БНЭУ дотоод, гадаадын хоёр вакцинд зөвшөөрөл өглөө

A- A A+
БНЭУ дотоод, гадаадын хоёр вакцинд зөвшөөрөл өглөө

Энэтхэг улс коронавирусний хоёр вакциныг түргэвчилсэн горимоор хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрчээ. Энэтхэгийн эмийн хяналтын ерөнхий газар дотоодын Бхарат биотех компанийн гарган авсан вакцин болон Британи-Шведийн хамтарсан АстраЗенека компани, Оксфордын их сургуультай хамтран гаргасан вакциныг коронавирусний халдвараас сэргийлэх эмнэлзүйд хэрэглэхийг зөвшөөрсөн байна.  

Дэлхийн вакцины хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг, Энэтхэгийн Серум хүрээлэн Оксфорд, АстраЗенека компанийн вакциныг үйлдвэрлэхээр гэрээ байгуулжээ. Тус хүрээлэн сард 50 сая тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна. Гэхдээ сард үйлдвэрлэх хэмжээг 100 сая тун болгож нэмэгдүүлэх хүчин чадалтай гэдгээ тус хүрээлэнгийн удирдлага мэдэгджээ. Энэтхэг улс Дэлхийн вакцины 60орчим хувийг үйлдвэрлэдэг, энэ салбартаа хүчин чадал, технологи, туршлагаараа тэргүүлдэг нь цар тахлын нөхцөлд илүү давуу талыг авч ирж байна. Оксфорд, АстраЗенека компанийн вакцин цельсийн 2-8 хэмд хадгалах горимтой учраас зуны улиралд 50 хэм хүрч халдаг Энэтхэг улсын хувьд уг вакцин бусад вакцинтай харьцуулахад түгээлт хадгалалтын хүндрэл гарахгүй давуу талтай гэж тооцож байгаа юм байна.

Харин Энэтхэгийн Бхарат биотех компанийн гарган авсан вакцины талаарх мэдээлэл бага байна. Уг вакцин коронавирусний эсрэг хэр үр дүнтэй нь тодорхойгүй байгаа юм байна. Энэтхэгт одоогоор коронавирусний эсрэг вакцин гарган авахаар 30 гаруй судалгааны ажил хийгдэж байна. 1,3 тэрбум хүн амтай Энэтхэг улс энэ оны 7-р сар гэхэд эхний ээлжид 300 сая хүнийг коронавирусний вакцинд хамруулахаар төлөвлөж байна.

Тэдгээр 300 сая хүнээс нэн тэргүүнд 90 гаруй мянган эмч эмнэлгийн ажилтныг дархлаажуулахаар бямба гарагт улс орон даяар сургуулилт хийсэн байна.  Энэтхэг нь ковид-19 цар тахлын халдварт тохиолдлын тоогоод дэлхийд Америкийн дараа хоёрт бичигдэж байна. Тус улсад 10,3 сая хүн халдвар авч, 150 гаруй мянган хүн нас баржээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