгээ олон жил хамтдаа байж өөрийнхөө тал биеийг тандаа өгье гэж хэлээд уйлж суугаа охинд нь бүтнээр нь эргүүлж өгмөөр байна. Сайхан мэдээ нь бөөр шилжүүлэн суулгах зардал бэлэн болмогц 1-р эмнэлэг яаралтай хагалгаанд орж болохыг зөвшөөрсөн аж. Монголдоо, сайн эмч нарт амиа даатган хагалгаанд орж эрүүл болох зардлыг эрхэм та нараасаа хүсэж байна. Түүнд зориулсан хандив босгох тоглолтыг гэр бүл , найз нөхөд нь санаачлан зохион байгуулж байна.