С.Эрдэнийн төлөвлөгөө буюу 100 саяын горилогчдоос 150 тэрбумыг босгосон уу

A- A A+
С.Эрдэнийн төлөвлөгөө буюу 100 саяын горилогчдоос  150 тэрбумыг босгосон уу

С.Эрдэнийн 100 сая төгрөгийн дэнчинг нийт 181 гишүүн төлсөн мэдээлэл байгаа. Тэдний 76 нь нэр дэвших мандатаа авна. Харин үлдсэн 105 нь улс төрийн дэмжлэг буюу албан тушаалд очно гэсэн горьдлого тээж буй. Нэгэнт горьдогчид учраас нэр дэвшихийн тулд С.Эрдэнэ даргын тавьж буй шаардлагын дагуу бүгд эхний 100 саяас гадна Үндэсний аудитын газрын тогтоосон сонгуулийн зардалд дахиад 360-775 сая төгрөгийг тушаахаар болоод байгаа юм. Мөнгөө төлөх 3 шаттай хугацаатай гэрээ байгуулан ганц хувь нууц гэрээг горилогч бүртэй хийж буй ажээ. Мөнгөө тушаах сүүлийн хугацаа ирэх 7 хоногт дуусна.

Одоогийн байдлаар тойрог бүрт мандатын тооноосоо 2-3 дахин олон горилогч мөнгөө төлсөн талаар ҮБХ-ны гишүүд нь ярьж байна. Гэвч С.Эрдэнэ дарга “хэн мөнгөө гүйцэт төлнө тэрийг дэвшүүлнэ” гэсэн зарчим баримталж байгаа ч гишүүд нь итгэхгүй байна. Учир нь мөнгөө төлөөд дэвшиж чадахгүй бол яах вэ? Гэсэн асуултад “хохь чинь” хэмээн хэлж эхэлжээ. Саяхан цахим орчинд АН-ын ҮБХ-ны гишүүдийн энэ талаар ярьж байгаа хурлын бичлэг задарсан. Уг бичлэгт “Хэдэн халтар төгрөгөө аваад зайлаарай”, “Наад мөнгийг чинь намаас биш би өөрөө төлчихнө” хэмээн аархаж байгаа С.Эрдэнийн мөнгө, эрх мэдлийн өмнө гишүүд нь үнэхээр яаж ч чадахгүй байна.

Цэц дүгнэлтээр С.Эрдэнийн 100 сая эцэслэгдэх үү

С.Эрдэнийн хувьд 100 сая төгрөг “хэдэн халтар төгрөг” байх. Харин жирийн иргэд, залуу гэр бүлүүдийн хувьд 100 сая төгрөг гэдэг бол ирээдүйн 20 жилийн мөрөөдөл билээ.

Хамгийн бага өртгөөр тооцоход м2 нь 2 сая төгрөгийн үнэтэй 50м2 байрны мөнгө. Ийм байртай болохын тулд өнөөдөр гэр бүлүүд жилийн 8 хувийн хүүтэй зээл авч үүнийгээ төлөхийн тулд 20 жил амрах эрхгүй хөдөлмөрлөж байна. Гэтэл Монголын нийгмийн дундаж давхаргынхны 10-20 жилд ч цуглуулж чаддаггүй 100 сая төгрөг С.Эрдэнэ гэдэг хүнд халтар цаасны хэмжээнд үнэгүйджээ. 100 сая төгрөгийн зээлийнхээ хүүнд дахиад энэ хэмжээний хүү төлж байхад С.Эрдэнэ хүнээс 100 сая төгрөгийг нь авчихаад гуйлгачин шиг хөөж байгааг луйвар гэх үү, дээрэм гэх үү?

Аргаа барсан гишүүд нь хууль хяналтын байгууллага Үндсэн хуулийн Цэцэд хүртэл хандахаа мэдэгдсэн. Хамгийн сүүлд гэхэд АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв Үндсэн хуулийн Цэцэд хандан гомдол гаргад байгаа. Тэрбээр АН-ын даргын зүгээс сонгуульд горилогч тус бүрээс 100 сая төгрөгийн дэнчин авч буй нь Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчиж байгаа эсэхийг тогтоолгохоор гомдол гаргасан. Түүнийхээр С.Эрдэнэ хэд хэдэн хуулийг зөрчжээ.

1. Үндсэн хуулийн 3.2 буюу төрийн эрхийг хууль бусаар авахаар завдахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн.

2. Үндсэн хуулийн 14.2 буюу Хүнийг үндэс угсаа, арьс өнгө, боловсрол, хөрөнгө чинээгээр нь ялгаварлаж үл болно гэсэн заалтыг зөрчсөн

3. Улс төрийн намын тухай хуулийн 5.1.3 дахь заалтын … Аливаа намын гишүүн нь намын болон сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөд мөн л дээр дурдсанчлан хөрөнгө чинээ, боловсролоор нь хязгаарлаж болохгүй гэх заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа.

