Төрийн тугийг есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлж, буцаан залав

A- A A+
 Төрийн тугийг есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлж, буцаан залав

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүллээ.

Төрийн тугийг Төрийн ордноос жанжин Д.Сүхбаатарын талбайд залж, есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлж, Ёслол хүндэтгэлийн танхимд буцаан залав. 

Төрийн бэлэг тэмдгийн тухай хуульд заасны дагуу Төрийн тугийг Үндэсний их баяр наадмын өмнөх өдрүүдэд цэнгүүлж, баяр наадмын өдөр баяр наадмын төв талбайд хүндэтгэн залдаг.

Мөн Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэн залах журамд заасны дагуу Төрийн тугийг хүндэтгэн залах ажиллагааг төрийн хонжин, тэргүүн тугч, тугчид гүйцэтгэх бөгөөд төрийн ёслолын торгон цэрэг хамгаална.

Түүнчлэн Төрийн тугийг Монгол Улсын бүх аймгийн адуун сүргээс шилж сонгосон цагаан зүсмийн азарганы дэл, сүүлээр хийсэн байдаг.

Ийнхүү 2020 оны долоодугаар сарын 10 буюу маргааш хязаалан насны морьдын уралдаанаар Үндэсний их баяр наадам эхэлнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.