НИЙСЛЭЛ, ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУД ЗӨӨВРИЙН ДИЖИТАЛ РЕНТГЕН АППАРАТТАЙ БОЛЛОО

A- A A+
НИЙСЛЭЛ, ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУД ЗӨӨВРИЙН ДИЖИТАЛ РЕНТГЕН АППАРАТТАЙ БОЛЛОО

Шинэ коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30, 48 дугаар тогтоолын дагуу, мөн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн түвшинд сүрьеэгийн оношилгооны чадавхийг нэмэгдүүлж, дижитал рентген аппаратаар үе шаттай хангах” зорилтын хүрээнд нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад зөөврийн дижитал рентген аппаратыг хүлээлгэн өглөө. Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, дэд сайд Л.Бямбасүрэн, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Амаржаргал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар тэргүүтэй эрүүл мэндийн салбарын удирдлагууд, харьяа эрүүл мэндийн байгууллагын дарга нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр болон Засгийн газрын нөөц хөрөнгөөс нийт 2.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий БНСУ-д үйлдвэрлэгдсэн өндөр хүчин чадалтай орчин үеийн зөөврийн дижитал рентген аппаратыг нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Багануур, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв болон Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэж өгсөн юм.

Мөн Булган, Баян-Өлгий, Дундговь, Говь-Алтай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг, Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Дорнод аймгийн Халх-Гол сумын эмнэлэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг, Өмнөговь аймгийн Ханбогд сумын эмнэлэг зэрэг хилийн томоохон боомтуудын эрүүл мэндийн байгууллагад өгсөн байна. Эрүүл мэндийн байгууллагуудыг зөөврийн дижитал рентген аппаратаар хангаснаар тухайн эмнэлгийн оношилгооны чадавхи, тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэх төдийгүй амьсгалын замын халдварт өвчин, томуу, томуу төст өвчин, шинэ төрлийн титэмт вирусын оношилгоог цаг алдалгүй хийх, сэжигтэй тохиолдолд тусгаарлан хяналт, тандалт хийж буй үйлчлүүлэгчийг тухайн байршилд нь оношилгоонд хамруулж, халдвар тархах эрсдлийг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Эрүүл мэндийн яамнаас нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд, тэр дундаа эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалах хувцас хэрэглэл /комбинзон/, малгай, бээлий, амны хаалт, улавч болон ариутгал халдваргүйтгэлд ашиглах спиртийг хуваарилж өглөө.