СОНГУУЛЬ 2020: УИХ-ын гишүүнд горилогч бүсгүйчүүдийн төлөөлөлтэй танилц

A- A A+
СОНГУУЛЬ 2020: УИХ-ын гишүүнд горилогч бүсгүйчүүдийн төлөөлөлтэй танилц

2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нам эвслүүдээс цөөнгүй эмэгтэйчүүд нэр дэвшиж буй. Манай сайт энэ удаа өмнө нь сонгогдож байгаагүй, анх удаа болон хоёр дахиа УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн бүгүйчүүдийн төлөөллийг та бүгдэд танилцуулах гэж байна.

АН-ААС НЭР ДЭВШИГЧ ЭМЭГТЭЙЧҮҮД

Ажлын гараагаа TV9 телевизээс эхэлж байсан сэтгүүлч О.Батханд нэр дэвшихээр шийджээ. Тэрбээр “ТВ-9”, “ETV” телевиз болон “Media group”-ын хэвлэл мэдээлэл хариуцсан захирлаар тус тус ажиллаж байсан. Телевизийн салбарт 10 гаруй жил ажиллаж байгаа. Олон Улсын сэтгүүлч, эрхзүйч мэргэжилтэй. Мөн АНУ-ын Харвардын их сургуульд мэргэжил дээшлүүлсэн. Мөн УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан нэгэн. Өдгөө “Сод монгол” группын хэвлэлийн албаны дарга хийдэг бүсгүй юм. Түүнийг яруу найрагч Зундуйн Доржийн охин гэдгээр нь нь хүмүүс илүүтэй таньдаг юм билээ.

Энэ сарын 11-нд Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит XIII хуралдаанаар ҮБХ-ны гишүүн, АЭХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жаргаланг Ардчилсан намын Дэд даргаар томилсон билээ. Тэрбээр АНУ-ын Нью-Йорк хотын Колумбын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн бөгөөд Б.Дэлгэрмаагийн оронд ийнхүү томилогдож байгаа юм. Тэрбээр "Бодрол" нэрээр нийгэм, улс төрийн асуудлыг идэвхтэй судалж, нийтлэл бичдэг байсан Монголын анхны блогчдын нэг билээ. Б.Жаргалан галерейн захирал хийж, сэтгүүл гаргаж, зөвлөх үйлчилгээний компанийн удирдлагаа ажиллаж байсан. Мөн залуусын нийгэм, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн улс төрийн салбар дахь орон зай, дуу хоолойг хүргэх чиглэлд төвлөрөн ажиллаж байсан юм. Сонирхуулахад, Б.Жаргалан нь УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан “Фортуна” Н.Батбаярын том охин бөгөөд АН-аас сонгуульд нэр дэвших нь ийн тодорхой болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Эрүүл мэнд, хүний хөгжил, нийгмийн бодлого, иргэний оролцооны асуудал хариуцсан орон тооны зөвлөх Д.Үүрийнтуяа мөн АН-аас нэр дэвшинэ. Тэрбээр эдийн засагч, эрхзүйч мэргэжилтэй, Нийгмийн удирдлагын менежер, Төрийн удирдлагын магистр зэрэгтэй, нийгмийн бодлогын чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин юм. Түүнчлэн Ашигт малтмалын газрын дэд дарга, дарга, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүн, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт албаны дарга, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга зэрэг төрийн болон улстөрийн албан тушаал хашиж байсан туршлагатай төрийн албан хаагч юм. Тэрбээр орос, ангил хэлтэй.

Д.Эрдэнэсувд. Хүний их эмч, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн докторант. Одоо Ардчилсан намын Гадаад харилцаа, сургалт хөгжлийн газрын даргын алба хашдаг юм байна. Тэрбээр энэ удаагийн сонгуульд Төв аймгаас нэр дэвших бололтой.

НИТХ-ийн төлөөлөгч Ц.Одонтунгалаг АН-аас нэр дэвшиж, 2020 оны сонгуульд өрсөлдөнө. Тэрбээр 2005 онд УИХ-ын гишүүний туслах хийж байсан. 1996 оноос Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч, 2000 оноос Монголын нотариатчдын танхимын нотариатч, 2012 онд Автобус-1 НӨҮГ-ийн захирал, 2014 онд Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ийн захирал, 2016 оноос НИТХ-ийн төлөөлөгч хийж буй.

Хэнтий аймгийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн Т.Пүрэвхатан. Тэрбээр өөрийн итгэл үнэмшлээр Ардчилсан намын гишүүн болоод арваад жил болж буй хэмээн ярьсан байдаг. Энэ хугацаанд бүх шатны сонгуульд өөрийн чадах хэмжээнд намаа дэмжин оролцож ирсэн. Гэхдээ  албан тушаал горилж байгаагүй гэх. 2016 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам ялагдахад төрийн ажлаа өөрийн хүсэлтээр өгч, намынхаа улс төрийн ажилд идэвхтэй оролцож байжээ. Хэнтий нутгийн эмэгтэйчүүд түүнд итгэл үзүүлэн аймгийнхаа АЭХ-ны тэргүүнээр сонгон ажиллуулаад багагүй хугацааг өнгөрүүлсэн байна.

Сэтгүүлч Д.Энхтуяа. NTV” телевизийн мэдээ, шуурхай нэвтрүүлгийн албаны даргаар ажиллаж байсан. Улмаар УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байсан Хэвлэл мэдээллийн тэргүүн ажилтан юм. Одоо МҮОНРТ-ийн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч хийдэг. Тэрбээр өмнө нь МҮОНТ-ийн захирлаар ажиллаж байсан юм. Улмаар МҮОНТ хоёр сувагтай болж өргөжихөд "Монголын мэдээ" сувгийн захирлаар томилогдон ажиллаж байсан билээ.

Хуульч Р.Булгамаа. 2000 онд "Улаанбаатар Эрдэм" дээд сургууль, 2003 онд ИЗИС-ийн магистр, 2011 онд Улаанбаатар Их сургуулийг Бизнесийн удирдлага, 2010 онд ИЗИС-ийн доктор хамгаалсан. Орос, англи хэлтэй. “Очир” төвийн зочид буудалд 13 настай охин бусдад хүчиндүүлж харамсалтайгаар амиа алдсан хэрэг 2017 оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө гарсан. Өмгөөлөгч, хуульч Р.Булгамаа  ээдрээтэй, ноцтой дээрх хэргийг нэг жил 10 сарын хугацаанд үнэ төлбөргүй өмгөөлж, шударгаар шийдвэрлүүлж чадсан. Мөн тэрбээр шинэ оны босгон дээр Монголын хуульчдын холбооны “Оны шилдэг хуульч” шагнал хүртжээ. Нийгэмд шуугиан тарьсан, хүний эрх тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх хэргүүдэд үнэ төлбөргүй, амжилттай ажилласан хэмээн дээрх шагналыг түүнд олгожээ. Тэрбээр хуульчийнхаа нийтэд тустай ажлын хүрээнд Иргэний хууль, Гэр бүлийн тухай, Хөдөлмөрийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Арбитрын тухай хуулийн хүрээнд лекц унших, хууль сурталчилан таниулах болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг хамгаалах чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх зэргээр олон мянган иргэдэд хүрч ажилласан байна.

Б.Пунсалмаа бол эрэгтэй захирлууд зонхилдог шатахууны салбарт томоохон тоглогчдын нэг болох "М-Ойл"-ыг амжилттай удирдаж яваа бүсгүй. 2002 онд МУИС-ийг банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн тэрбээр 2006 оноос буюу тун залуугаасаа "М-Ойл" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллах болжээ. Өдгөө тус компани 30 орчим шатахуун түгээх станц, 570 орчим ажилтантай, татвар төлөлтөөрөө жил бүр улсад эхний 20-д ордог болж өргөжөөд байгаад түүний оруулсан үүрэг  их гэдэг.

МАН- ААС НЭР ДЭВШИГЧ БҮСГҮЙЧҮҮД 

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг. Тэрбээр 2016 оноос Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайдаар томилогдсон. Баянхонгор аймагт төрсөн. МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1996 онд, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг 2000 онд, Голландын Маастрихтийн менежментийн их сургуулийг 2005 онд тус тус дүүргэсэн, англи, орос хэлтэй. Б.Батцэцэг нь 1996-2005 онд “Мөнхийн Үсэг” ХХК-ийн захирал, 2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хэлтсийн даргын албыг хашиж байсан.  Харин 2007-2015 онд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн УЗ-ийн дарга, 2010-2011 онд МАХН-ын ажлын албанд зөвлөх, 2011-2012 онд МАН-ын ажлын албанд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2015-2016 онд Сангийн  сайдын зөвлөхөөр тус тус ажилласан байна.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон шагналтай "Eagle" телевизийн хөтлөгч, сэтгүүлч Б.Жаргалмаа. Тэрбээр телевиздээ олон жил ажиллаж, өөрийн гэсэн өнгө төрхийг илтгэсэн "Бадарчийн Жаргалмаа" ярилцлагын нэвтрүүлэг хөтлөн явуулдаг. Энэ удаагийн сонгуульд МАН түүнд итгэл хүлээлгэн өрсөлдүүлэхээр шийджээ.

2016 оны сонгуульд МАН-аас өрсөлдөөд унасан П.Анужин энэ сонгуульд дахин үзээд алдах нь. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр үзэгчдийн хүндлэл хүлээн олноо танигдсан хөтлөгч. Түүний хувьд олон улсын хуульч мэргэжилтэй. Авьяасыг тордож зүлгэж чадвал хүний зүрх сэтгэлийг хөглөж чадах уран бүтээл туурвиж болохын тод томруун жишээг нотолж чадсан авьяаслаг бүсгүй. Гэвч “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хар бичлэг алдагдаж, олон нийтэд цацагдсанаар П.Анужин “Херо интертаймент”-ынхнаас зам салахад хүрсэн билээ. Тэрбээр улс төрд орохоор эргэлт буцалтгүй шийдсэн бололтой.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа. Залуухан, бас боловсролтой эмэгтэй. МАН-ын нарийн бичгийн дарга хийж явсан тэрээр өнгөрсөн сонгуульд нэр дэвшилгүй сугарч үлдсэн. Энэ удаад харин үзээд алдана гэдгээ ил тод зарлаж буй. Дэлхийн шилдэг 100 залуу, Азийн шилдэг 25 залуу улстөрчид нэр нь багтдаг түүнд У. Хүрэлсүх дарга итгэл хүлээлгэж байгаа  аж. Тэрбээр Хятад, Англи хэлтэй.

БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан. Он гармагц ажлаа өгч ирэх  сонгууль үзнэ гэдгээ  зарласан цөөн хүмүүсийн нэг нь БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан.  Ц.Цогзолмаа сайдтай шүүхдэлцэж,  ажлаа хэд өгч хэд авсан. Гэсэн ч бууж өгдөггүй нэгэн. Өнгөрсөн сонгуулиар төрсөн дүү жүжигчин Б.Амарсайханаараа чүдэнз зуруулж, МАН-ын пиарын сургалт хариуцан ажилласныхаа шанд  төрийн нарийн бичгийн албан тушаал авсан гэлцэн ярилцдаг билээ.

 

МАН-ын стратеги академийн захирал Ц.Мөнхцэцэг. Доктор Ц.Мөнхцэцэг хэдийгээр улс төр судлаач ч улс төрд сүүлд орж ирээд, шууд л МАН-ын дэргэдэх судалгааны академийн захирал, НАМЭХ-ны Гадаад хамтын ажиллагаа хариуцсан дэд Ерөнхийлөгч болсон. НАМЭХ-ны дэд Ерөнхийлөгч болбол нэр дэвших нь бараг тодорхой болдог тул тэрээр жоохон амбицлахад УИХ-д суух магадлалтай.  Тэрбээр хэл ус, боловсрол сайтай, улс төрд шинэ хүн.

