"Модерна" компани 2021 оны дунд үеэр БНСУ-д 20 сая тун вакцин нийлүүлнэ

A- A A+

АНУ-ын биотехнологийн "Модерна" компани ирэх оны хоёрдугаар хагаст Өмнөд Солонгос улсад коронавирусний 20 сая тун вакцин нийлүүлэхээр тохиролцсон байна.

Цахимаар хийсэн хуралдааны үеэр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин, "Модерна" компанийн гүйцэтгэх захирал нар вакцин худалдан авах,  нийлүүлэх асуудал дээр зарчмын тохиролцоонд хүрчээ.

Өмнөд Солонгос анх "Модерна" компанитай вакцин худалдан авахаар яриа хэлэлцээ хийхдээ санал болгосон дүнгээс хоёр дахин их вакцин авахаар болсон байна.

Энэ он дуусахаас өмнө хоёр тал вакцин нийлүүлэлтийн гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Хэрвээ "Модерна"-тай гэрээ байгуулвал  Өмнөд Солонгос улс 50 сая хүнд хийх хэмжээний вакцин худалдан авах нь баталгаатай болох юм. Мөн цаашид Өмнөд Солонгосын компаниуд "Модерна" компанийн коронавирусний эсрэг вакциныг үйлдвэрлэх асуудлыг хэлэлцэхээр болжээ.

"Модерна" компани Өмнөд Солонгосын компаниуд үйлдвэрлэх хүчин чадал өндөр учраас вакциныг их хэмжээгээр үйлдвэрлэхэд тус улстай түншлэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