С.ЦЭРЭНДАШ: ҮНЭТ ЦААСНЫ ДАРАА ТӨЛБӨР ТООЦООНЫ ШИНЭ ГОРИМД ШИЛЖЛЭЭ

A- A A+
С.ЦЭРЭНДАШ: ҮНЭТ ЦААСНЫ ДАРАА ТӨЛБӨР ТООЦООНЫ ШИНЭ ГОРИМД ШИЛЖЛЭЭ

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга С.Цэрэндаштай ярилцлаа.

-Санхүүгийн зохицуулах хорооны нэгдүгээр сарын хуралдаанаар үнэт цаасны төлбөр тооцооны Т+2 горимыг 2020 оны гуравдугаар сарын 31-ний дотор нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн байсан. Энэхүү шинээр нэвтрүүлж буй төлбөрийн горимын талаар уншигчдад мэдээлэл өгөөч?

-Юуны өмнө хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэх зорилгын хүрээнд олон жил яригдаж, бодит ажил хэрэг болоогүй байсан үнэт цаасны дараа төлбөр тооцооны горим, төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчмыг нэвтрүүлэхэд Санхүүгийн зохицуулах хороо онцгой анхаарал хандуулан ажиллаж, 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр үнэт цаасны дараа төлбөр тооцооны горимыг нэвтрүүлэх тухай бодлогын томоохон шийдвэр гаргасан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Монгол Улсын хөрөнгийн зах зээл цаашид хөгжих асар их боломжтой зах зээл гэж гадна, дотны санхүүчид, эдийн засагчид үздэг. Гэтэл хөгжилд саад болж буй суурь хүчин зүйлс маш их байдаг. Эдгээрийн нэг нь үнэт цаасны төлбөр тооцооны горимтой холбоотой асуудал гэдгийг зах зээлд үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд, үйлчилгээ үзүүлдэг дэд бүтцийн байгууллагууд болон бодлого боловсруулагч нар тодорхойлоод олон жил болж байна. Гэвч арилжаанд оролцох хөрөнгө оруулагч өөрийн арилжааны захиалга биелэх эсэхээс үл хамааран захиалга өгөхөөс өмнө үнэт цаасны төлбөрийг 100 хувь байршуулдаг төлбөр тооцооны горимыг манай улс өөрчилж чадалгүй өнөөг хүрсэн байна. Хорооноос гаргасан шийдвэрийн дагуу дараа төлбөр тооцооны горимыг нэвтрүүлэх бэлтгэл ажлуудыг хангасны үндсэн дээр гуравдугаар сарын 31-нээс хэрэгжүүлж эхэллээ. Ингэснээр үнэт цаасны компаниудыг санхүү, хүний нөөц, программ хангамжийн чадавх дээр нь тулгуурлан клирингийн гишүүнчлэлээр элсүүлсэн. Эдгээр гишүүнчлэлтэй үнэт цаасны компаниар дамжуулан хөрөнгө оруулагчид захиалга өгч буй дүнгийнхээ 30 хүртэл бууруулсан дүнгээр барьцаа байршуулан үнэт цаасны захиалга өгч арилжаанд оролцох нөхцөл бүрдэнэ. Гэхдээ байршуулах барьцааг 30 хувь хүртэл бууруулах уу, 100 хувь хэвээр байлгах уу, эсвэл энэ хоёрын дунд тодорхой хувиар тогтоох уу гэдгийг үнэт цаасны компаниуд тухайн харилцагчийн эрсдэлийг үнэлсний үндсэн дээр харилцагч тус бүрээр тогтооно. Бидний харж байгаагаар эхний ээлжинд үнэт цаасны компаниуд харилцагчийн эрсдэлийг сайтар үнэлэх хүртэл хугацаанд харилцагчаас барьцааг 100 хувь байршуулсны үндсэн дээр арилжааны захиалгыг авах байх. Харин цаашид үнэт цаасны компаниуд арилжаанд байнга оролцдог, санхүүгийн сахилга бат сайтай харилцагчдаа эрсдэлийн түвшинд нь тохируулан байршуулах шаардлагатай барьцааг үе шаттайгаар өрсөлдөөний зарчмаар бууруулна. Эрсдэл багатай гадны томоохон хөрөнгө оруулагчдын хувьд шууд гуравдугаар сарын 31-нээс эхлэн 30 хувийн барьцааг байршуулан үнэт цаасны арилжаанд орох, арилжааны захиалга биелсэн нөхцөлд хоёр хоногийн дотор үлдэгдэл төлбөрийг хийж гүйцэтгэх боломжтой болж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд цаг бүсийн зөрүү, гадаад валютаа хөрвүүлэх, улс хоорондын шилжүүлэг хийдгээс шалтгаалан урьдчилсан төлбөрт горимоор арилжаанд оролцох, төлбөр тооцоо гүйцэтгэхэд хүндрэлтэй байсан. Иймд T+2 горим хэрэгжсэнээр гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын арилжаанд оролцох идэвх нэмэгдэж, хөрөнгийн бирж дээр хийгдэж буй хувьцааны арилжааны хэмжээ өсөх суурь нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

