Шинэ Хөдөө буюу Монгол хүн Монголын баялаг

A- A A+
Шинэ Хөдөө буюу Монгол хүн Монголын баялаг
Хөгжил гэж юу?
Хөгжил гэдгийг хүн хүн янз янзаар тайлбарлах байх. Гэхдээ ихэнх нь эдийн засгийн өсөлтөөр хэмждэг. Монгол улсын эдийн засаг өсөн тэлж байна. Том том барилгууд өдрөөс өдөрт нэмэгдэж байна, зам харгуй барилаа гэдгээр улс орныхоо эдийн засгийг төр засаг ч тайлбарлаад бид ч үүнд нь ийм л байх ёстой мэтээр хүлээж аваад сурчихаж. Угтаа би ажилгүй, миний гэр бүл орлогогүй хоногын хоол муутай бол тэр том барилга , зам талбай, байшин барилга сайхан байх надад юуны хамаатай... Аливаа улс орны хүн амын дийлэнх нь ядуу буурай, олсон орлого нь амьдралд нь хүрдэггүй, сэтгэл ханамж муу бол хөгжлийн үнэлэмж нь шууд доогуурт бичигддэг. Хүний хөгжлийн индекс нь хүний чадавхийн хөгжлийг харуулах бөгөөд ерөөсөө л эрүүл саруул байж, урт удаан наслах; эрдэм мэдлэг эзэмших; амьжиргааны зохистой нөхцөлд аж төрөх гэсэн үндсэн гуравхан хэмжигдэхүүнээр илэрхийлдэг. Зохистой нөхцөл гэдэг нь шууд утгаараа орлогоор хэмжигддэг. Манай улс хүний хөгжлийн индексээр дэлхийн 189 орноос 92-т буюу дунджаас доохнуур ангилалд багтаж байна. Нэг хүнд ногдох орлогын хэмжээгээрээ ч дунджаас доогуур буюу Армен Шриланк улстай хойно урдаа орж явна /2016 оны судалгаа/ Үнэндээ бол иргэд нь хэр сайхан амьдарч байгаагаар улс орны хөгжил яригддаг, үнэлэгддэг бол харамсалтай нь манайд эсрэгээрээ байна.
УИХ, Засгийн газар, тэр ч бүү хэл тухайн харьяа газар нутгаас та биднийг төлөөлөн суугаа эрхэм гишүүдтэйгээ уулзахдаа хүртэл сургууль цэцэрлэгийн засвар, сумын төсөв нэмэгдүүлэх, зам тавиад өгөөч л гэж хүсдэгээс намайг ажилтай болго, миний орлогыг нэмэгдүүлэх боломжийг бий болго, миний бизнес эрхлэх мөнгө олох тэр нөхцлийг бүрдүүлээд өгөөч, энэ тал дээр та юу хийв? гэдэг асуудлыг огт тавьдаггүй. Нэг талаасаа сайхан амьдрахад орчин нөхцөл сайжрах, байшин барилга зам талбай янзлах, сургууль цэцэрлэгийн засвар хийх мөн л дөө. Гэхдээ ажилтай орлоготой хүн, өдрөөс өдөрт орлого нь өсөн нэмэгдэж байгаа хүн бол  төрөөс, хэн нэгэн дарга даамлуудаас хараат бус харин өөрөө энэ боломжуудыг бий болгож чадна гэдэгт л гол учир нь байгаа юм. Та ажилтай, боломжийн орлоготой байвал ямар байх бол? -Чанартай сайхан хоол хүнсээр гэр бүлээ тэжээх -Өөрийнхөө төдийгүй гэр бүл үр хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарах. Чанартай эрүүл мэндийн үйлчилгээ авах -Үр хүүдийнхээ боловсролд анхаарах. Боловсролынх нь чанарыг сайжруулах. -Амьдрах гэр орон, орчин нөхцлөө сайжруулах. -Орлого олох нэмэлт үүсвэрийг бий болгох. -Гэр бүл ах дүү найз нөхөддөө, бусдад туслах боломжтой болох гээд олон нөхцөл боломжийг энд дурдаж болно. Нэг хүн биш нийтээрээ ийм болж байж улс орны эдийн засаг өсөх, дундаж давхарга нэмэгдэх, хот, аймаг, сум, багийн орчин нөхцлийг сайжруулах боломж нөхцөл нь бүрдэх юм. Энэ бол улс орны хөгжил.
Боломж, шийдэл хаана байна вэ?
3,1 сая хүн амтай, хүн амын талаас илүү хувь нь хөдөө оршин суудаг, өргөн уудам газар нутагтай, уламжлалт МАА, газар тариалантай, байгалийн үр өгөөжтэй манай улсын хувьд энэ боломж нь хөдөөд л байна. Өнөөдөр манай улсад хүнсний 3000 орчим үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Манайдаа л томд тооцогдох “Сүү” ХК, “Витафит” ХК, АПУ гэх мэт томоохон үйлдвэрүүд бүгд л түүхий эдийн дутагдалтай байдаг гэнэ. Аарц сүү, ааруул, өрөм зөөхий хэд л бол хэдэн тонноор нь авна гэдгээ уулзалт болгонд хэлж байна. Харин хөдөөгийнхний хувьд боломж нь байгаа ч хөрөнгө санхүү байхгүй, тоног төхөөрөмж байхгүй. Авья гэхэд бэл бэнчин хүрэхгүй, хэдэн малынхаа тоонд л анхаарахаас чанарт анхаарах нөхцөл боломж муу, борлуулалтын сүлжээ байхгүй, төрийн болон орон нутгийн дэмжлэг муу, зээл тусламж хүрдэггүй зэргээс шалтгаалан дийлэнх нь өнөөдрөөр өдөр өнгөрөөж байгаа нь нууц биш. Гэтэл манай улсын ХАА-н бүтээгдэхүүний дийлэнх нь импортоор орж ирдэг бөгөөд сүү сүүн бүтээгдэхүүний 50 гаруй хувь, жимс жимсгэний 90 гаруй хувийг гаднаас зөөвөрлөгдөн орж ирдэг гэсэн харамсмаар статистик тоо гарч байна. Тухайлбал Сүү /үнээний / 15-20% Жимс жимсгэнэ  92-95% Хүнсний ногоо 58% Малын мах 14 хувь% гэх мэтээр гайхмаар бас халагламаар тоо үргэлжилнэ. Энэ бол нэг талаасаа боломж хаана байгааг харуулж байгаа хэрэг.
 
