Ган бөөрөнцгийн цехэд орчин үеийн дэвшилтэт индукцийн технологи нэвтрүүлсэн. Үүнтэй холбогдуулан үйлдвэрлэлийн процессын автоматжуулалтыг сайжруулах чиглэлээр Баяжуулах үйлдвэрийн Цахилгаан хөтлүүр автоматикийн хэсгийнхэн амжилттай ажиллажээ. Энэхүү ажлын гүйцэтгэгч хамт олны төлөөлөл Цахилгаан автоматжуулалтын инженер М.Оч-Эрдэнэ, программ хангамжийн инженер Б.Жарканбек нартай уулзаж ярилцлаа.
-Энэ ажлыг танай хэсгийнхэн хийх болсон шалтгаан юу байв?
-М.О: Хоёр цехийн хамтын ажиллагааны хүрээнд бид энэ ажлыг гүйцэтгэсэн. Манай хэсгийнхэн Ган бөөрөнцгийн цехэд техникийн үйлчилгээ хийдэг. Энэ явцад ган бөөрөнцөг цувих үйл явцыг түргэсгэх, найдвартай ажиллагааг дээшлүүлэх зорилгоор автоматжуулалтыг илүү сайжруулах шаардлага тулгарсан. Ингээд бид уг цехийн зогсолтын үеэр шинэ технологит нь нийцүүлэн төсөл зохиож, тоног төхөөрөмжийн удирдлага, хяналтыг хялбаршуулсан. Үүнийг S7-300 контролёр ашиглан Монгол инженерийн шийдлээр хийсэн.
-Энэ хүрээнд ямар ажил хийсэн бэ?
-Б.Ж: Ган бөөрөнцөг үйлдвэрлэх шугамын гол тоног төхөөрөмжүүдийн хурдыг удирдах, залгах, салгах тохиргоог схемийн энгийн шийдлээр хийсэн.
-Энэ ажлын онцлог, үр дүнгийн талаар юу хэлэх вэ?
-М.О: Зөвхөн хувиргагч, контролёр, дэлгэцээс хянадаг байсан бол гурвууланг нь нэг цогц систем болгосон. Энэ ажлыг хоёр сар гаруйн өмнө хийсэн. Одоогийн байдлаар найдвартай сайн ажиллаж байна. Бид тоног төхөөрөмж зогсох болгонд дуудагдан ажилладаг байсан. Энд ажиллаж буй хүмүүс ч сайжруулалтад сэтгэл ханамжтай байгаа. -Б.Ж: Тус цехийн 80, 100-ийн голчтой бөөрөнцөг цувих дамжуургуудын хурд, амраах зуухны температур нь өөр өөр байдаг. Энэ бүгдийг нэг дэлгэцээс тохируулж, хянах боломжтой болсноороо давуу талтай.
-Та бүхний хийсэн сайжруулалтын ач холбогдол юу вэ?
-М.О: Давтамж хувиргагч тавьснаар эргэлдэгч тоног төхөөрөмжийн хурдыг технологитоо тохируулан хүссэнээрээ өөрчлөх боломжтой. Хувиргагч техник нь зөөлөн асаах горимтой. Хурдыг эргэлдэх тоног төхөөрөмждөө тохируулан багасгаснаар цахилгаан эрчим хүч хэмнэнэ. Хяналт, удирдлагыг нэгтгэснээр хөдөлмөр хөнгөвчилнө. -Б.Ж: Манай хэсгийнхэн төсөл зохиож, угсарч, програмчлан, давтамж хувиргагч дээр тохиргоог цогцоор нь хийлээ. Гаднаас тоног төхөөрөмж авч, мэргэжилтнээр хийлгэсэн бол 250 орчим мянган ам.доллар болох байлаа. Үүнийг дотоод нөөц бололцоогоо дайчлан S7-300 контролёр ашиглан, үндэсний инженерүүд хийснээр төдий хэмжээний зардал хэмнэлээ.
-Удирдлага хяналтыг цогц системд оруулсан ийм ажил өмнө нь хийж байсан уу?