-Клирингийн гишүүнээр элссэн үнэт цаасны компанийн харилцагчид дараа төлбөр тооцооны горимын дагуу төлбөр гүйцэтгэх боломжтой болж байгаа юм байна. Клирингийн гишүүний шаардлага нь юу вэ? Тэгэхээр хэдэн компани клирингийн гишүүнээр элсч байгаа вэ? Элсэх шаардлагыг хангахгүй байгаа компаниудыг яах вэ?

-Энэ системийн шилжилтийн хүрээнд хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн голлох гурван байгууллагуудад чиг үүргийн өөрчлөлтүүд орж байгаа. Үүнээс Арилжаа төлбөр тооцоо ХХК нь Клирингийн төв болж, үнэт цаас болон мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөний тооцоолол буюу клирингийг хийж гүйцэтгэх, мөн төлбөрийн саатал болон дефолт гарсан нөхцөлд эрсдэлийг удирдах маш чухал үүрэгтэйгээр чиг үүргийн өөрчлөлт хийгдсэн. Энэ байгууллагаас тодорхойлсон шаардлагыг хангаж байгаа Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэй үнэт цаасны компаниуд клирингийн төвтэй гэрээ байгуулснаар клирингийн гишүүнээр элсэнэ. Энэхүү томоохон системийн шилжилтийг хийхдээ хөрөнгийн зах зээлийн хэвийн байдлыг алдагдуулахгүй, хөрөнгө оруулагч, оролцогчдын эрх ашгийг хөндөхгүй байхад онцгойлон анхаарал хандуулан ажилласан. Өнөөгийн байдлаар нийт 52 тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг үнэт цаасны компаниуд үйл ажиллагаа явуулж байгаагаас 11 нь санхүүгийн болон хүний нөөц, программ хангамжийн шаардлагыг ханган гишүүнээр элссэн болон элсэх хүсэлтээ өгөөд байна. “Арилжааны төлбөр тооцоо” ХХК-ийн гишүүнчлэлд хамрагдаагүй үнэт цаасны компаниудаар дамжуулан үнэт цаасны арилжаанд оролцох хөрөнгө оруулагчдын хувьд өөрийн сонголтоор урт хугацаанд харилцаж сурсан үнэт цаасны компаниараа одоог хүртэл хэрэгжиж ирсэн төлбөрийн нөхцөлөөр буюу урьдчилан эх үүсвэрийг байршуулснаар арилжаанд хэвийн оролцох бүрэн боломжтой гэдгийг онцолж хэлмээр байна. Харин үнэт цаасны арилжааны төлбөр тооцоо нь Т+2 горимын дагуу хоёр хоногийн дараа гүйцэтгэгдэж, үнэт цаас эзэмших эрх шилжих юм. Мөн цаашид эдгээр компаниуд шууд хэлбэрээр эсвэл гишүүн компаниудаар дамжуулан клирингийн гишүүнчлэлтэй болох бүрэн боломжтой.

СЗХ-ноос үнэт цаасны дараа төлбөр тооцооны горимыг нэвтрүүлэх тухай шийдвэр гарснаас хойш гол ямар ажлууд хийгдсэн вэ? Шинэ төлбөр тооцооны горим нэвтрүүлэх бэлтгэл ажил хэр хангагдсан гэж үзэж байна вэ?