"ШИНЭ" НАМААС НЭР ДЭВШИГЧ БҮСГҮЙЧҮҮД

Удирдлагын академийн багш, доктор Лхагвадоржийн Ариунаа. Эдийн засагч, инженер мэргэжилтэй. Монголын менежментийн холбооны гишүүн. 1984-1990 онд Одоогийн Екатеринбург хотын Уралын Их сургууль төгссөн. 1990-1995 онд Төрийн өмчит Дулааны 4-р цахилгаан станцид цахилгааны инженер. 1995-1997 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт бизнесийн удирдлагын магистр. 1997-2000 онд Удирдлагын академийн эдийн засгийн тэнхимийн багш. 2000-2001 онд ХБНГУ-ын Потсдамын Их сургуулийн Төрийн удирдлагын магистр. 2005-2010 онд Эдийн засгийн ухааны доктор. 2010 оноос одоог хүртэл Удирдлагын академид Эдийн засгийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна. Орос, Англи, Герман хэлтэй.

Хүний эрхийн хуульч, "ШИНЭ" намын дэд дарга Цэрэнхүүгийн Баттуяа. Улаанбаатарын унаган охин Цэрэнхүүгийн Баттуяа Польш улсад боловсрол эзэмшиж, хүний эрхийн чиглэлээр дагнан ажилласан чадварлаг хуульчдын нэг юм.  Төрд шургалсан "хулгайч" нараас салж, өөрчлөлт хийхийг зорьж буй тэрбээр итгэл үнэмшлээрээ "ШИНЭ" намд элсэж, Баянзүрх дүүргээс нэр дэвшихээр болоод байна.

Зээлдэгчдийн холбооны тэргүүн Цэрэндоржийн Солонго.  Багш, сэтгэл зүйч, эрх зүйч мэргэжилтэй. Боловсрол судлалын магистр, сэтгэл судлалын доктор. "Энх энх" ХХК-ийн захирал,  МЗХ-ны Залуу удирдагч сангийн гишүүн. Шударга эрүүл нийгмийг бий болгоход хувь нэмрээ оруулахыг зорьж сонгуульд өрсөж буй. 1985-1989 онд Киев Биеийн тамирын дээд сургуулийг багш мэргэжлээр дүүргэж, 2000-2001 онд Удирдлагын академид бизнес удирдлагын менежерээр суралцсан.  2002-2003 онд МУБИС-д магистр, 2003-2005 онд МУИС-д сэтгэл судлалын доктороор суралцаж, хамгаалсан. 2014-2016: онд ИЗИС-ийг  эрх зүйчээр төгссөн.

"ХҮН" НАМЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛ

Б.Мөнхсоёл 1975 оны тавдугаар сарын 26-нд төрсөн. Тэрбээр 1992-1997 ТИС-ийн харъяа Компьютер Техник Менежментийн сургуулийг Эдийн засаг, бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй төгссөн. 1999-2001 онд Тайландын Азийн Тенхологийн Институтэд Олон улсын бизнесийн удирдлагын магистр цол хамгаалсан. 2000-2001 онд Франц улсын Европын Бизнесийн Сургууль суралцаж, Олон улсын санхүүгийн чиглэлээр магистр хамгаалж байжээ. Хамгийн сүүлд 2010-2011 АНУ-д Мичиганы Их Сургууль суралцсан.   АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн “Говийн бүсийн эдийн засгийн өсөлт” төслийн Бизнесийн хөтөлбөрийн ажилтан,  "Нээлттэй Нийгэм Форум"-ын Эдийн засгийн хөтөлбөрийн менежер,  Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (ГОУХАН) Эрчим Хүчний Үр Ашиг төслийн Ахлах экспертээр ажиллаж байсан.  2019 оны тавдугаар сараас Үндэсний Стратегийн Хүрээлэнгийн захиралаар ажиллаж буй боловсрол мэдлэгээрээ хэнээс ч дутахгүй эмэгтэй.

МАХН НАМААС НЭР ДЭВШИГЧ БҮСГҮЙЧҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛ

Сэтгүүлч Үл-Олдох.  "Аварга Тосонгоос аврал эрэх хэрэггүй”, “Хөдөө арлыг хөдөөгөөр нь үлдээе”, “Сүхбаатарт харин ч цөөхөн лиценз олгосон гэнэ үү”, “Жанжны нутаг сүйрлийг ирмэгт” зэрэг сурвалжилга, асуудал дэвшүүлсэн нийтлэлүүдээрээ 2019 оны сонины шилдэг сэтгүүлч хэмээх алдрын эзэн болсон, "Зууны мэдээ" сонины тоймч бүсгүй юм.