Цаашид яах вэ? Эдийн засгийнхаа бааз суурийг ХАА-н үйлдвэрлэлээс бүрдүүлж, хөдөөд байгаа айл бүрээ үйлдвэрлэгч болох боломж, нөхцлийг бий болгож өгснөөр эзгүй тал нутаг сэрж, иргэн бүр ажилтай орлоготой болох юм. Ингээд бодвол Монголын хөгжил бол Монгол хүн юм. Монгол хүн ажилтай орлоготой, амьдралын түвшин сайжирч байж улс орны хөгжил яригдана.  “Монгол хүн бол Монголын баялаг”. Энд ганцхан төрийн бодлого, өнөөдрөө биш маргаашыг харж хөрөнгө оруулалт хийх л үлдэж байна.
 
Өнөөгийн УИХ-ын гишүүдээс Ж.Бат-Эрдэнэ гишүүн энэ гарцыг харж Шинэ хөдөө төслийг санаачилсан нь Булган аймагт 3дахь жилдээ хэрэгжиж түрүүчээсээ үр өгөөжөө өгч эхэлжээ. Үр дүн холын ирээдүйг нь харсан  бусад аймгууд  ч бас хэрэгжүүлсэн эхэлсэн бөгөөд одоогоор Хөвсгөл, Өмнөговь, Сэлэнгэ, Говьсүмбэр аймгуудад эхлээд явж байна. Хэдэн жилийн өмнө одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга "Шинэ сум" төслийг санаачлан эхлүүлж байсан нь бас л нэг хувилбар байлаа. Булганд хэрэгжиж буй "Шинэ хөдөө" төсөл бол хүн амыг ажилтай орлоготой болгох, үйлдвэрлэл эрхлэх бүхий л боломж нөхцлөөр нь хангах, төрөөс бодлогоор дэмжих, зөвхөн хөдөө гэлтгүй улс орны эдийн засгийг бүхлээр тэтгэх төсөл юм. Хүнээ дэмжсэн, орлогыг нь нэмэгдүүлсэн улс орон л хөгждөг жамтай.
МОНГОЛЫН БАЯЛАГ ХҮН-ээ хөгжүүлэх гарц нь хөдөөд байна.