Цэц гомдлын дагуу маргаан үүсгэсэн тохиолдолд дүгнэлт гаргаж УИХ-д хүргүүлнэ. Хэрэв гомдол үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргаад УИХ дүгнэлтийг хүлээж авбал С.Эрдэнэ намаа удирдан сонгуульд оролцох эрхгүй болох магадлалтай гэж ажиглагчид үзэж буй.

Ганцхан тойргоос босгож буй 4.6 тэрбум төгрөг хэний халаасанд үлдэх вэ?

Ганцхан тойргоос гэхэд хэдэн тэрбум төгрөг босгохоор тоо бодсон хүнд 100 сая төгрөг жирийн маниусын 10 мянган төгрөгийн дайтай л санагдаж байгаа байх. Дундаж зардалтай ганц тойргоор жишээ татаж, тоо бодоод үзье.

УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог буюу Сүхбаатар дүүрэг. Энэ тойрог 3 мандаттай. Үндэсний аудитын газрын баталсан 1 нэр дэвшигчийн сурталчилгааны зардлын хэмжээ 563.8 сая төгрөг. Гурван нэр дэвшигчийн нийт зардал 2.391 тэрбум төгрөг.

Харин ил болоод байгаа мэдээллээр АН-аас одоогийн байдлаар 7 горилогч 100 сая төгрөгийн дэнчингээ төлсөн. УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа, АЗХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон, СБД-ийн Засаг дарга Б.Болормаа, Засаг дарга асан Д.Бадарсан нарын нэр горилогчдын жагсаалтад орсон байсан.

ДЭНЧИН: 7 горилогч x 100 сая = 700 сая төгрөг ГОРИЛОГЧ БҮР СОНГУУЛИЙН ЗАРДЛАА УРЬДЧИЛАН 3 ХУВААЖ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН ГЭЖ ҮЗВЭЛ: 7 горилогч х 563.8 сая = 3.9 тэрбум төгрөг НИЙТ = 4.6 тэрбум төгрөг

Дээрх горилогчдоос Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдын албан тушаалаа УИХ-ын энэ сонгуульд нэр дэвшихийн тулд АН-ын дэд даргаар сольсон Б.Дэлгэрмаа бие даан нэр дэвшиж байгаа. Бүхэл бүтэн намын дэд дарга атлаа бие дааснаараа С.Эрдэнийн мөнгөний машин болохыг эсэргүүцсэн нь энэ бололтой. Харин түүний оронд ҮБХ-ын гишүүн, “Сайн засаглал”-ын Ганбаяр санаатай гэсэн яриа байна. Учир нь тэрбээр С.Эрдэнийг СБД-ийн 3 мандаттай тойрогт 6-7 горилогч жагсаачихаад хүн бүрээс мөнгө авч, мөнгөний АТМ болгохыг эсэргүүцэхийг оролдсон ч мөн л хөөгдөж туугджээ.

Энэ бол зөвхөн дундаж тойргийн мөнгөний тооцоо. Үүнээс л өндөр зардалтай тойргууд ч бий. Тухайлбал, Баянгол, Баянзүрх дүүргийн нэг нэр дэвшигчийн зардлыг 718-775 сая төгрөгөөр тогтоосон. Мөн л тус бүр дээр нь 6-9 горилогч байгаа гэхээр дээрх дүүрэг тус бүрт горилогчдоос нийт 9-10 тэрбум төгрөг цуглах тооцоо гарч байгаа юм.

Монгол Улс нийт 29 тойрогт хуваагдсан. Тэгэхээр хамгийн дундаж тойрог болох СБД-ийн тооцоогоор бодоход С.Эрдэнэ УИХ-д 76 нэр дэвшигч тодруулахын тулд энэ сонгуулиар нийт 150 орчим тэрбум төгрөг босгох нь.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, хамгийн шилдэг татвар төлөгч компани ч хэдхэн сарын хугацаанд энэ хэмжээний мөнгийг босгож чадахгүй. Гэтэл С.Эрдэнэ АН-ын даргын хувьд УИХ-д нэр дэвшүүлэх ганц гарын үсгээрээ 150 орчим тэрбум төгрөгийг цуглуулж байна. Сонгууль дуусдагаараа дуусна. Харин дараа нь яах вэ? УИХ-д сонгогдож чадсан нь С.Эрдэнэд тушаасан хамгийн багаар тооцоход хагас тэрбум төгрөгөө буцааж олохын төлөө авилгалдана, тедердэнэ, ждүдэнэ. Харин нэр дэвшиж чадаагүй ч хэдэн зуун сая төгрөгөө тушаасан 105 хүнээ яамны сайд, дэд сайд, ТНБД, агентлагийн дарга болгохын төлөө дахиад хэдийг нэмж нэхэх бол?

60 тэрбумын схемийг ярилцсаныхаа төлөө Ц. Сандуй тэргүүтэй хүмүүс төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн зүйл ангиар яллуулсан. Гэтэл энэ схемийг хэд дахин нарийвчлаад, нугалж үнэлээд хэрэгжүүлж байгаа АН-ын дарга С. Эрдэнэд үйлчилэх хууль гэж байна уу?