-Түрүүн дурдсан, төлбөр тооцооны горимыг шилжүүлэх асуудал ерөнхийдөө маш олон жил яригдсан гэж. Өмнө нь 2012 онд Т+3 төлбөр тооцооны горимд шилжүүлсэн боловч бэлтгэл ажил дутуу хийгдсэн байснаас үүдэн шилжилт ерөнхийдөө амжилтгүй болсон учир буцаан хуучин горимд нь шилжүүлсэн байдаг. Энэ алдааг дахин давтахгүй байх үүднээс бид энэ удаад маш урт хугацаанд бэлтгэл ажлыг хангасан. Ингэхдээ бид гадны туршлагатай мэргэжилтнүүдийг бэлтгэл ажлыг хангахад оролцуулсан. Тодруулбал Европын сэргээн босголт хөгжлийн банкны техникийн хамтын ажиллагааны хүрээнд дараа төлбөр тооцооны горимд шилжүүлэхтэй холбоотой зөвлөх багийг 2018-2019 онд ажиллуулж, бусад орны туршлагаас судалсан, мөн Солонгос улсын үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд олон жил ажилласан туршлагатай зөвлөх манай Монголын үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дэргэд хоёр жилийн хугацаанд ажиллаж, Солонгос улсын туршлагаас байнга хуваалцаж байлаа. Ерөнхийдөө 2018, 2019 онуудад бусад орны туршлагыг судлах, Монголд нэвтрүүлэх боломжийн талаар судлах, манай дэд бүтцийн байгууллагууд ямар чиг үүрэгтэйгээр оролцохыг тодорхойлох, эдгээр байгууллагууд дээр мөрдөгдөх дүрэм журмуудын төслийг боловсруулах, мэргэжлийн оролцогч байгууллагуудад энэ асуудлыг нээлттэй хэлэлцүүлэх, танилцуулах зэрэг ажлуудыг зохион байгуулсан. Харин Хорооноос үнэт цаасны дараа төлбөр тооцооны Т+2 горимд гуравдугаар сарын 31-ний өдрийн дотор нэвтрүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан удаан судлагдсан асуудлыг бодит ажил хэрэг болгох ажил руу бид орсон. Хороогоор ахлуулсан ажлын хэсгийг Хорооны дарга, Сангийн сайдын хамтарсан тушаалаар байгуулж хоёр сарын хугацаанд ажлын хэсэг маш нягт уялдаатай, эрчимтэй ажиллаж зохицуулалтын хүрээнд болон дэд бүтцийн байгууллагуудын түвшинд бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Хорооны зүгээс хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагуудын холбогдох журмуудыг батламжилж, дараа төлбөр тооцооны горим нэвтрүүлэхтэй холбоотой нарийвчилсан зохицуулалтуудыг журамлаад байна. Мөн олон улсын туршлагаас харахад тухайн улсын үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага нь үнэт цаасны төлбөрийн үйл ажиллагааг давхар эрхэлдэг тул Хорооноос “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д үнэт цаасны арилжааны төлбөрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэмж олгосон. Мөн дэд бүтцийн байгууллагууд дараа төлбөр тооцооны Т+2 горим, төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчмыг нэвтрүүлэхэд шаардагдах программ хангамж, системийн өргөтгөл, сайжруулалтыг хийж гүйцэтгэж, дээрх төлбөр тооцооны горимд орж буй өөрчлөлтийн хүрээнд үнэт цаасны компаниудад холбогдох мэдээллийг өгч, сургалтуудыг зохион байгуулж ажилласан. Сангийн яам, Монголын хөрөнгийн бирж, “Арилжааны төлбөр тооцоо” ХХК, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, болон зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн байгууллагуудыг төлөөлж Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо зэрэг байгууллагууд төлбөрийн шинэ систем нэвтрүүлэх ажлыг хийж гүйцэтгэх хүрээнд маш нягт уялдаатай ажиллаж аливаа гарч ирсэн хүндрэлүүдийг шийдвэрлэх тал дээр маш сайн баг болж хамтран ажиллалаа.

-Т+2 горимтой холбоотой шилжилт хийгдсэнээр зах зээлд эрсдэл үүсэх үү?

