-Улс орнууд жил бүрийн тавдугаар сарын 3-нд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг өргөн тэмдэглэдэг. Ингэж чухалчилж үзэхийн утга учир чухам юу вэ?
-Энэ бол дэлхийн сэтгүүлчдийн эв санааны нэгдлийн өдөр. Би энэ утгаар нь хүлээж авдаг. Зарим хүн баяр гэж үзэх нь ч бий. Гэвч баярын өдөр биш, хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцдэг, үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх хүний үндсэн эрх чөлөөний төлөө тэмцдэг сэтгүүлчдийн хариуцлагын өдөр юм. МСНЭ-ийн Ерөнхийлөгч болсноос хойш миний хувьд бүр ч хариуцлагатай өдөр болж, өнгөрсөн хоёр жил дараалан “Хараат бус сэтгүүлзүй” сэдэвт үндэсний форумыг улсын хэмжээнд зохион байгууллаа. Намайг энэ ажлыг хүлээж авахаас өмнө тавдугаар сарын 3-ны форумыг НЗДТГ-тай хамтран хийдэг байсан юм билээ. Энэ уламжлалаар эхний жил С.Батболд, дараа жил нь С.Амарсайхан даргатай хамтран хийсэн. Аль аль нь сайхан болсон. Чухам яагаад хараат бус сэтгүүлзүйг онцлов гэвэл би өөрөө ийм зорилтыг өмнөө тавьж МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж гарч ирсэн. Хүн бүрийн ажиллах арга барил өөр байх. Миний хувьд санхүү, менежмент, маркетинг талаас энэ байгууллагыг хөгжүүлэхийг хичээсэн. Өнөөдөр сэтгүүлчийн эрх чөлөөний тухай ярихаар санхүүгийн эрх чөлөөг, хараат бус сэтгүүлзүйн талаар ярихад санхүүгийн хараат бус байдлын тухай ярьж байна шүү дээ. -Монголын чөлөөт хэвлэлийн загалмайлсан эцэг гэгддэг, нэрт сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Дашдондов “Чөлөөт хэвлэл гэдэг галзуу нохой биш, сэтгүүлч гэдэг нь яллагч биш, үнэнийг ярьж мэдээлэгч” гэсэн байдаг. Сэтгүүлч гэж хэн бэ? -Өөрийгөө олсон үзэл санаатай, оюун бодол нь төлөвшсөн, өөрийгөө илэрхийлэхээс илүүтэй бусдыг, үйл явдлыг илэрхийлж илтгэн харуулж чаддаг, баримтыг дэлгэж чаддаг байх нь сэтгүүлч гэдэг тодорхойлолтод илүү ойртоно. Баримтаар сенсац хөөх биш баримтыг баримт шиг дэлгэж чаддаг, асуудлыг шийдүүлэхийн төлөө асуудал дэвшүүлж, сурвалжилж чаддаг байх нь сэтгүүлчийн гол мөн чанар юм болов уу даа. Харамсалтай нь сүүлийн үед манай зарим залуус сенсац хөөмтгий, өөрөө үйл явдлын төв болдог, өөрөө үйл явдал болоод явчихдаг гажуудал бий болжээ. Энэ бол мэргэжлийн сэтгүүлзүй биш. Ийм хүнийг мэргэжлийн сэтгүүлч гэхэд чамлалттай. Жинхэнэ мэргэжлийн сэтгүүлч бол яван явсаар нийгмийн зүтгэлтэн болдог. Үүрэг хариуцлагаа ухамсарлан ёс зүйг баримтлан бичиж туурвиж, нийтэлж нэвтрүүлж яваа сэтгүүлч хүссэн хүсээгүй нэгэн цагт нийгмийн зүтгэлтэн болж төлөвшдөг.
-Дэлхийн сэтгүүлзүйн салбарын чиг хандлага, Монголын сэтгүүлчид тэдэнтэй хөл нийлүүлж чадаж байгаа эсэх талаар таны байр суурийг сонирхъё?
-МСНЭ-ийн Удирдах зөвлөлөөс 2019 оныг гадаад харилцааны жил болгон зарласнаар дэлхийн 30 гаруй улстай хамтын ажиллагааны санамж бичиг, гэрээ хэлэлцээр байгуулсан. Түүний өмнө миний бие 10 гаруй улсад очиж туршлага судалсан. Бидний дуу хоолой дэлхийд сонсогдохгүй, монгол сэтгүүлчдийг тэнд хэн ч танихгүй байна. Харин одоо дэлхийн 30 улсын сэтгүүлчдийн холбоо нь биднийг мэддэг болж, Монголын сэтгүүлчдийн байгууллагыг хүчтэй байгууллага гэж ойлгож хүлээж авсан. Үүний нэг илрэл нь өнгөрсөн жил Африкийн Тунис улсад болсон Олон улсын сэтгүүлчдийн их хуралд миний бие таван нөхдийн хамт оролцсон. 145 орны 370 гаруй сэтгүүлч тэнд ирж, газар газрын шигшмэл хурд цуглалаа гэдэг шиг том үйл явдал болдог юм байна.Хамгийн гол нь 2019 онд бидний өмнөө тавьсан зорилго тодорхой хэмжээнд биелж, сэтгүүлчид маань улс орнуудаар аялж, газар газрын сэтгүүлчидтэй уулзан туршлага судалж, редакц нь редакцтайгаа, сэтгүүлч нь сэтгүүлчтэйгээ харилцаа тогтоох боломж нээгдсэн. Монголын сэтгүүлзүй, монгол сэтгүүлч дэлхийн тавцанд танигдах ёстой. Ингэж байж бид дуу хоолойгоо дэлхийд томоор хүргэнэ. Энэ үзэл санааны үүднээс бид тодорхой ажлууд санаачлан хэрэгжүүлсэн. Манай зарим сэтгүүлч “Чи одоо яах гэж байгаа юм. Хаа байсан Африкийн Тунистай очиж гэрээ байгуулах ямар хэрэгтэй вэ. Эндээс бидэнд юу наалдах юм бэ” гэсэн шүүмжлэл тавьж байсан ч би зорьсноо хийсэн. Салбарынхан маань янз бүрийн байдлаар дүн тавьсан байх. Та бүхэнд нэгэн содон гэмээр мэдээг дуулгая л даа. Дэлхийн сэтгүүлчдийн их хурлыг хүлээн авах шалгаруулалтад Монгол Улс сүүлийн гуравт тунаж үлдээд байна. Бүгд Найрамдах Тунис улсад болсон Олон улсын сэтгүүлчдийн холбооны ХХХ их хурлын дараа шууд дараагийн их хурлыг зохион байгуулах орныг сонгох сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлачихдаг юм байна лээ. Манайхтай нийлээд 20-оод орон өөрийн оронд зохион байгуулах хүсэлтээ илэрхийлсэн юм шиг байна. Олон улсын сэтгүүлчдийн холбоо бол 170 гаруй орны сэтгүүлчдийн холбоог өөртөө нэгтгэсэн дэлхийн сэтгүүлчдийн эв санааны нэгдлийг илэрхийлэгч хамгийн том байгууллага. МСНЭ 2022 оны тавдугаар сард Улаанбаатар хотноо Дэлхийн сэтгүүлчдийн XXXI Их хурлыг зохион байгуулах саналаа нэлээд чамбай бэлтгэж хүргүүлээд байна. Олон улсын сэтгүүлчдийн холбооны Гүйцэтгэх хорооноос хийсэн сүүлийн шалгаруулалтаар Монгол Улс тус их хурлыг өөрийн оронд зохион байгуулах боломжтой гурван орны нэгээр шалгарч үлдээд байна. Сүүлийн шатанд чухам аль улс шалгарсныг тун удахгүй зарлах байх.
-Баяртай сайхан мэдээ юм. Зохион байгуулахад нөгөө АСЕМ шиг олон тэрбум төгрөгийн зардал гарах уу?
-/инээв/. За тийм зүйл байхгүй дээ. Яахав, 150 -170 орны сэтгүүлч ирнэ. Онгоцны тийзээ өөрсдөө даачихдаг юм. Зочид буудал, хоолны тал дээр бид онцгой хөнгөлөлт үзүүлэх үүрэг хүлээж байгаа. Хамгийн гол нь их хурал зохион байгуулах заал, хөтөлбөр бусад арга хэмжээг саналдаа тусгасан. Нийт зардлын хувьд нэг тэрбумаас хол давахгүй. Олон улсын сэтгүүлчдийн холбооны их хурлыг зохион байгуулах алба буюу 20 –оод хүний нислэгийн тийз, зочид буудлын зардлыг даадаг юм. Түүнээс биш тийм олон зуун тэрбум төгрөг сэтгүүлзүйн их хурлын зардалд шаардлагагүй. Олон улсын сэтгүүлчдийн холбоо тийм баян тансаг, баяр ёслолын шинжтэй хурал цуглаан, уулзалт хийх бодлого барьдаггүй. Хамгийн гол үзүүлэлт нь нэгдүгээрт, аюулгүй байдал, хоёрдугаарт тухайн улсын сэтгүүлчдийн холбооны идэвх санаачилга, чөлөөт хэвлэл, хараат бус сэтгүүлзүйн талаар хичээл зүтгэл, чармайлтыг авч үздэг. Монгол Улс бол Төв Азид дахь ардчилсан арал шүү дээ.
-МСНЭ-ээс энэ оныг “Ёс зүй, хариуцлагын жил” болгон зарласан. Яагаад ингэж онцлов?
-Бид иргэдийн мэдэх эрхийг хангахын төлөө сэтгүүлч гэдэг мэргэжлийн онцлогийг ашиглан нийгэмд тэдний дуу хоолойг хүргэж, төрд сонордуулдаг. Нөгөө талаас бид мэдээллийн үйлчилгээ л үзүүлж байгаа нийгмийн нэг бүтэц. Өөрсдөө ёс зүйтэй байхгүй бол, мэргэжлээ, мэргэшлээ хайрлахгүй бол нийгэм маань биднийг хайрлахгүй. Бид мэргэжлийн байх, ёс зүйн кодыг сахих, эзэмшсэн мэргэжилдээ эзэн байх, бичиж байгаа үг өгүүлбэр болгондоо, нэвтрүүлэг дээр хэлж ярьж байгаа үг, үйлдэл бүртээ өөрийгөө яг мэргэжлийн түвшинд хадгалж үлдэх, тэр стандартаа барих ёстой. Сэтгүүлчтэй хариуцлага тооцох нь эрүүгийн хийгээд иргэний нэхэмжлэхийн асуудал биш. Сэтгүүлчийн нэр хүнд сэвтэх нь өөрөө хамгийн том хариуцлагын шийтгэл. Тухайн сэтгүүлчийн бичиж байгаа нийтлэл муудаад ирэхээр тэртэй тэргүй уншигчид нь голдог. Энэ нь өөрөө хангалттай шийтгэл. Сэтгүүлч ёс зүйн алдаа гаргавал мэргэжлийн хүрээнийхэн нь тоохгүй болж ирдэг, энэ хамгийн том шийтгэл. Тиймээс ёс зүй, хариуцлага гэдгийг сэтгүүлч бүр өөрөөсөө эхэл гэж байгаа юм. Сүүлийн үед залуус маань маш хөдөлмөрч, дайчин болсон нь сайхан. Бас зоригтой, хурдтай болжээ. Одоо энэ чанарууд дээрээ мэргэжлийн өнцгөө илүү тодосгочих юм бол олон сайхан сэтгүүлч төрж гарч ирж байна гэж хардаг.
-Энэ онд сэтгүүлчдийн анхаарлыг хамгийн их татсан асуудал нь Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт байлаа. Гүтгэхтэй холбоотой заалтад зарим сэтгүүлч шүүмжлэлтэй ханддаг. Харин та ямар тайлбар хэлэх бол?
-Энд хоёр асуудал бий. Нэгдүгээрт, би сэтгүүлчдийнхээ талаас ярья. 2017 оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болсон Зөрчлийн тухай хуулиас өмнө Эрүүгийн хуулиар сэтгүүлчийг баривчлах, хорих, ял шийтгэл ногдуулах заалт үйлчилж байсан. Эрүүгийн хуулиас Зөрчлийн хууль руу орсон нь дэвшил байсан. Гэхдээ “Чонын амнаас гараад барын ам руу орлоо” гэдэг шиг торгохоос өөр шийтгэлгүй болгож явцууруулан, талууд нотлох баримт гаргаж тодорхой хэмжээнд мэтгэлцэх процессыг нь байхгүй болгосноор сэтгүүлзүйн талаар ямар ч мэдээлэл, мэдлэггүй хорооны цагдаа өөрийнхөө үзэмжээр шийддэг болсон. Дээрээс “өгсөн” чиглэлээр явцуу хэсэг бүлгийн эрх ашигт нийцүүлэн шийддэг байсан гэж ч хардаж болно. Цагдаагийн байгууллага босоо удирдлагатай. Тэнд үүрэг гүйцэтгэж буй албан хаагч тушаал биелүүлдэг. Дээрээс ирсэн чиглэлийн дагуу шийдэх гэж улайрдаг ийм гажуудал тэнд бий болсон гэж болно. Намайг МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн ажлыг хүлээж авахад “Зөрчлийн хуулийн 6.21-ийг байхгүй болгооч” гэсэн шаардлагыг сэтгүүлчид тавьж, би мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн юм. Нөгөө талаас нийгэм үүнийг ойлгож эхэлсэн. Зөрчлийн хуулийн 6.21 гэдэг заалт бидний мэдэх эрхийг бас хязгаарлаж байна гэдгийг нийгэм ойлгоод ирэхээр хууль зүйн салбар ч бас ойлгож эхэлсэн. Ингээд нийгмийн олон талт хэлцлийн үндсэнд Зөрчлийн хуулийн 6.21-ийг өөрчилье гэсэн сэтгүүлчдийн шаардлагыг ХЗДХЯ хүлээж авч хассан. Гэхдээ үүний хажуугаар нэг аюултай зүйл гарч ирсэн нь энэ заалтыг яг тэр чигээр нь, бүр тодруулбал сэтгүүлчийг тухайн гүтгэх гэмт хэргийн субъект болгон нарийвчилж Эрүүгийн хуульд оруулах гэж оролдсон. Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийг тэр үед ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр ахалж байсан юм билээ. Өөрөө ч сүүлд нь сошиалаар байр сууриа илэрхийлж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгөхдөө “Би тэр заалтыг оруулсан” гэж хэлсэн. Энэ гүтгэх, доромжлох гэдэг үгэнд их учир бий. Хэн нэгнийг авлигач гээд хэлчихвэл гүтгэж, доромжилсон болчих гээд байна шүү дээ. Авлига авсан ч, эс авсан ч түүгээр шийтгүүлж чадаад байна. Тиймээс бид гүтгэх гэдэг заалтыг хатуу эсэргүүцсэн, Зөрчлийн тухай хуулиас авахуулсан, Эрүүгийн хуулиас ч хасуулсан, энэ бодит үнэн. Үүнийг мушгиж тайлбарлах шаардлагагүй. Тэр үед би “Энэ заалтаа авч хаяхгүй бол Сүхбаатарын талбайд сэтгүүлчдээ жагсаана шүү” гэж ажлын хэсэг дээр хэлж байлаа. Нэг ёсондоо айлгалт юм даа. Ингээд тэр заалтыг хуулиас авч хаясан. Ажлын хэсэг бидний саналыг хүлээж авсны дараа хариу хувилбар гаргаж ирсэн. Тэр нь Худал мэдээ тараах буюу Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт юм. Ажлын хэсгийн зүгээс “Хоёр шалтгаан байна шүү, Мандахбаяр аа. МСНЭ-ийн ерөнхийлөгчийн хувиар та сэтгүүлчдийнхээ эрх ашгийг хамгаалж байгааг ойлгож байна. Гэхдээ энэ бол сэтгүүлчдэд зориулсан заалт биш. Сошиал орчинд нэр, нүүрээ нуун хуурамч хаягнаас бусдыг гүтгэж, доромжилж байгаа үйл ажиллагаатай хуулийн байгууллага тэмцэж чадахгүй байна. Ийм боломж алга. Мөрдөн шалгах, гүйцэтгэх ажиллагаа явуулах юм уу, ийм байдлаар гэмт хэрэгтнийг олж илрүүлэх шаардлага байгаа учраас энэ заалтыг Эрүүгийн хуульд оруулна. Хоёрдугаарт, бид ялын бодлогыг чангалахгүй, хорих ял байхгүй гэсэн байдлаар тэр заалтыг оруулж ирсэн” гэсэн. Бидний зүгээс тэр заалтыг эцсийг нь хүртэл эсэргүүцсэн. “Наад заалтыг чинь хуульд оруулахгүй, яагаад гэвэл Иргэний хуулиар наад асуудал чинь зохицуулагдсан байгаа. Хүний алдар, нэр хүндийг гутаах гэсэн зүйл заалтаар Иргэний хуулиар асуудал шийдвэрлэгдээд явж байхад эрхзүйн давхардал үүсгэж байна” гэж бид хатуу эсэргүүцсэн. Ажлын хэсэг дээр миний бие, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа, хуульч Балжмаа нарын гурван хүн байсан юм. Бид гурав 30 гаруй хүний өөдөөс эсэргүүцээд эцэст нь ямар ч аргагүй тэр заалт батлагдсан. Асуудлын нэг тал энэ. Нөгөө тал нь гэвэл ер нь хэн ч байсан иргэддээ худал мэдээ тарааж болохгүй шүү дээ. “Албан тушаалтан, иргэн, байгууллага, сэтгүүлч хэн ч худал мэдээ, мэдээлэл тарааж болохгүй. Үүнийг та нар өөрсдөдөө хамаатуулж ойлгож болохгүй ээ, Мандахбаяр аа. Та сэтгүүлчдээ худал мэдээ тараах юм руу уриалах гээд байгаа юм уу” гэж ажлын хэсгийнхэн надаас асууж байсан. Нэг нөхөр бүр “Чи түүхэнд маш муу юм хийх гэж байна. Сэтгүүлчдийн ерөнхийлөгч юм бол чи наад хэвлэл мэдээллээ худал мэдээллийн хогийн сав болгох гэж байна шүү дээ” гэсэн. Аюултай юм ярьж байгаа биз, тэр хүмүүс. Энэ хоёр кэйсийг нь бид үнэхээр эсэргүүцэж чадаагүй. Тэгээд юу хэлсэн бэ гэхээр “Та бүхний тайлбарыг хүлээж авлаа, гэхдээ манай сэтгүүлчид наад заалтыг чинь эсэргүүцэж байна, оруулахгүй” гээд зүтгэсэн. Ийм байдалд тэр хууль батлагдсан. Манай сэтгүүлчид бодож бичих ёстой. Баримтаа нягтал, бас дахин нягтал. Ийм зарчмаар ажилла. Ингэх юм бол хүн гүтгэсэн асуудалд орохгүй. Баримтыг дутуу, гацуу нягталсан, эсвэл хэт даваадуулж бичсэн, хэтрүүлэг хэрэглэсэн энэ нөхцөлд хуулийн өмнө унана. Тиймээс мэргэжлийн ёс зүйгээ баримтал, мэргэжлийн чиг баримжаагаа илүү сайжруул, өөрийгөө хөгжүүл. Ингэж чадвал бид хууль, шүүхийн өмнө очиж суугаад байхгүй. Эрүүгийн шинэ хуулийг хэрэглэх тухайд бас асуудал бий. Манай сэтгүүлчид өөрсдөө юмны ард бие дааж гарах гэж зүтгээд байдаг талтай. Өөрөө асуудлыг шийдэх гэж улайрдаг хүмүүс байх юм. Цагдаад дуудагдахаараа өөрөө нухаж нухаж хамгийн сүүлд бүр болохгүй араанд нь авааччихаад “Хүүе би болохоо байлаа, МСНЭ намайг хамгаалсангүй” гэж хашгирдаг. Одоо бол би сэтгүүлчдээсээ түрүүлж хашгирч байгаа. Та бүхэн анзаарч буй бол би байнга уриалдаг “Сэтгүүлч цагдаад дуудагдсан л бол наашаа хүрээд ир, бид хамгаалъя. МСНЭ чиний өмгөөлөгч хийе” гэж. Сүүлийн 1-2 жил МСНЭ дээр мэргэшсэн өмгөөлөгч бэлтгэгдлээ, Балжмаа гэж мэргэшсэн залуу хуульч гарч ирж байна. Сонгуулийн үеэр дахиад хоёр өмгөөлөгчийг нэмснээр гурван хүнтэй хуулийн баг сэтгүүлчдэд өмгөөлөл үзүүлэхэд үнэ төлбөргүй ажиллахаар боллоо. Энэ бол МСНЭ-ийн үүрэг, сэтгүүлчдийнхээ мэргэжлийн эрхийг хамгаалах зорилтыг дүрэмдээ тусгасан байгууллагын хувьд хийх ёстой ажлынх нь нэг юм.
-Ийм учраас та тавдугаар сарын 3-нд “Эрүүгийн хуулийг зөв хэрэглэе” гэсэн агуулгатай цахим жагсаалыг санаачлав уу? -Яг тийм. -Иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, сэтгүүлч, хэвлэн нийтлэгчдийн эрх чөлөө Монголд хууль зүйн талаасаа хэр баталгаажсан бэ?
-Сэтгүүлчдийн эрх зүйн байдал дээрдсэн. Нэг жишээ хэлье. “Страто” гэдэг компанийн зүгээс миний хувь эзэмшдэг ZINDAA.MN, “Өглөөний сонин” хоёрыг цагдаад өгчээ. Нөгөө Эрүүгийн хуулиар дуудагдсан анхны хариуцагч нь бараг би өөрөө болж таарч байна шүү дээ. Хууль батлагдаж гараад эргээд над дээр ирж байна. Энэ тохиолдолд манай редакци яаж ажилласан бэ гэхээр сэтгүүлч, редактороо цагдаа руу явуулаагүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон. Итгэмжлэгдсэн төлөөлөгч маань очоод ганц л тайлбар өгсөн. Манай сэтгүүлчийн бичсэн мэдээ үнэн. Шуурхай хурал дээрээ яриад сэтгүүлчийг энэ мэдээллийн мөрөөр ажилла гэж үүрэг өгсөн учраас сэтгүүлч хийсэн байна. Тэгэхээр сэтгүүлч хариуцахгүй. Хоёрдугаарт, энэ нь редакцийн байр суурь юм. Манай редакци энэ мэдээлэл үнэн гэдэгт итгэлтэй байна. Гомдол гаргагч үүнийг илт худал мэдээлэл гэж үзээд гомдол гаргасан юм байна. Энэ мэдээллээ илт худал болохыг нотлооч гэсэн. Ингээд мөрдөн байцаалтын үйл ажиллагаа мухардаж байгаа юм. Үүнээс цаашхи процесст редакц оролцох шаардлагагүй. Сэтгүүлч эх сурвалжаа нэрлэх шаардлагагүй. Нэмэлт баримт гаргаж өгөх шаардлагагүй. Нэмж мэдүүлэг өгөх ч шаардлага байхгүй. Мэдүүлгээ өгсөн болоо, дахиад хэрэв мэдүүлэг авбал бид тэрийгээ л хэлнэ. Тоть шиг мянган удаа давтана. Үнэхээр “Страто” компани “Өглөөний сонин”, ZINDAA.MN сайтыг худал мэдээлэл бичсэн гэж байгаа бол түүнийгээ нотол. Тийм баталгаа гараад ирэх юм бол бид дараагийн баримт, дараагийн үйл ажиллагаа руу орно гэсэн байр суурьтай байна. Ингээд энэ хэрэг хаагдаж байгаа. Сэтгүүлч, редакциуд ингэж ажиллах ёстой. Үүнийг бид сэтгүүлчийн эрх зүйн байдал дээрдсэн гэж байгаа юм. Өмнө нь нөхцөл байдал ямар байсан бэ гэвэл, Зөрчлийн хуулийн 6.21-ээр “Страто” компани “Өглөөний сонин”, ZINDAA.MN сайт намайг гүтгэн доромжилсон гээд цагдаад өгчихнө. Тэгэнгүүт нөгөө хорооны цагдаа “Гүтгэсэн байна” гэж үзээд, бүр ядахдаа “Доромжилсон” гэж үзээд хоёр сая төгрөгөөр торгоно. Эсвэл хэвлэл, мэдээллийн байгууллыг 20 саядна. Энэ ямар ч мэтгэлцээн, шүүхийн процесс явагдахгүй замын цагдаа шиг торгуулийн хуудас барьж давхиж орж ирээд торгочихно, өөр ямар ч асуудал байхгүй. Дээр нь сэтгүүлчийг өөрийг нь гүтгэж торгож байгаа юм. Сэтгүүлзүйг гүтгэж ял шийтгэл ногдуулж байгаа юм. Тэгэхээр энэ хоёрын хооронд зарчмын маш том зөрүү гарсан. Манай зарим сэтгүүлч мэдсээр байж гүтгэх заалтыг Эрүүгийн хууль руу оруулчихлаа гэж мушгиж яриад байгаа. Гүтгэх заалт байхгүй болсон. Тэрийг бид оршуулсан. Одоо харин худал мэдээ тараах гэдэг заалт үйлчилж байгаа. Дахиад хэлье, баримтаа нягтал, нягтал, бас дахин нягтал.
-Ахмад сэтгүүлчид болон зохиолчдын дурсамжид “Зохиолч, сэтгүүлчид гэдэг аль аль нь авьяастай ч, ааштай ч хүмүүс. Мэргэжлийн байгууллагыг удирдахад маш хэцүү” гэсэн байдаг. Аливаа хамт олон, байгууллагад эв нэгдэл хамгийн чухал. Сэтгүүлчдийн эв нэгдлийн тухай та юу хэлэх бол?
-Тэр үнэн, манай сэтгүүлчид характер хэцүү, амбиц хэцүү. Яалт ч үгүй ийм улс. Би ч өөрөө тэдний нэгд орно. Гэхдээ сэтгүүлчид маань нэг зүйлийг бодох ёстой. Тэр бол бид эв нэгдлээ хангаж ажиллах ёстой. Чухам юун дээр эв нэгдэлтэй байх ёстой вэ гэвэл, ний нуугүй хэлэхэд манай зарим сэтгүүлч мөнгөн дээр ихээхэн эв нэгдэлтэй байна. Тодорхой улс төрчийн эрх ашиг дээр ихээхэн эв нэгдэлтэй байна. Ингэж харагдах юм, анзаарч байхад. Би энэ салбарын ерөнхийлөгчийн ажлыг хийж байгаагийн хувьд шулуухан хэлчихье. Яагаад бид мэргэжлийн ёс зүй дээрээ эв нэгдэлтэй байж болохгүй байна вэ. Мэргэжлийн байгууллагаа тойрч суугаад асуудлаа ярихдаа яагаад эв нэгдэлтэй байж болохгүй байна вэ. Нэгэн рүүгээ дайрдаг, нэгийгээ муучилдаг, тодорхой хүний захиалгаар, тодруулбал улстөрчийн, зарим олгигархийн захиалгаар нэгийгээ намнах гэж оролддог. Сошиал орчныг ашиглаж сэтгүүлчдээ нэр хаяггүй тролл хаягнаас гутаадаг. Энд нэг л зүйлийг ойлгох ёстой. Манай нэрт сэтгүүлч Ц.Дашдондов гуай “Сэтгүүлч нь сэтгүүлчээ барьж идэж болохгүй” гэж хэлсэн байдаг. Хэрэв сэтгүүлч нь сэтгүүлчээ муулж байгаа бол өөрийгөө муулж байгаа гэсэн үг. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл рүүгээ дайрч байгаа бол гал голомт руугаа дайрч байгаа гэсэн үг. Бид сэтгүүлч гэдэг малгай дор бүгдээрээ байж байгаа шүү дээ. Сэтгүүлч өөрөө хэн байхаас үл шалтгаалан агуу Л.Түдэв, Ц.Намсрай, Ц.Дашдондовын удирдаж явсан энэ байгууллагыг хайрлах ухаан, сэтгэл байхгүй бол энэ салбарт хэзээ ч төлөвшихгүй. Мандахбаяр байна уу, хэн байна гэдэг энд хамаагүй. Мандахбаярын үзэл бодол, байр суурь, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг шүүмжилж болно. МСНЭ-ийг гутааж болохгүй. Сэтгүүлч гэдэг эрхэм алдрыг гутааж болохгүй. Үг нь ил, шүүмжлэл нь тодорхой байх ёстой. Би ийм шүүмжлэлийг хүлээж авдаг. Эрс шүүмжлэл байсан ч хүлээж авна. Яагаад гэвэл ойлголтын зөрүү, үзэл бодлын зөрүү, байр суурийн зөрүү бол байж болно, байх ч ёстой зүйл. Харин мэдсээр байж Мандахбаярыг шантаажилж, эсвэл хэн нэг сэтгүүлчийг дуугүй болгохын тухайд сэтгүүлч рүүгээ дайрдаг, зүй бусаар гутаан доромжилдог үйлдлийг зарим сэтгүүлч өөрсдөө хийж байгаа нь аюултай бас гутамшигтай. Ийм зүйлтэй би эвлэрдэггүй. Тиймээс хатуу шүүмжилдэг, нэр цохож хэлдэг. Хэвлэл, мэдээллийн хэрэгслийг шантаажчин телевиз энэ тэр гээд хэлчихсэн тохиолдол бий шүү, би энэ үгийнхээ хариуцлагыг хүлээнэ. Шантааж хийж байгаа сэтгүүлчийг “Чи шантааж хийж байна” гээд шуудхан хэлчихдэг. Ер нь бол идээ бээрийг шахаж байж л үндсэн бие цогцос нь эрүүл үлдэнэ шүү дээ. Энэ салбараас зарим мууг шахаж зайлуулж байж үлдсэн нь цэвэр байна, тийм биз. Ийм байдлаар миний өөрийн унаган характер, хатууд хатуу, зөөлөнд зөөлөн байхдаа хэтэрхий ил, хэтэрхий галтай байдаг л байх. Ер нь бол сэтгүүлчдийн байгууллага удирдаж байгаа хүн бөөрөнхий байх боломжгүй юм билээ. Нэг талт шийдвэртэй байх ёстой. Олон талыг ойлголцуулна, эв нэгдлийг сахина гээд л дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч болохгүй үүрэг хариуцлага бас надад байна.
-Сэтгүүлчдийг үнэний эрэлч, тэмцэгч гэвэл сум нь үг, өгүүлбэр юм. Нуулгүй хэлэхэд их, дээд сургууль төгсөөд ирж байгаа зарим сэтгүүлч эх хэлний боловсрол сайнгүй, суурь мэдлэг дульхан байх юм. Өнөөдөр монгол сэтгүүлч дэлхийд гарах тухай ярьж байхад ийм асуудал хөндөх ичгэвтэр байвч бодит байдал ийм л байна. Та ч бас боддог л байх...
-Яалт ч үгүй байгаа байдал. Энд би багш нарыгаа шүүмжилмээргүй байна. Харин тогтолцоог бол шүүмжилнэ. Их, дээд сургуулиудын сэтгүүлзүйн програм, сургалтын арга барилд өөрчлөлт хийх цаг болсон. Үүнийг манай судлаач, сэтгүүлч, багш нар өөрсдөө ярьж байгаа. Яам нь хөдөлдөггүй юм уу, сургуульд нь боломж байдаггүй юм уу, ийм байдалтай яваад байдаг. Гэтэл бид огт өөр ертөнцөд амьдарч байна шүү дээ. Нөгөө бидний мэддэг уламжлалт сэтгүүлзүй өнөөдөр энэ их даяаршсан, өндөр технологид суурилсан мэдээллийн зах хязгааргүй урсгалтай, орон зай, цаг хугацаанаас үл хамаарсан интернэтийн орчинд явж байна. Дижитал сэтгүүлзүй, мультмедиа сэтгүүлзүй, сүүлийн үед дрон сэтгүүлзүй, сээлфий сэтгүүлзүй, мобайль сэтгүүлзүй гээд учир тоймоо алдлаа. Гэтэл манай аль сургуульд ийм хичээл орж байна вэ гэхэд байхгүй байна шүү дээ. Тэгэхээр хоцрогдсон бүтээгдэхүүн гарч ирж байгаа нь ойлгомжтой. Иймээс зоригтой шинэчлэл хийх цаг болсон. Сэтгүүлчдийн эвлэл төсөвгүй, хуульгүй, бүтэцгүй, санхүүжилтгүй байгууллага учраас энэ шинэчлэлийг хийж хүчрэхгүй. Тиймээс би “Дэлхийн монгол сэтгүүлч” нэртэй мэргэшсэн сэтгүүлчийг бэлтгэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлье гээд Х.Баттулга Ерөнхийлөгч дээр барьж ороод нэг жил хүлээлээ. Монгол Улсын Засгийн газар дээр барьж ороод бас нэг жил хүлээлээ. Харамсалтай нь эхлүүлсэнгүй. Гэхдээ төр, засгаас шалтгаалсан юм байхгүй. Манай сэтгүүлчид өөрсдөө татаад унагачихаж байгаа юм. “Энэ нөхөр Х.Баттулга дээр очоод сэтгүүлчдийг худалдах гэж байна”, “Өө энийг хараач ээ, У.Хүрэлсүхэд биднийг зарах гэж байна” гэх мэт үг яриа гаргаад татаад унагаачихдаг. Үүнээс нь болж нөгөө эрх мэдэлтнүүд болгоомжлоод хөтөлбөрийг эхлүүлдэггүй. Бид өөрсдөө өөрсдийнхөө хөгжилд ингэж чөдөр болж байгаа байхгүй юу. Сүүлийн үед бүхнийг мэддэг маш олон сэтгүүлчтэй боллоо. Та бүхэн санаж байгаа бол С.Зориг агсан нэг удаа УИХ-ын чуулган дээр гишүүдийг “Та нар бүгдийг мэддэг юм уу, банк ярихаар бүгд ярина. Сургууль ярихаар бүгдээрээ багш. Та нар бүгдийг мэддэг юм уу. Мэддэг мэддэг зүйлээ яриач” гэж байсан. Яг тэр үгийг би сэтгүүлчдэдээ хэлмээр санагддаг. Ялангуяа төрлөөр мэргэш, анагаахын, эдийн засгийн, тэр бүү хэл соёл урлагийн сэтгүүлзүй, спортын сэтгүүлзүй гээд маш олон төрөл байна. Маш сайн мэргэшсэн сэтгүүлч өндөр цалинтай байна. Бүгдийг мэддэг юм шиг атлаа начир дээрээ бүгдийг дульхан мэддэг сэтгүүлчийн үнэлэмж унаад л байна шүү. Иймээс сэтгүүлчид маань зоригтойхон нэг чиглэлийг барьж авч түүндээ мэргэших нь зүйтэй. Иймээс “Дэлхийн монгол сэтгүүлч” үндэсний хөтөлбөрийг заавал хэрэгжүүлнэ гэж би боддог. Уг нь энэ хөтөлбөрийн үзэл санаа их гоё юм шүү дээ. Сэтгүүлч эхлээд төрлөөр мэргэших ёстой, дээр нь боловсролын зэргээ ахиулах хэрэгтэй. Тэр боломжийг нь хангаж өгөх ёстой. Цааш нь мэргэшсэн сэтгүүлчдийн клубууд байгуулж, тэнд нь англи хэлний сургалтыг хамтад нь явуулж болно. Ингэж тодорхой хэмжээнд бэлтгэн хэлний бэрхшээлийг арилгаж ядаж 200 сэтгүүлчийг эргэж ирээд ажиллах хатуу гэрээтэйгээр өндөр хөгжилтэй орнуудад бэлтгэчихмээр байгаа юм. МСНЭ, тухайн редакц, сэтгүүлчийн гурвалсан гэрээгээр. Ингэж чадвал 200 сэтгүүлч салбараа сэв хийтэл татаад явчихна. Тэдний хэмжээнд хүрч ажиллахыг хичээнэ шүү дээ, бусад нь. Ийм л төлөвлөгөө боловсруулаад яваад байна. МСНЭ-ийн ерөнхийлөгч эсвэл тухайн редакцийн захирал “Чи англи хэл сур” гээд зандарчихаар сурчихдаг эд биш. Тухайн хүн өөрөөсөө л шалтгаална. Зөвхөн сэтгүүлч гэлтгүй аль ч салбарын ажилтан илүү үнэ цэнэтэй байя гэвэл англи хэл сурчих хэрэгтэй. Нуулгүй хэлэхэд би ч өөрөө хэл ус муутай хүн. Олон улсын хурал, цуглаанд оролцохоор явахад нохой хамартаа хүрэхээр усчин гэдэг шиг жаахан үзэж байгаад орхичихсон англи хэл дороо сэргээд ирэх жишээтэй. Хэлгүй хүн хөлгүй гэдэг үнэн. Дэлхийн сэтгүүлчдийн уулзалт, хурлуудад оролцлоо, Ази Номхон далайн бүсийн чуулга уулзалтад оролцлоо. Дэлхийн сэтгүүлчдийн их хуралд оролцлоо. Хамгийн гол нь хэлгүй бол таг. Хэчнээн сайхан боломжууд дунд яваад байдаг, хэлгүй бол ямар боломж ирэх вэ. Харанхуй мухарт очоод толгой руугаа цохидог юм нь хэл сурах минь яалаа гэсэн харамсал. Ийм зовлон манай сэтгүүлчдэд бий. Хэл сурахад оройтохгүй, энд нас хамаагүй. Яаж ийгээд дөртэй болох хэрэгтэй. Сүүлийн үед манай залуусын хэлний мэдлэг маш сайжирч байна. Уулзаад ярьж байхад гадаадын орнууд руу явж хэл сураад ирсэн нь ховор. Эндээ хэлний курст орж, кино үзэж, ном уншаад сурсан байна шүү дээ. “Гэрэгэ” сэтгүүлийг гаргаж байгаа залуусын хэлний мэдлэг мундаг байна. “Нью Йорк Таймс”-ийн албан ёсны эрхийг авч Монголд хэвлэн гаргаж байгаа тэр хамт олны заримтай уулзаад ярьж байхад 3-6 сарын хэлний курст явсан, мөн бие дааж сурсан хүн ч байсан. Ийм боломж манай залууст байна шүү дээ, өөрсдөө хичээвэл.
-Манай сэтгүүлчид бүгд шүүмжлэгч байр сууриас асуудалд ханддаг. Сэтгүүлзүй юм уу, шүүмжлэлзүй юм уу, эрэн сурвалжлах сэтгүүлзүй хаачив гэх үгс хааяа бас сонсогдох юм?
-Сэтгүүлзүйд шүүмжлэлт өнцөг байх ёстой гэж би үздэг. Харин сүүлийн үед манай сэтгүүлчид сэтгэгдэлзүй рүү орчихоод байна шүү. Иргэдийн сэтгэгдлээс ялгагдахааргүй зүйл бичдэг болж байна. Хэтэрхий амархан, хялбархан, өгүүлбэрийн бүтэц, үгийн сонголт, үгийн баялаг сан хаачив гэмээр байх явдал байна. Түүнээс зөв шүүмжлэл бол сайн зүйл. Гэхдээ шүүмжлэхийн төлөө бичдэг биш асуудлыг гаргаж ирэхийн төлөө шүүмжилдэг байх ёстой. Энэ нь шүүмжлэхийн төлөө бичиж болохгүй гэсэн үг. Нөгөө талаас сэтгүүлчдэд би нэг зүйлийг дахин давтан хэлж ирсэн. Бид хос морьтой хүмүүс. Нийгмийн өмнө хоёр үүрэг хүлээдэг. Нэг нь мэдээж шударга үнэний дуу хоолой байх, нөгөө нь нийгмээ соён гэгээрүүлэх үүрэгтэй. 1990 оноос өмнөх үеийг авч үзэхэд хэвлэл мэдээллийн соён гэгээрүүлэх үүрэг маш өндөр байсан. Б.Ринчен гуайн зиндаад бичихийн төлөө сэтгүүлч өөрийгөө бэлддэг байж. Л.Түдэв гуайн судалбар нийтлэлүүд, шинжлэх ухааны нийтлэлүүдэд дөхөж очихын тулд сэтгүүлч уншдаг, судалдаг байсан. Тийм болохын төлөө өөрийгөө ташуурддаг байж. Агуу Ц.Балдоржийн цэргүүд гэж манай сэтгүүлчид хэлдэг дээ, түүний “Далай ээж цаазын тавцанд” домогт нийтлэлийг бүгд уншиж, тэр хүнээс суралцаж ирсэн. Энэ бүхнийг санаж манай сэтгүүлчид дандаа хар бараан мэдээллийн араас хөөцөлдөхөөс илүүтэй нийгэмдээ гэрэл гэгээ түгээх талд анхаарах хэрэгтэй. Дан сэтгүүлчдийг шүүмжлэхээс илүүтэй энэ тал дээр би хэвлэлийн эздэд шүүмжлэлтэй ханддаг. Яагаад нийтлэлийн болоод редакцийн бодлогодоо засвар өөрчлөлт хийхгүй байна вэ. Яагаад салхи оруулахгүй хав дараад байна вэ. Нийгмийн салхийг дагаж хүмүүс хов жив их уншиж байвал тийм зүйл бичээд байж таарахгүй. Ардчиллын эхэн үед шар гэж хэлж болох баахан сонин гарч байсан. Одоо шар гэж хэлж болох баахан сайтууд бий боллоо. Болсон болоогүй телевизүүд нээгдлээ. Болсон, болоогүй мэдээллийн бүүм дунд баримтлах ёстой стандарт, мэргэжлийн ёс зүйгээ алдаж байна. Ёс зүйтэй, мэргэжлийн ур чадвартай, сайхан бичдэг, нийтэлдэг, нэвтрүүлдэг баг, хамт олон байх ёстой шүү дээ. Үүнд эзэд, редакциуд илүү анхаарч зоригтой өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлэх нь зүйтэй. Би “Өглөөний сонин”, TV8 телевиз, ZINDAA.MN сайт, “Гранд” сэтгүүл гээд дунд хэмжээний медиа группийг босгохын төлөө зүтгэж байгаа. Баг хамт олондоо, залуустаа нэг л зүйлийг хэлдэг, “Би та нарын юу бичихийг заахгүй, үйл явдалд нь оролцохгүй. Та бүхний хараат бус байдалд нөлөөлөхгүй. Гэхдээ та бүхэн шүүмжлэхээсээ илүүтэй соён гэгээрүүлэхүйг олж харах хэрэгтэй. Энэ чиг баримжааг 51 хувьтай авч яваарай. Өнөөдөр үүнийг хэн ч сонирхохгүй байна гэж бодож болохгүй. Сэтгүүлч хүн нийгмийг аялдан дагадаг биш нийгмийн дагуулагч хүч байх ёстой. Үүнийг анзаарч хараарай” гэж хэлдэг. -Сэтгүүлчид нийгмийн болохгүй бүтэхгүйг олж харж мэдээлэхийн зэрэгцээ шүүмжилж, сэрэмжлүүлж, алдаа мадгийг ил гаргадаг. Тэгсэн атлаа өөрсдөө нийгмийн манлайлал болох талаас идэвхгүй ханддаг. Харин энэ жил хэд хэдэн сэтгүүлч УИХ-ын сонгуульд нэр дэвших мэдээ байна. Гаднаас нь бишгүй шүүмжилж тэмцлээ, одоо дотор нь орж идээ бээрийг нь шахах гээд үзье гэж байх шиг байна. Тэр дотор нэр дуулдсанаас үзэхэд та нэр дэвших юм байна, тийм үү? -Сэтгүүлч хүн хүссэн хүсээгүй цаг хугацааны явцад нийгмийн зүтгэлтэн болдог гэж дээр хэлсэн. Тухайн хүн өөрийгөө болсон гэж үзэж байгаа бол сориод үзэхэд юу нь болохгүй байх вэ. Сэтгүүлчдэдээ ганцхан зүйлийг захихад үнэхээр том үйлсийн төлөө зорьж, өөрийгөө том зүйлд зольж байгаа бол сэтгүүлзүйгээ, сэтгүүлч нөхдөө битгий мартаарай. Эргээд заавал энэ салбар руугаа өнгийж хардаг, энэ салбарт эхлүүлсэн ажлаа үргэлжүүлэхийн төлөө зүтгэдэг байгаарай гэдгийг хэлье. Өнөөдөр албан ёсоор хэлчихэд би удахгүй ажлаа өгнө. “Усыг нь уувал ёсыг нь дага” гэж үг бий. МСНЭ-ийг хоёр жил гаруйн хугацаанд өөрийн хэмжээнд хангалттай хичээж удирдсан. Би ажлаа дүгнээд юүхэв, сэтгүүлч та бүхэн дүгнэх биз. Олон нийт дүн тавих биз. Сэтгүүлзүйн байгууллагын түүхэнд юу хийж бүтээсэн, ямар нэрээр үлдэж байгаагаа би мэдэхгүй байна. Өөрийнхөө хувьд бол би хангалттай хичээсэн, зүтгэсэн. Одоо болсон, цагийн юм цагтаа гэж үг бий. Үнэнийг хэлэхэд МСНЭ-ийн ерөнхийлөгч байгаад би өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлэх боломжгүй харагдаж байгаа. Гэхдээ МСНЭ-ийн ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр цаашид миний амьдралын мөрийн хөтөлбөр болсон. Энэ хөтөлбөр надтай хамт явна. Хэн нэгэнд даатгаж орхихгүй. МСНЭ-ийг үүнийг хийх боломжоор хангах нь миний үүрэг гэж үргэлж бодож зүтгэнэ. Сонгуулийн тухайд би биш нам шийдэх асуудал. Тиймээс дөрөвдүгээр сарын 30-нд МСНЭ-ийн ерөнхийлөгчийн албан тушаалаас татгалзаж байгаагаа илэрхийлж Удирдах зөвлөлдөө өргөдлөө өгсөн. Ойрын хугацаанд Удирдах зөвлөл хуралдаж миний хүсэлтийг шийдвэрлэх байх. Шийдвэр албажаад гараад ирсний дараагаар олон нийтэд мэдээлэл хийнэ. Би өнөөдөр 42 настай, цаана нь үлдсэн идэвхтэй амьдралын 20-23 жилд сэтгүүлзүйг хараат бус болгохын төлөө, хараат бус сэтгүүлзүйн төлөө, уул уурхайг хариуцлагатай болгохын төлөө ажиллана. Ийм амьдралын зорилгыг өөртөө тавьж байна. МСНЭ-ийн ерөнхийлөгч байгаад энэ ажлыг хэрэгжүүлж чадахгүй байгаа учраас ажлаа өгнө. Тэгэхээр бусад нь хийг, би харин ажиллах боломжоор нь хангахын төлөө хамтарч зүтгэе.
-21 аймгийн уул уурхайн газрын зургийг дэлгэж, Төрийн ордонд хэлэлцүүлэхэд дарамт ирсэн үү. Зарим хүн өөрийг чинь сэтгүүлчийн ажлаа хийхгүй уул уурхай яриад явчихлаа гэж багагүй дайрч давшилж байсан?
