Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу тууль хайллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу тууль хайллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга монгол түмний бахархалт өв соёл, үеэс үед уламжлагдан ирсэн аман билгийн эх ундарга болсон баатарлаг туульсаа дээдлэн, дэлгэрүүлэх зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 13 дугаар зарлиг гаргасан билээ.

Зарлигт бичсэнчлэн “Жил бүрийн Цагаан сарын баярыг тохиолдуулан хаврын тэргүүн сарын шинийн гуравны өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан өвлийн тэргүүн сарын шинийн гуравны өдөр Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд баатарлаг туульсыг хайлж байхаар тогтоосны дагуу өнөөдөр Төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөө гэрт “Долоон түмэн настай Довон хар бөх” туулийг хайллаа.

Тууль хайлахын өмнө заавал Алтайн магтаал хэлж, Алтай дэлхийгээ аргадаад сая туулиа хайлж эхэлдэг. Ган гачиг, зуд турхан, өвчин зовлон, гай барцад тохиолдох аваас Алтайгаа магтахад бүх юм сайн сайхан болдог хэмээн эртний туульчид үздэг байж.

Энэ дагуу Дайчин Вангийн хошууны туслах тайж, төрийн мэргэн түшээ асан Дандардоржийн үр удам, туульч Дандардоржийн Өлзий, Алтайн галд багтах дөрөв дэх үеийн удам дамжсан туульч Эрдэнэцогтийн Баатаржав, Урианхайн алдарт хөлгөн туульч Жилхэрийн удмын 9 дэх үеийн туульч Авирмэдийн Балдандорж нар Алтай, Хангайн магтаалыг өвөрмөц дэгийн дагуу шууд цэцлэлтээр, дараа нь “Долоон түмэн настай Довон хар бөх” туулийг хайллаа.

Тууль хайлах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ, Засгийн газрын гишүүн Ё.Баатарбилэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, туульчид, тууль судлаачид байв.

ТУУЛЬ ХАЙЛАХЫН ӨМНӨ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Хүрэлцэн ирсэн зочид,

Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө гэрт морилон ирсэн туульч, судлаачид Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 13 дугаар зарлиг гаргасны дагуу Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрийг тохиолдуулан өвлийн тэргүүн сарын шинийн гурваны цагаан морь өдөр “Долоон түмэн настай Довон хар бөх” туулийг хайлах гэж байна.

Тууль хайлах зан үйл нь төрийн ёслолд хүндтэй байр эзэлдэг уламжлал, зан заншил, ардын домог зүйн сэтгэлгээ, соёлын нандин өв билээ. Хүн төрөлхтний соёлын өвд монголчуудын оруулсан содон хувь нэмэр болох монгол туулийг 2009 онд ЮНЕСКО-гоос “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн дэлхийн жагсаалт”-д бүртгэн тунхагласан байдаг.

Эрт цагаас туулийг иргэний болоод төрийн ёслолын үед хайлдаг уламжлалтай байжээ. Туульд монгол хүний хүсэл мөрөөдөл, овог аймаг, угсаатны ялагдашгүй хүч, хүсэл зоригийн илэрхийлэл туссан байдаг. Туулиас монгол ухаан, зан заншил, өв уламжлал, монгол эр хүний зориг, монгол морины шандас, байгалийн сүр хүчин, монгол гэрийн болон төрийн ёсны эхлэл үүслийг үгийн гайхамшгаар бахдан бүтээснийг харж болно.

XX зууны дунд үеэс XXI зууны эхэн үе хүртэлх зурвас хугацаанд монгол туулийн амьд уламжлал тасрах эрсдэл тулгараад байсан юм. Үүнийг билиг оюунт ардын туульчид, үе дамжуулан өвлөн дэлгэрүүлснээр туулийн өв соёл мөхөх аюулыг гэтэлгэж чадсан байдаг.

Монгол туулийг өвөг дээдсийн цэцэн сургаал, билиг номлол хэмээн үзэж, ард түмний ой ухааныг аман дамжлага, цээж эрдмээр дамжуулан, өртөөлөн тээсээр өнөөдрийн бидэнд авчирсан туульчдадаа гүн талархал илэрхийлье.

Мөнх тэнгэрийн ивээлээр монгол түмэн минь өв соёл, агуу түүхээ танин барьж, энхжин жаргах болтугай” гэсэн юм.

Нийтэлсэн: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба