Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

A- A A+
Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн (2020.01.09) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд “Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжив.

Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан юм.

Монгол орны ургамлын аймагт 108 овгийн 684 төрлийн 3160 зүйл гуурст дээд ургамал бүртгэгдсэнээс унаган ургамал 153, завсрын унаган 458, нэн ховор 133, ховор 356 зүйл, үлдэц (үлдвэр) ургамал 70 зүйл ургамал бүртгэгдээд байна. 3160 зүйл гуурст дээд ургамалд тодорхой шалгуураар үнэлгээ хийхэд 1472 зүйл ургамал буюу нийт ургамлын 46 хувийг зайлшгүй хамгаалалтад авах шаардлага үүсээд байна. Мөн манай орны бэлчээр нутгийн 70 гаруй хувь нь аль нэг байдлаар доройтсон нь мал бэлчээрлэлт ургамлын үрийн нөхөн сэргэлтэд сөрөг нөлөө үзүүлж, ургамлын бүлгэмдлийн бүрэлдэхүүн, бүтцэд ихээхэн өөрчлөлт оруулж ургамлын баялаг хомсдох нэг шалтгаан болж байна. Байгалийн ургамлын ховордлын шалтгааны 59,3 хувь нь хүний нөлөөгөөр, 38,6 хувь нь нөөцийн хэт ашиглалтаас, 47,3 хувь нь байгалийн гамшгаас үүдэлтэй байгааг хууль санаачлагч илтгэлдээ дурдав.

Байгалийн ургамлын тухай хууль  4 бүлэг, 22 зүйлтэйгээр 1995 оны 06 дугаар сарын 05-ны өдөр батлагдаж, 1997-2015 онуудад 4 удаа нэмэлт, өөрчлөлт орсон ч байгалийн ургамлын удмын санг хойч үедээ хадгалж өвлүүлэх чадамж дэлхий нийтийн жишгээс хоцорч, ургамлын олон янз байдлыг хамгаалах явдал үндсэндээ хаягдаж, ургамлын төрөл зүйлүүд устах аюул тулгараад байгаа нь дээрх тоо баримт болон  гадаад дотоодын эрдэмтэн судлаачид нотолжээ. Мөн Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу хийсэн үнэлгээнээс уг хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна. Иймээс эдгээр шаардлагыг үндэслэн Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах зайлшгүй шаардлагатай болсон байна.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд, олон улсын гэрээ, конвенцид заасан холбогдох үүргийг биелүүлэх нөхцөлийг бүрдүүлж, нутаг орны  хэмжээнд нөөц багассан, устах аюулд өртөөд байгаа ургамлын зүйлийг уугуул тархац нутагт нь хамгаалах, нөхөн сэргээх ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутагтаа хэрэгжүүлэх, нэн ховор, ховор, унаган, үлдвэр ургамлын удмын санг хойч үедээ өвлүүлэх зорилгоор ижил төстэй орчинд нь тарималжуулан хадгалж хамгаалах ажлыг төрийн өмчит шинжлэх ухааны байгууллага хийж гүйцэтгэх, Монгол орны нутаг дэвсгэрт бүртгэгдсэн нийт ургамлын хатаамал, өсгөвөр, үр, үрцэрийн цуглуулгыг байгалийн ургамлын генийн санд хадгалан хамгаалах асуудлыг тусгажээ.

Мөн экосистемийн унаган төрхийг хадгалж, хамгаалах зорилгоор харь зүйл ургамлыг байгальд тарьж ургуулах, хүнс, техникийн зориулалтаар тарималжуулсан харь зүйл ургамлыг байгальд тархаахыг хориглох, харь зүйл ургамал тархахаас сэргийлэх, хамгаалах ажлыг бүх шатны Засаг дарга орон нутгийн төсвийн хөрөнгөөр, гэрээний дагуу газар эзэмшин үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх, үйлдвэрлэлийн зориулалтаар ургамал түүж бэлтгэсэн хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр биологийн нөхөн сэргээлт хийх, нөхөн сэргээлт хийгээгүй хуулийн этгээдэд ургамал түүж бэлтгэх зөвшөөрөл дахин олгохгүй байхаар тусгажээ. Түүнчлэн нэн ховор, ховор, элбэг ургамлыг судалгаа шинжилгээний, ахуйн, зориулалтаар түүж бэлтгэх хэмжээг тодорхой болгож, зөвхөн элбэг ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар, зөвшөөрлийн үндсэн дээр ашиглах, байгалийн ургамлыг хамгаалах, удмын санг хадгалах, түүхий эд болгон ашиглах зорилгоор байгалийн ургамлыг тарималжуулж ашиглах, мансууруулах бодис бүхий ургамлын жагсаалт, түүнийг ашиглах, хэрэглэх, улсын хилээр нэвтрүүлэх асуудлыг Монгол Улсын нэгдэн орсон конвенци болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуультай уялдуулах зэрэг зохицуулалтыг шинээр оруулж, холбогдох зүйл, заалтыг өөрчлөн найруулсан байна.

Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо энэ сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцуулсан юм. Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Б.Саранчимэг нар асуулт асууж тодруулсан бөгөөд харин төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүдээс санал гарсангүй. Ингээд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 52.7 хувь нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.

Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс