Э.Бат-Үүл АН-тай хийсэн тохироогоо МАН руу чиглүүлж булзааруулав

A- A A+
Э.Бат-Үүл АН-тай хийсэн тохироогоо МАН руу чиглүүлж булзааруулав

УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчид тодрох дөхөх тусам үнэн төрх нь ил  болж эхэллээ. Энэ жилийн 208 бие даагчийн олонхыг бүрдүүлж буй АН-ынхан ч   тохироо наймаанд орж, зангаа хувиргаж эхэлсэн сурагтай. Урваж шарвагсдын түүчээ нь хотын мээр асан Э.Бат-үүл. “З.Энхболд хаана дэвшинэ, би тэнд ч очиж өрсөлдөнө” хэмээн хэдхэн хоногийн  өмнө мэдэгдэж байсан түүний байр суурь өөрчлөгдөж, МАН-ын удирдлагуудыг нэг тойрогт өрсөлдөхийг уриалж буйгаа  өнөөдөр мэдэгдэв. “Сүүлийн үед МАН, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зүгээс  сэтгүүлчдийг ашиглан миний эсрэг   гүтгэлэг явуулж байна. Тодруулбал, “Улаан бал” нэвтрүүлэг болон  “Товч” сайтын лайв мэдээг эх сурвалж болгон “Улсын баатрын балаг” хэмээх ээлжит гүтгэлэг нэвтрүүлгийг томоохон телевизүүдийн оргил цагаар  цацлаа. Нэвтрүүлэгт аав, хүү хоёрын хэрэг хэмээх зохиомол хэргийн тухай үзүүлэхдээ надтай холбогдуулан шалгаж байгаа хэргийн хавтаст материалыг илтэд мушгин гуйвуулж гүжирдлээ. Гүтгэлгийн цаана миний эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлт ажлыг гутаах гэсэн улс төрийн том зорилготой үйл ажиллагаа явагдаж байна.  Тиймээс МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарыг 2020 оны УИХ-ын сонгуулиар нийслэлд тэр тусмаа гэх хороололд “Гранд лайн” компанийн дахин төлөвлөлт явуулсан Баянзүрх дүүрэгт надтай өрсөлдөж, сонгогчдын шударга шүүхээр орохыг уриалж байна” гэлээ. Телевизээр гарсан баримтат нэвтрүүлэгт няцаалж хийх нь зүйн хэрэг ч  сэтгүүлч бэлтгэсэн нэвтрүүлгийнхээ өмнө  хариуцлага хүлээх, тэр тусмаа эрүүгийн хуулиар шийтгүүлэх  хүртэлх арга хэмжээ авдгийг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл, түүнтэй болон хүүтэй нь холбоотойгоор бэлтгэсэн нэвтрүүлэг  хөдөлшгүй баримтат түшиглэсэн учраас нийтэд нэвтрүүлснийг тэр мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Нөгөөтэйгүүр  Үүл баатрын энэ удаагийн хэвлэлийн хурал үнэндээ өөртэй нь холбоотой нэвтрүүлгээс илүүтэй АН-тай хийсэн  тохироо, наймаагаа  далдлах гэсэн халхавч төдий байлаа. Өөрөөр хэлбэл, намын даргынхаа зөвлөхтэй “үзэлцэнэ”  хэмээн эртнээс зарлаж, айлгах тактик ашигласан нь үр дүнд хүрч, өдгөө тэрбээр намын хамгаалалтад орохоор хөшигний ард бүх яриа хэлэлцээ, наймаа тохирооо нь бат нот болжээ. Үүний нэг илрэл нь саяхан л “АН-ыг Х.Баттулга, З.Энхболд хоёр шавартай хутгасан, эд нартай үзэлцэнэ” хэмээж байсан хүн намынхаа байранд, урьдчилан бэлтгэсэн индэр дээрээс мэдээлэл хийж байгаагаас харж болно.  Энэ бол АН Э.Бат-Үүлд нээлттэй болсны илрэл. Нөгөөтэйгүүр  сонгууль дөхсөн өдрүүдэд намын лидерүүд  толхилцож, намаасаа бус бие даан дэвшиж буй нь адаглаад иргэд сонгогчдын өмнө АН-ыг үнэ цэнгүй харагдуулах учраас ийнхүү эхнээсээ тохиролцож эхэлсэн нь ил болов. Тийм ч учраас Э.Бат-Үүл З.Энхболдын тойрогт бус Баянзүрх дүүрэгт нэр дэвшинэ хэмээн мэдэгдэж орхив. Гэхдээ үүнийг эцсийн вариант гэж ойлгох аргагүй.  Нэгнийхээ хийсэн хэлсэн үг, хийсэн хэргийг  хэнээс ч илүү мэддэг, үүнийгээ улс төрийн зорилгоор ашиглаж, шантааж хийж сурсан АН-ынхны үзэл бодол, өдөр бус цагаар хувирдаг нь гэм биш зан болсон. Өнөөдрийн нөхцөлд дүгнэхэд ямартай ч  З.Энхболд, Э.Бат-Үүл хоёр ашиг сонирхлоо нэгтгэн, тохироонд орсон нь тодорхой боллоо.  Цаашид АН-ынхан нэгнээ шантаажилж, амин хувийнхаа эрх ашгаар наймаа, тохиролцоо хийж байж сонгуульд орох нь ч гарцаагүй болов.