-М.О: Манайх Simens фирмийн S7 төрлийн контролёрууд дээр автоматжуулалтын ажил дагнан хийдэг. Бидэнд ажлын туршлага хангалттай бий. Хувиргагч, контролёр, дэлгэцийг цогцоор нь нэг системд оруулсан ийм ажил манайд ховор хийгддэг. Контролёроо хувиргах техниктэй хослуулан уялдуулсан нь залуу инженерүүдэд туршлага болохуйц үр өгөөжтэй ажил болсон гэж бид үзэж байгаа.
-Энэ ажлыг хэр хугацаанд хэдэн хүний хүчээр гүйцэтгэв?
-М.О: Нэг сарын турш 10 гаруй хүн оролцож ажиллалаа. Шкафны материалын бэлдэц, суурилуулалт, угсралт, схем боловсруулалт, програмчлал зэрэгт хүмүүсээ хуваарилан ажилласан. Эхлээд бид ажлын байрандаа угсарч, зарим нэг туршилт хийсэн. Хөдөлгүүрийн хурд, ажиллагааны горим, түүнчлэн технологийн процессыг судалсны үндсэн дээр үйлдвэрийн тоног төхөөрөмж дээр суурилуулсан. -
Энэхүү автоматжуулалтын ажил гүйцэд болсон уу?
-М.О: Энэ цехийн ажилтнуудын санал, хүсэлт дээр үндэслэн нэмж сайжруулах зүйл гарч байна. Тухайлбал өдөрт гаргаж буй бэлдцийн тоолуур тавих. Мөн хөргөлтийн усны сэнсний хурдыг тохируулах нэмэлт ажил байна. Усаа хөргөөд, буцаан ашигладаг технологитой. Энд хувиргагч тавьснаар цахилгаан эрчим хүч хэмнэх юм. Энэ мэтчилэн сайжруулах санал гарч байна. Бид энэхүү ажлыг өөрсдөө хийсэн болохоор цаг алдахгүй илүү автоматжуулж, найдвартай ажиллагааг хангах боломж бүрдсэн.
-Үйлдвэрийн тоног төхөөрөмж шинэчлэгдэж байгаатай уялдан, та бүхэн байнга шинэ технологит суралцах хэрэгцээ гардаг байх. Сургалтад хэр хамрагддаг вэ?
- М.О: Биднийг сургах тал дээр удирдлагын зүгээс маш их анхаардаг. Жил бүр манайхнаас гадагшаа мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулдаг. Өнгөрсөн жил бид хоёр Новосибирск хотод удирдлагын системийн автоматжуулалтын 21 хоногийн сургалтад хамрагдсан. Бид шинэ тоног төхөөрөмжийн автоматжуулалт, програмчлалыг бие даан хийхийг эрмэлзэж байгаа. Схем зургийн хувьд ч судлах зүйл их бий. - Б.Ж: Би программ хангамжийн инженер. Манай хэсэг хувиргах техник, цахилгаан, электроник зэрэг олон салбарыг хослуулан ажилладаг. Ийм болохоор сонирхолтой энэ ажлаасаа би олон зүйлийг суралцдаг. Энэчлэн Баяжуулах үйлдвэрийн Цахилгаан хөтлүүр автоматикийн хэсгийн оюунлаг залуус автоматжуулалтын томоохон ажлыг өөрсдөө бие даан гүйцэтгэсээр байна. Тухайлбал: Хаягдлын аж ахуйн булинга шахах дөрөвдүгээр насосны өндөр хүчдэлийн давтамжийн хувиргагчийн суурилуулалт, тохируулга, угсралтыг энэ хавар хийжээ. Цар тахлын улмаас ирж амжаагүй Германы мэргэжилтнүүдийн хийхээр төлөвлөсөн энэ ажлыг тэд чанарын өндөр түвшинд хийж, хүлээлгэн өгчээ. Ийнхүү Монгол инженерийн мэдлэг шингэсэн олон шийдэл оновчтой байж, Эрдэнэт үйлдвэрийнхээ бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.
Я.Энхтуяа Фото: Б.Баттөгс