Комиссын нийт гишүүдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байх саналыг дэмжлээ

A- A A+
Комиссын нийт гишүүдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байх саналыг дэмжлээ

УИХ-ын чуулганы 2020 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд танилцуулав. Байнгын хорооны 2019 оны 09 дүгээр тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Б.Пүрэвдорж, Н.Учрал, Л.Энхболд нар ажилласан байна.

Хууль зүйн байнгын хороо 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд хуулийн төслийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Л.Болд хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гаргасныг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.11-т заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд “комиссын гишүүн нь эрүү шүүлт явуулсан байж болзошгүй албан тушаалтныг албан тушаалаас нь түдгэлзүүлэх” гэсэн санал олонхийн дэмжлэг аваагүй тул нэгдсэн хуралдаанд зарчмын зөрүүтэй саналаа тайлбарлан үг хэлж санал хураалгах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Байнгын хороо хуулийн төслүүдтэй холбоотой ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцсэн болохыг Л.Энхболд гишүүн танилцуулсан. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү тодруулга хийж, тайлбар мэдээлэл авсан юм. Үргэлжлүүлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй  25 саналын томьёолол, Байнгын хорооны дэмжээгүй зарчмын зөрүүтэй 1 саналын томьёоллоор тус бүр санал хураалт явуулан шийдвэрлэв.

Тухайлбал, төслийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг “Комисс улсын төсвөөс санхүүжинэ. Комиссын дарга төсвийн төслийг Улсын Их Хурлын даргад хүргүүлж, Хууль зүйн байнгын хороогоор төслийг хянуулахаар оруулна. Хууль зүйн байнгын хороогоор зөвшөөрөгдсөн төсвийн төслийг улсын төсөвт нэгтгүүлэхээр төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасны дагуу хүргүүлнэ” хэмээн өөрчлөн найруулахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 39 гишүүний 22 буюу 56.4 хувь нь дэмжив. Түүнчлэн Комисс үйл ажиллагаандаа баримтлах зарчмын талаарх, бүрэлдэхүүнийг өргөжүүлэх, Комиссын гишүүдийн сонгон шалгаруулалтын талаар болон Комиссын гишүүдийн жендэрийн харьцааг тэнцвэртэй байлгах үүднээс нийт гишүүдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байх агуулга бүхий зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм.

Түүнчлэн найруулгын шинжтэй 2, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх 2 саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Ингээд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. 

Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс