-“Хөрс хамгаалах үндэсний өдөр”-тэй холбогдуулан асуухад, Монгол Улсын хөрс хамгаалах бодлогын талаарх баримтлалыг асуух гэсэн юм. “Хотын утаанаас илүүтэй хөрсний бохирдол аюултай. Хөрс эрүүл байж хүний орчин эрүүл байдаг” гэдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-“Хөрсний бохирдол хотын утаанаас илүү аюултай, хөрс эрүүл байж хүний орчин эрүүл байдаг” гэж таны хэлсэнтэй санал нэг байна. Хөрс хамгаалах бодлогын талаар гэвэл Монгол Улсын Их Хурлаас 2012 онд “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай” хуулийг баталсан. Энэ хуульд хөдөө аж ахуйн газрын, хот тосгон, суурин газрын, тусгай хэрэгцээний газрын, ойн сангийн газрын хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгасан байдаг.
Дээрх хуулинд хот тосгон, суурин газрын хөрс хамгаалах гэсэн зүйлийг тусгасаны дагуу НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 66 дугаар тогтоолоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг “Нийслэлийн хөрс хамгаалах өдөр” болгон зарласаннь нийслэлийн хөрсөн дэх олон жилийн хуримтлагдсан бохирдлыг бууруулах талаар тодорхой бодлого хэрэгжүүлж эхэлснийг харуулж байна.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 149 дүгээр тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийг “Хөрс хамгаалах үндэсний өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтоосонтой холбогдуулан, сүүлийн жилүүдэд хөрс хамгааллын асуудал, хөрсний бохирдол, нөхөн сэргээлтийн технологийн шийдлийн талаарх асуудлыг тодорхой түвшингүүдэд ярих болсон нь сайшаалтай байна. Цаашид зөвхөн Улаанбаатар хотын хөрсний бохирдлоор тогтохгүй нийт Монгол орны хэмжээнд, ялангуяа, уул уурхайн нөлөөгөөр маш их ухсан нүх, шороо үүсч байгаа, газар тариалангийн талбайн хөрс маш ихээр эвдэрч үржил шим нь буурч байгаа, мал аж ахуйд бэлчээрийн даацтай холбоотойгоор бэлчээрийн талхагдал ихэссэн, байгалийн болон хүний хүчин зүйлийн нөлөөгөөр цөлжилт улам ихсэж байгаа энэ үед хөрс хамгаалах өдөртэй болсон нь маш чухал шийдвэр болсон гэж бодож байна. Эдгээр бодлогын хүрээнд хийгдэх ажлуудыг хэрэгжүүлэх чиглэлээр манай компани идэвхтэй ажиллаж байна.
-Нийслэл хотод хүн амын дийлэнх нь амьдарч байгаа. Тэгэхээр их хотын хөрс хамгаалах ажил хэрхэн шинжлэх ухааны үндэстэй явж ирсэн бол. Үүнд мэргэжлийн хүний хувьд ямар тайлбар өгөх вэ?
-Нийслэлийн хүн амын төвлөрөл ихсэх тусам хөрсний хүнд металлын агууламж, нянгийн бохирдол нэмэгдэж, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулах болоод удаж байна. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хөрс нь иргэдийн ахуйн хэрэглээний хог хаягдал, гэр хорооллын нүхэн жорлон, ил задгай угаадасны нүх зэргээс үүссэн органик буюу нянгийн бохирдол, хот дотор үйлдвэрлэл явуулж буй арьс ширний үйлдвэрийн хог хаягдал, мөн автомашины засвар, тос масло солих үйлчилгээ явуулж буй төвүүд, автомашины угаалгын газруудын хог хаягдлаас үүдэлтэй хүнд металлын бохирдол гэсэн хэлбэрүүдээр бохирдож байна. Мөн Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн 90 гаруй хувь нь инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй учраас нүхэн жорлон ашиглаж байна. Иймд гэр хорооллын бие засах газар нь стандарт шаардлага хангахгүйгээс энгийн нүхэн жорлонгоос шууд хамааралтай хөрс, ус, орчны бохирдол нэмэгдэж байна. Гэр хорооллын жорлонгийн бохир усны цооног, бие засах газрыг дүүрсэн үед шороогоор булж, зэргэлдээ газар дахин нүх ухдаг нь хөрсийг асар ихээр бохирдуулсаар байна.
Энэ тулгамдсан асуудлыг анхаарч, шийдвэрлэх зорилт дэвшүүлсэн шинжлэх ухааны үндэстэй судалгааны ажлууд сүүлийн жилүүдэд нэлээдхийгдэх болсон. Үүнд бидний хийсэн судалгааны ажлууд ч багтаж байгаа. Бид салбарын эрдэмтэн судлаачидтай хамтран нийслэл хотын нутаг дэвсгэрийн хөрсний бохирдлыг судлах онолын судалгаа хийхээс гадна хөрсний бохирдлыг бууруулах, зогсоох, ариутган цэвэршүүлэх чиглэлээр 10 гаруй жил судалгаа явуулсны үндсэн дээр хүн, амьтан, ургамал байгаль орчинд сөрөг нөлөөгүй, шинэ технологи боловсруулан микробиологийн дэвшилтэт биобэлдмэлүүдийг шинээр гарган авч, үйлдвэрлэн хэрэглээнд нэвтрүүлж байна. Нийслэлийнхээ хөрсний болон байгаль орчны бохирдол дээр Шинжлэх ухааны академи уг нь санаа тавин нийслэлтэйгээ гэрээ байгуулан ажиллаж байгаа хэдий ч ихэнхи ажил тендрийн шугмаар явагддаг учраас тэр болгон зорьсон үр дүнд хүрэхгүй байна л даа.
-Хөрсний доройтол энэ хэвээр үргэлжилбэл цаашид ямар дүр зураг төсөөлөгдөж байна?
-Миний хувьд болон хөрсний чиглэлээр олон жил судалгаа хийсэн эрдэмтдийн төсөөллөөр цаашид энэ янзаар 40-50 жил үргэлжилбэл манай орны ихэнх нутагт мал бэлчих бэлчээргүй, тариа тарих талбайгүй, ухсан нүх, овоолсон шороо, хэрсэн зам болж үлдэхээр байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот үндсэндээ хөрсгүй болсон ба газар шорооны бохирдолд нэрвэгдээд байна. Ийм учраас цаашид төр засаг хөрс хамгаалах чиглэлээр дорвитой арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй. Нөгөө талаар хөрс хамгаалал, хөрсний бохирдлыг бууруулах, үржил шимийг сайжруулах, нөхөн сэргээхэд эрдэмтэн судлаачдыг оролцуулан шинэ дэвшилтэт технологийн шийдлүүдийг дэмжин ажиллах шаардлагатай байна..
-Өнөө жил “Ковид-19”-ийн цар тахал дэлхий нийтийг нөмөрч Монгол Улсынхэмжээнд ч айхтар нөхцөл байдал үүсээд байна. Цаашид улам хүндрэх төлөвтэй байна. Энэ цагт ариутгал халдваргүйжүүлэлтийн асуудал хамгийн чухал. Ёстой аминд тулсан асуудал болоод байгаа. Таны компани л улс орны гол амин чухал асуудлыг дааж авах нь мэдээж. Та бүгдээс л Монголчуудын цаашдын ирээдүй, амь амьдрал хэмжигдэх юм шиг санагдаад байхын. Магадгүй сүржин асуулт байж мэднэ, гэвч бодит байдал ийм л байна?
-Шинэ төрлийн короновирус дэлхийн олон улсад дэгдсэнтэй холбоотойгоор манай улсын хувьд онцгой байдал зарлан, тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх олон төрлийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.Дэлхий даяар нийт 5 сая гаруй хүнд халдварлаж, гурван зуу гаруй мянган хүний аминд хүрээд байгаа цар тахлын аюул өндөр хөгжилтэй гэгддэг олон орны эдийн засагт хүндрэл учруулж байхад жижиг эдийн засагтай манай орон энэ цар тахал дэгдэхээс урьдчилан сэргийлэх нь туйлын чухал юм. Урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжүүдийг дагахын хамт орчны ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлуудыг тогтмол хийх хэрэгтэй гэж бодож байна. Агаар, хөрс, ус гурав хоорондоо нягт холбоотой. Утаанд агуулагдах хорт бодисууд, тоосонцрууд хөрсөнд бууж хөрсний өнгөн хэсэгт бохирдол үүсгэн цаашлаад хөрсөнд шингэж гүний усыг бохирдуулах аюултай. Хөрсний бохирдол аль ч улиралд агаар дуслын замаар дамждаг. Хөрс эрүүл байж хүнс эрүүл байна, хүнс эрүүл байж хүн эрүүл байна шүү дээ.Манай компани нийслэлийн гэр хороолол, нийтийн эзэмшлийн гудамж талбай, автобусны буудал, аж ахуйн нэгжүүд, үйлчилгээний төвүүд гээд ариутгаж болох бүх газруудыг нийслэлээс өгсөнудирдамжийн дагуу бусад ариутгалын компаниудын адилаар нийгмийн хариуцлагын хүрээнд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилд идэвхтэй оролцон ажиллаж байна.
-Манай улс хөрсний бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар авч хэлэлцэж буй асуудал, явуулж буй үйл ажиллагааны талаар?
-Манайорны хувьд байгаль орчны бохирдлын асуудалд онцгой анхаарах цаг нь ирсэн гэдгийг мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын өргөн хүрээг хамарсан судалгааны үр дүнгүүд илтгэдэг. Байгаль орчны бохирдлыг зогсоож, хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар цогцоор нь шийдвэрлэх, шийдвэрлэж амжаагүй ажлуудын эхлэлийг нь зөв тавих, хууль, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх цаг нь болсон. Эрдэмтэн судлаачдын хувьд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх арга зам, байгаль орчны бохирдол, урьдчилан сэргийлэх, зөвлөмж, тодорхой технологийн шийдлүүдийг төрийн байгууллагуудад хүргүүлсээр ирсэн, түүнийг төр засаг түүнийг авч бодитоор хэрэгжүүлэх нь чухал болоод байна. Дэвшилтэт технологи нэвтрүүлэхээс гадна нь хөрсний бохирдлыг бууруулах, бохирдлоос хамгаалахад ард иргэд болон аж ахуйн нэгж, төр засгийн идэвхтэй оролцоо, мөн хөрсний бохирдлын уршгийн талаарх ойлголтыг иргэдэд өгөх нь маш чухал юм. Бид хөрс хамгаалахаас гадна , газар тариалан, гол нуур, ой модыг хамгаалахад шаардлагатай байгальд ээлтэй, дэвшилтэт технологиудыг боловсруулж, цуврал бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн хэрэглээ болгон хэвшүүлэхээр зорин ажиллаж байна.
-Та хэрэглээ болгохоор ажиллаж байгаа байгальд ээлтэй ашигтай бичил биетний технологийн талаараа танилцуулаач?
-Дэлхий нийтээрээ ногоон хэв загварт шилжиж тогтвортой хөгжлийг бий болгоход эрмэлзэж байгаа өнөө цагт шинжлэх ухааны ололт, дэвшилтэт технологийн байгаль орчинд үзүүлэх хор хөнөөлийг нь хэрхэн хамгийн бага түвшинд хүргэх арга замыг эрэлхийлж байна. Ашигтай бичил биетний технологийн бэлдмэлийг товч танилцуулахад уг биобэлдмэл нь хэрэглэхэд хялбар, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, биологийн гаралтай, байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэнд болон биологийн олон янз байдалд сөрөг нөлөөгүй, өнөө цаг үеийн үзэл баримтлалд нийцсэн бэлдмэл юм. Ийм учраас энэхүү биобэлдмэлийг албан байгууллагууд ард иргэд хэрэглэж хэвшиж, эрүүл орчинд амьдрах нөхцлөө өөрсдөө бүрдүүлэх боломжтой юм. Мэргэжлийн эрдэмтэдтэйгээ хамтран манай орны хөрсөнд зохицон амьдрах чадвартай бичил биетний цэвэр өсгөврийг ялган аваад байгаа нь бидний бас нэг ололт юм.
-Танай Гарааны компани ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна, өөр ямар шинэ технологиудыг боловсруулж, амьдралд нэвтрүүлж байгаа вэ?
-Манай “Гарааны Технологийн Инкубатор” ХХК нь инновацийн хуулийн дагуу байгуулагдсан анхны Гарааны компани юм. Компаний үндсэн үйл ажиллагааны чиглэл нь микробиологи, биотехнологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдаалах, ногоон байгууламж, байгаль орчны чиглэлээр ажилладаг юм. Бид өнгөрсөн хугацаанд байгаль орчин, газар тариалан, мал аж ахуй, жимс жимсгэнэ боловсруулах чиглэлээр 30 гаруй технологиудын туршилт зүгшрүүлэлтүүдийг хийсэн. Эдгээрээс 10 гаруй технологи үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрээд байна.
Заримаас нь сонирхуулбал манай гарааны компани газар тариалан, уул уурхай, хөрсөө хамгаалах , мөн ой модоо хамгаалах чиглэлээр ажиллаж байна. Газар тариалангийн салбарт сүүлийн жилүүдэд их ургац авах зорилгоор химийн бордоогоор олон жил тасралтгүй бордсноос болж газар тариалангийн талбайн хөрсний үржил шим муудаж газар тариалангийн талбайн ихэнхи хувь хөрсний элэгдэл гэмтэлд орсон ийм учраас бид хөрсний үржил шим сайжруулах амьд бакери бүхий “Их ургац” биобордоо мөн хөрсийг , эрүүлжүүлэх , хөрсний нөхөн сэргээлт хийхэд хэрэглэх “Био-Эко” биобэлдмэлийг үйлдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл шимгүй болсон хөрсөнд буцааж шим тэжээл бордоо өгөх бактерийн бордооны технолги боловсруулан үйлдвэрлэж байна. Мөн монгол орныхоо ойн модны хортон шавжийг устгах нэрийдлээр химийн хорыг онгоцоор цацаж ойгоо хамгаалах биш хордуулах нөхцөл үүсэж байгаа тул манай компани эрдэмтдийн хамт модлог бутлаг ургамалд нэн шаардлагатай химийн бус “Ургамал- Эко” биобэлдмэлийг үйлдвэрлэж эхлээд байна. Бид химийн бордоо болон хорыг битгий хэрэглэ гэж байгаа юм биш бизнесийн ашгаа нэн түрүүнд тавихгүйгээр, сайхан байгаль орчноо хамгаалж онолын хувьд зүй зохистой хэрэглэхийг л уриалж байгаа юм.
-Танай байгууллага шаардлагатай олон технологиудыг боловсруулан бүтээгдэхүүн болгон гаргажээ. Цаашид шинэ бүтээгдэхүүнээ зах зээл гаргах, дахин шинэ технологибойжуулахад ямар асуудал , бэрхшээлүүд байна вэ?
-Манай оронд шинжлэх ухааны хөгжил удаашралтай байгаа гол шалтгаан нь шинжлэх ухааны санхүүжилт бага байгаатай шууд холбоотой. Технологийн туршилт зүгшрүүлэлт хийсэн бүтээгдэхүүнүүдийг ихээр үйлдвэрлэж зах зээлд гаргахын тулд хөрөнгө оруулалт буюу санхүүжилт зайлшгүй хэрэгтэй. Шинжлэх ухааны салбараас зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүнийг хэн гаргах вэ, эрдэмтэн судлаачид л гаргана. Тэдний лабораторид бэлтгэсэн шинэ технологийг үйлдвэрлэлийн түвшинд боловсруулж зүгшрүүлэх нь хамгийн чухал юм. Ийм учраас бодит хөрөнгө оруулалт, дэд бүтэц бүхий барилга байшин, өндөр үзүүлэлт бүхий орчин үеийн тоног төхөөрөмжүүд байх ёстой ингэснээр эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэхэд том дэвшил гарах юм. Нөгөө талаар инновацийн хууль болон бусад хуулиудад ч байдаг л даа эрдэмтдийн боловсруулаад гаргаад ирсэн импортыг орлох инновацийн бүтээгдэхүүнүүдийг төр засаг худалтан авалтаар дэмжинэ ээ гээд. Өнөөдөр энэ хууль, журам амьдрал дээр хэрэгжихгүй бүх ажил тендерийн шугамаар явж Монголд үйлдвэрлэж байгаа зарим бүтээгдэхүүнийг гаднаас өндөр үнээр авч байгаа учраас гарааны компаниуд, жижиг дунд үйлдвэрлэл, Инкубаторууд эдийн засгийн хувьд чадавхижиж чадахгүй байгаа учраас хөгжил удаан байгаа юм.
Ярилцсан Н.Гантулга