-Аливаа хөрөнгө оруулагч үнэт цаасны арилжаанд оролцон, төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадахгүй байх нь төлбөрийн эрсдэл, цаашлаад системийн эрсдэл үүсгэх гол шалтгаан болдог. Үнэт цаасны дараа төлбөр тооцооны горимд шилжихийн тулд хөрөнгө оруулагчийн төлбөрийн эрсдэлийг бууруулах, үнэт цаасны төлбөр тооцооны систем нь тухайн хөрөнгө оруулагчийн дансны үлдэгдлийг шалгадаг байх, үнэт цаасны компаниуд харилцагчаа таньж мэдэх үйл ажиллагааг /KYC/ хэрэгжүүлэх нь эрсдэлийг бууруулахад чухал үр нөлөөтэй байдаг. Төлбөр тооцооны горим нь богино байх тусам “counterparty risk” буюу арилжаанд оролцогч талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, төлбөр тооцоо төлөгдөх өдөр мөнгө эсвэл үнэт цаасыг нөгөө талд хүлээлгэж өгөхгүй байхтай холбоотой үүсэх эрсдэлийг бууруулдаг юм. Олон улсын туршлагаас харахад тооцооны байгууллага нь төлбөр тооцооны системд оролцогчдод учрах эрсдэлийг бууруулж, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулдаг. Энэ жишгийн дагуу “Арилжааны төлбөр тооцоо ҮЦК” ХХК-иас холбогдох журмаа Хороогоор батламжлуулж, эрсдэлийн менежментийн удирдлагыг хэрэгжүүлж ажиллахаар болсон. Хөрөнгө оруулагч төлбөрөө T+2 өдөрт багтаан бүрэн төлөөгүй тохиолдолд клирингийн төвөөс клирингийн гишүүн үнэт цаасны компаниудын байршуулсан барьцаа, захиалга өгөгдөөд биелэгдсэн ч төлбөр нь хийгдээгүй үнэт цаасыг зах дээр дахин арилжаалснаас төвлөрсөн эх үүсвэр, төлбөрийн баталгааны санд гишүүдээс төвлөрүүлсэн хөрөнгө, өөрийн нэмэлт хөрөнгийг ашиглан зах зээлд үүсэх эрсдэлийг бууруулах арга хэмжээ авна.

-Үнэт цаасны төлбөр тооцооны Т+2 горимд шилжсэнээр ямар эерэг өөрчлөлт хөрөнгийн зах зээл дээр гарна гэж та харж байна вэ?

-Хөрөнгийн зах зээл нь хөгжсөн гадны улс орнууд дараа төлбөр тооцооны горимыг нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Үүнийг даган олон улсын хөрөнгийн зах зээлийн идэвхтэй хөрөнгө оруулагчид, хөрөнгийн багцийн удирдлага хэрэгжүүлдэг мэргэжлийн хөрөнгө оруулагч байгууллагуудын тавьдаг суурь шаардлагуудын нэг нь дараа төлбөр тооцооны горим болоод байгаа юм. Та бүхэн санаж байгаа байх, Монголын Хөрөнгийн бирж Англи улсын Лондонгийн хөрөнгийн биржийн FTSE индексийн Хөгжиж буй зах зээлийн ажиглалтын жагсаалтад 2012 онд ороод буцаад 2017 онд хасагдсан байдаг. Хасагдсан гол шалтгаануудын нэг нь манай улсын хөрөнгийн зах зээлд урьдчилсан төлбөрийн горим одоог хүртэл ашигласаар байгаатай холбоотой байсан. Хэрэв FTSE индекс болон бусад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн индексүүдэд Монголын хөрөнгийн зах зээл багтаж чадвал хөрөнгийн багцын удирдлага хийдэг томоохон мэргэжлийн хөрөнгө оруулагчид багцын тодорхой хувийг харьцангуй эрсдэлтэй ч өндөр өгөөжтэй манай хөрөнгийн захад байршуулах суурь боломж бүрдэнэ. Мөн манай улсын хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцоход төлдөг шимтгэл хураамжууд нь бусад улс оронтой харьцуулахад харьцангуй өндөр тогтсон байдаг. Харин үнэт цаасны дараа төлбөр тооцооны Т+2 горим, төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчим нэвтэрснээр арилжааны хэмжээ, хөрвөх чадварын түвшин нэмэгдэж, гадаадын томоохон мэргэжлийн хөрөнгө оруулагчдын хөрөнгийг дотоодын зах зээлд татсанаар дотоодын хөрөнгийн зах зээлийн шимтгэл, хураамж буурах боломж бүрдэнэ гэж харж байна. Ийм ч учраас шимтгэл, хураамжийг хөрөнгийн зах зээлийн хөгжлийн түвшингээр манай улстай ойролцоо улс орнуудын хэмжээнд хүргэх чиглэлээр Сангийн яам болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөөд байна. Гэхдээ дараа төлбөр тооцооны горимын асуудал нь гадны хөрөнгө оруулагч манай орны хөрөнгийн зах зээлд орох сонирхол бага байгаад нөлөөлж буй маш олон хүчин зүйлсийн зөвхөн нэг нь. Цаашид бид хөрөнгийн зах дээр хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, кастодиан банкуудын үйл ажиллагааг гадны хөрөнгө оруулагчдын шаардлагад нийцэх хэмжээнд хөгжүүлэх, макро эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах гэх мэт маш олон хүчин зүйлсийг сайжруулах шаардлагатай байгаа.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"