-Сэтгүүлч хүн тэнэг зоригтой гэлцдэг дээ. Бид юунаас ч айхгүй баримтыг дэлгэдэг, үйл явдлыг илчилдэг байх ёстой. Би ийм л хүн. Шартай, нэг юм амлавал ард нь гарах гэж зүтгэдэг хар багын л тийм. Жижигхэн биетэй атлаа зодоонч, ахлах ангийнхан дээрэлхээд байхаар нь сөрж үзэлцээд зодчихдог атаман маягийн, үүгээрээ аавынхаа чихийг байнга халууцуулдаг сахилгагүй. Бас дээгүүр сурлагатай хүүхдүүдийн дор орохгүй гэж хичээлээ давтаад дээр нь гарч сэтгэл амардаг онц сурлагатан байлаа. Тэр зан чанар өнөөдөр ч үргэлжлээд яваад байх шиг байгаа юм. Өнөөдөр би хоёр зүйлд зорьж яваа. Сэтгүүлзүйг бол та бүхэн ойлгож байгаа. Айлаар бол аав ямар байна, хүүхэд тийм байдаг. Эцэг хүн ямар байхаас шалтгаалж тухайн айлын оюун санаа тогтдог. Тэгэхээр сэтгүүлзүй хараат байгаа нь, хар бараан байгаа нь нийгмийг тийм зүйлд түлхээд байна. Үүнийг өөрчлөх соён гэгээрүүлэх чиг үүргийг түлхүү тавих нь чухал. Хоёрдугаарт, айлаар бол хамгийн том цалин бол уул уурхай юм. Аавын цалингаар айлын амьдрал урагшаа явдаг. Тэгвэл энэ салбар хамгийн авлигажсан, мафижсан тогтолцоог бий болгожээ. Энэ тогтолцоог үүсгэсэн хүмүүс хяналтаасаа алдсан учраас эргээд засч чадахгүй болчихсон. Гадны том компаниуд, олигархиудын нөлөө ороод ирчихсэн. Тэр тогтолцоонд Монголын бизнесийнхэн, дотоодын компаниуд живчихсэн. Тиймээс уул уурхайн бодлогыг, хууль эрхзүйн орчныг нь зөв болгох ёстой. Төрийн байгууллагуудын уялдаа холбоог хэвтээ чиглэлд зөв болгох ёстой. Босоо чиглэлд орон нутаг, төрийн захиргааны байгууллагын уялдаа, эргэх холбоог сайжруулах ёстой, ийм зүйлүүдийг би олж харсан. Тосон бумбын тэмцэл миний амьдралын итгэл үнэмшил, зориг хүчийг надад өгсөн. Тиймээс тэр тэмцлийн сүүлийн хэлэлцүүлэг дээр би ард түмэндээ амласан. Төрийн ордны Иргэний танхимд амлаж байгаа хэрэг шүү дээ, тэр чинь. “Би хариуцлагатай уул уурхайн төлөө цаашид амьдралынхаа зорилго болгож тэмцэнэ. 21 аймагт очно” гэсэн. 21 аймагт очиж асуудлыг дэлгэсэн. Одоо надад хоёр тор дүүрэн өргөдөл, баримт байна. Үүнийг шийдүүлэх ёстой. Газар газарт ийм зүйл болсон. Иргэд цэнхэр ягаан тасалбар яриад явж байхад тэр үеийн эрх мэдэл, мэдээлэлд ойр байсан нөхдүүд лиценз хусч байжээ. Замбараагүй олон лиценз авч хуудас цаасан дээр Монголын газар нутгийг хувааж бичиж аваад хоорондоо наймаалцаж, хил давуулж зарсан. Энэ нь далд эдийн засаг, хяналтгүй байдал, авлигыг үүсгэсэн. Уул уурхайг хариуцлагажуулж, эдийн засгийг ил болгож, байгальд ээлтэй, хүмүүст өгөөжтэй байдлаар эрхэлж явуулмаар байна. Би уул уурхайг эсэргүүцээгүй, хариуцлагатай уул уурхайг дэмждэг. Хэдэн сайн уурхай үлдээгээд бусдыг нь хаахад улс орны амьдрал сэргэнэ, авлигын тогтолцоо алга болно, дээд дунд шатны дарга нар хулгай хийхээ болино. Бүгдийг нээлттэй болгож байж уул уурхай хариуцлагатай болно. Ингэж бид аль ч засгийн үед хийгээгүй нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. Ямар ч УИХ-ын хийгээгүйг дөрөв дэх засаглалын тэргүүний хувьд хийсэн. Энэ чинь сэтгүүлчийн ажил шүү дээ. Би сэтгүүлчдэдээ зөв манлайлал үзүүлж байна гэж боддог. Миний арга барил өөр байгаа байх, нэг сайхан нийтлэл бичээд эсвэл нэвтрүүлэг хийгээд суудаг хүн би биш. Зохион байгуулдаг, удирддаг, хүмүүсийг цуглуулдаг авьяасаа ашиглаж нийтдээ 38 хэлэлцүүлэг хийсэн. Давхардсан тоогоор 5000 гаруй хүн оролцсон. Эдгээр хэлэлцүүлэг Монголыг сэрээсэн гэдэгт би итгэлтэй байна. Одоо энэ ажлаа цааш нь гүйцээх хэрэгтэй. Бодлогын болон хууль эрхзүйн түвшинд засч залруулахын төлөө явна гэж зорьж байна.
-Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр сэтгүүлч, уншигчдад хандаж та юу хэлэх вэ?
-Уншигч, үзэгч түмнээсээ, иргэдээсээ, сэтгүүлч анд нөхдөөсөө , дүү нараасаа, хэвлэн нийтлэгч эздээсээ энэ өдөр нэг л зүйлийг хүсье. Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиа бүгдээрээ хамтраад шинэчилье. Энэ бол манай салбарын хууль бөгөөд Ардчилсан Монгол Улсын хоёр дахь Үндсэн хууль юм шүү. Үүнийг шинэчлэхгүйгээр нийгмийн оюун санааг удирдаж байгаа энэ том хүч шинэчлэгдэхгүй. Хоёрдугаарт, иргэдийн мэдэх эрх хангагдаагүй. Хэдэн сэтгүүлч нийлээд өөрсдөдөө хууль батлуулах гээд байгаа юм биш, үүгээр иргэд та бүхний мэдэх эрхийг хангах гэж байгаа юм. Сэтгүүлч эх сурвалжаа нууцлах эрхтэй гэдэг ч ямар ч хуульд байхгүй тунхаг төдий байгааг баталгаажуулмаар байна. Сэтгүүлч иргэдийн мэдэх эрхийг хангахын тулд баримтыг дэлгэх эрхтэй. Сэтгүүлч, редакцийн хараат бус байдлыг хангах ёстой. Гэтэл хаана ч энэ алга. Ямар ч хуульд алга. Хуульгүй орчинд бид байгаа. Дүрэмгүй тоглоом тийм л байдаг. Тиймээс хуулиа батлуулъя, дүрэмдээ захирагдъя. Бид чинь том утгаараа Монгол Улсын ардчиллыг сахин хамгаалж байгаа. Аюулгүй байдал, тусгаар тогтнолыг дахин баталгаажуулж байгаа. Үүнийг төрийн өндөр дээд албанд байгаа хүмүүс ойлгох хэрэгтэй. Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хууль гарчихаар өөрсдийнх нь эзэмшиж байгаа хувьцаа хуулиараа ил болчих гээд байгаа учраас эсэргүүцээд байдаг. Хэн ч хэвлэл, мэдээлэл эрхэлж болно. Гагцхүү хэн эзэмшиж байгааг ил болгоё. Жишээ нь, Мандахбаяр TV8 телевизийн хувьцааг эзэмшдэг, би хэлж чадаж байгаа биз дээ. Би энэ телевизийг худалдаж авсан бөгөөд одоо түүнийг санхүүжүүлж байгаа мөнгөө бас тайлбарлаж чадна. Би орлогын эх үүсвэрээ нотолж чадна. Ийм бай л даа. Гэтэл өнөөдөр хэвлэл мэдээллийг зүй бусаар хувьчилж авчихаад, ёс бус далд мөнгөөр санхүүжүүлээд явж байгаа зарим нөхдүүд бий. Энэ бүхэн хяналтаас гарахад бэлэн болсон. Хэрэв тэгвэл бид ардчиллаа алдана. Тиймээс сэтгүүлчид маань үүнд илүүтэй анхаарч, эздэд шахалт үзүүлж, редакторууд сэтгүүлчдэдээ зөв байдлыг ойлгуулж, иргэд энэ зүгт онцгой анхаарлаа хандуулж, өөрсдийнхөө төлөө, Монголын төлөө Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шаардаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Сэтгүүлч Ч.Үл-Олдох 2020.5.4 ДАВАА № 87 (6312)