Нийгмийн даатгалын ерөнхий газар Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн иргэдэд цахимаар үйлчлэх чиглэлийг бүх аймаг, дүүргийн харьяа байгууллагууддаа өгсөн.
Өдгөө даатгуулагч, ажил олгогч нар нийгмийн даатгалын архивын лавлагаа, шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг өөрт ойр байрлах ТҮЦ машинаас эсвэл гэрээсээ ч хэвлэн ашиглах боломжтой болсон. Мөн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, хугацаа сунгах зэрэг маш олон үйлчилгээг иргэдэд хүндрэл чирэгдэлгүйгээр цахим хэлбэрээр үзүүлж байна. Үүнээс гадна иргэд болон ажил олгогч нар нийгмийн даатгалын мэдээлэл зөвлөгөө өгөх үйлчилгээг лавлах утсаар болон “Фэйсбүүк”-ээр авч цаг заваа хэмнэх боломжтой. Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Үйл ажиллагааны хөгжлийн хэлтсийн дарга М.Гэрэлмаагаас тодрууллаа.
-НДЕГ өмнө нь иргэд, ажил олгогчдод лавлах утас, “фэйсбүүк”-ээр мэдээлэл, зөвлөгөө өгсөөр ирсэн. Тэгвэл Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор дээрх үйлчилгээнд ямар ахиц дэвшил гарсан бэ?
-Нийгмийн даатгалын ерөнхий газар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх үйлчилгээг нэлээд олон сувгаар хийдэг. Тухайлбал, НДЕГ-ын www.ndaatgal.mn албан ёсны цахим хуудсаар мэдээлэл зөвлөгөө хүргэхээс гадна олон жилийн өмнөөс лавлах утас ажиллуулж эхэлсэн. Манай лавлах утас өмнө нь гурван шугамаар зэрэг дуудлага хүлээн авч, зөвлөгөө мэдээлэл өгдөг байсан бол өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хүчин чадлаа өргөжүүлж, арван шугамаар нэгэн зэрэг дуудлага хүлээн авч зөвлөгөө өгөх боломж бүрдсэн. Өнөөдрийн байдлаар 77771289 лавлах утсаар нийт 7 лавлагааны ажилтан ажлын цагаар буюу 08:30-17:30 цаг хүртэл үдийн цагийн завсарлагагүйгээр зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна. 77771289 утсанд ирж буй дуудлага, ачаалал их байдаг. Мөн “СОVID-19” вирусийн халдвараас сэргийлэх зорилгоор иргэдийг олноор нь бөөгнүүлэхгүй байгаа учир иргэд ч хорио цээрийн дэглэмийг сахиж, хэлтэст очиж үйлчлүүлэхгүйгээр зөвлөгөө, мэдээлэл зайнаас авах үйлчилгээг сонгож байгаа. Үүнтэй холбоотойгоор лавлах утасны ачаалал бүр их болсон. Өдөрт лавлах утасны нэг ажилтан 100 орчим дуудлагыг хүлээн авч зөвлөгөө мэдээлэл өгдөг гэхээр нэлээд өндөр ачаалалтай ажиллаж байна. Түүнчлэн 2020 оноос мөрдөгдөж эхэлсэн Нийгмийн даатгалын тухай хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор иргэдийн зөвлөгөө, мэдээлэл авах нь ихэссэн. Иймд үндсэн долоон ажилтан ачааллаа дийлэхгүй болсон учир НДЕГ-аас ачааллыг бууруулах арга хэмжээ авч холбогдох мэргэжилтнүүдийг лавлах утсан дээр нэмэлтээр суулгаж, 10 шугамаар нэгэн зэрэг дуудлага хүлээн авч зөвлөгөө, мэдээлэл хүргэх үйлчилгээ үзүүлж байна.
-Даатгуулагч, ажил олгогч нар заавал лавлах утасны ажилтнаас гэхгүйгээр автомат хариулагчаас мэдээлэл авах боломжтой юу?
-77771289 лавлах утсан дээр ажилтан иргэдэд мэдээлэл өгөөд завгүй байх үед дуудлага хүлээгдэх асуудал гарч ирдэг. Мөн лавлагааны ажилтнууд ажлын цагаар л ажиллаж байгаа. Тэгвэл иргэд, ажил олгогч нараас ажлын бус цагаар мөн зөвлөгөө, мэдээлэл авъя гэсэн хүсэлт ирж байгаа учраас лавлах утасны автомат хариулагчийг хөгжүүлсэн. Автомат хариулагчаас Нийгмийн даатгалын хуультай холбоотой ерөнхий мэдээллүүдийг авах боломжтой. Тухайлбал, ажилгүйдлийн тэтгэмж авах гэж буй иргэн хэдий хугацаанд шимтгэл төлсөн байх, ямар болзол хангавал тэтгэмж авах эрх нь үүсдэг талаар асуух гэж байгаа бол автомат хариулагчаас бүрэн дүүрэн мэдээлэл авах боломж бий.
-НДЕГ албан ёсны фэйсбүүк хаяг болон аймаг, дүүргийн харьяа хэлтсийнхээ фэйсбүүк хуудсаар иргэдэд мэдээлэл өгдөг. Үүнээс гадна мэдээлэл, зөвлөгөө өгөх фэйсбүүк хуудас ажиллуулж байгаа юм билээ?
-Сүүлийн үед иргэд цахим хэлбэрээр мэдээлэл авах хүсэлтэй болсон. Ялангуяа залуус телевиз, сонин хэвлэлээс мэдээлэл авахаасаа илүү фэйсбүүкт хайлт хийдэг, энэ платформоор ханддаг болсонтой уялдуулаад энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Нийгмийн даатгалын мэдээлэл зөвлөгөө фэйсбүүк хуудсыг ажиллуулж эхэлсэн. Энэ хуудсанд нийгмийн даатгалын тухай ерөнхий ойлголтууд болон хуулиудад орсон нэмэлт өөрчлөлтүүд, дүрэм журмыг олон хуудас, үргэлжилсэн текстээр биш аль болох бага тексттэй, ойлгоход хялбар, постер байдлаар мэдээлэл хүргэж байгаа. Өөрөөр хэлбэл, иргэд, даатгуулагч нарт нийгмийн даатгалын тухай ерөнхий ойлголт, мэдээлэл өгөхийг зорьж мэдээлэл зөвлөгөө агуулсан постерууд тогтмол нийтэлж байна. Хоёрдугаарт, амьд харилцаа үүсгэх буюу фэйсбүүк хуудсанд хандсан даатгуулагч, ажил олгогч нартай чатаар холбогдож, ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл өгдөг. Үүнээс гадна НДЕГ-ын иргэдэд мэдээлэл өгч буй өөр нэг суваг нь “Нийгмийн даатгал” гар утасны аппликейшн. Энэ аппликейшныг ухаалаг утастай хүн бүр татаж аваад ашиглах боломжтой. Гэхдээ гар утасны аппликейшнээр дамжуулдаг мэдээлэл хувь хүний нууцтай холбоотой учир иргэд утсандаа аппликейшн суулгасныхаа дараа эрхээ баталгаажуулахын тулд анхандаа заавал биечлэн хандаж, нэвтрэх кодоо нийгмийн даатгалын байгууллагаас авч бүртгүүлдэг байсан. Харин өнгөрсөн оноос нэвтрэх код, нууц үгийг цахимаар олгодог болсон. Ингэхдээ тухайн иргэн гар утас аппликейшны нэвтрэх кодыг авахын тулд өөрийгөө тухайн даатгуулагч мөн гэдгээ нотлох хэрэгтэй. Тодруулбал, даатгуулагч иргэний үнэмлэх юмуу гадаад паспортынхаа овог нэр, зураг бүхий нүүрэн хэсгийг харуулсан зургаа илгээснээр нэвтрэх нууц үгийг нь цахим хаягаар нь илгээж баталгаажуулна гэсэн үг. Мөн фэйсбүүк хуудсаараа дамжуулан иргэдэд “Нийгмийн даатгал” гар утасны аппликейшны нэвтрэх нууц үг олгох ажлыг хэрэгжүүлж байна.
-Лавлах утас, фэйсбүүк хуудас, “Нийгмийн даатгал” аппликейшнээр дамжуулж хэдий тооны даатгуулагч, ажил олгогчдод зөвлөгөө мэдээлэл хүргэсэн бэ?
-Энэ онд нээгдсэн Нийгмийн даатгалын мэдээлэл зөвлөгөө фэйсбүүк хуудсыг 10 мянга орчим иргэн дагаж байна. Чатаар холбогдсон 1863 иргэнд мэдээлэл өгснөөс гадна нийтлэлийн доор хандсан, асуулт тавьсан 1628 иргэнд сэтгэгдлээр хариу мэдээлэл, зөвлөгөө өгч, 589 иргэний гар утасны аппликейшны нэвтрэх кодыг цахимаар баталгаажуулсан. Мөн он гарснаас хойш 77771289 лавлах утасны ажилтантай холбогдож 13 мянга орчим иргэн, лавлах утасны автомат хариулагчаас 10773 иргэн мэдээлэл, зөвлөгөө авсан байна. Цаашдаа “Нийгмийн даатгал” гар утасны аппликейшнаар дамжуулан даатгуулагч сайн дурын даатгалын гэрээгээ байгуулах, шимтгэлээ төлдөг болох боломжийг бүрдүүлэх зэргээр хөгжүүлэлтийн ажил хийгдэж байна.